Он гарснаас хойш 65 хүүхэд золгүй байдлаар амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Монгол Улс, тэр дундаа нийслэл Улаанбаатар хүүхдэд ээлгүй хот. Гэхдээ бид нэг амь эрсдэхэд асуудлын учгийг нь олж, хужрыг нь тунгааж, өөр олон амийг хамгаалах гэж төртэй, төрийн бодлогод илүү торгон мэдрэмж, аливаа асуудалд хүнлэг, энэрэнгүй хандана гэж эмэгтэйчүүдийг сонгодог. Одоо ч эмэгтэйчүүд аливаа асуудалд энэрэнгүй, хянуур ханддаг учраас улс төрд олноор оруулж сонгох ёстой гэсэн сурталчилгаа явсаар л байгаа.
Гэвч энэ парламентад сонгогдсон эмэгтэй гишүүдээс сошиал хуудастаа эмгэнэсэн пост хийхээс өөрөөр дорвитой асуудлыг шийдсэн, зорьсон хүн лав харагдахгүй байна.
Нэг биш, зургаа ч биш 65 амь. Амьдралын хатуу, хөтүүг туулж үзээгүй, аз жаргал гэж юу байдаг, амьдрал гэж юу вэ гэдгийг мэдэж ч амжаагүй тэр бяцхан зүрхнүүд яагаад, юуны учир, золгүй байдлаар амь насаа алдаж байна вэ. Үүний шалтгаан нөхцөл, асуудал нь хаанаа байна вэ гэдгийг судлаад, хайж олоод шийдэх гэж хэн ч дугарахгүй байна вэ. Ийм асуудалд эмэгтэйчүүд илүү өр нимгэн, асуудлыг ойлгож, шийднэ хэмээн эмэгтэйчүүдийг улс төрд сонгодог бус уу. Монгол Улс хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль гэх том хоёр хуулийг 2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Түүнээс хойш амь насаа алдсан хүүхдийн тоо хэд болсон, яагаад ийм харгис, аймшигтай, харуусмаар үйл явдлууд гараад байна вэ. Хүүхдээ хамгаалдаг хуулийн чинь хэрэгжилт ямар байна, юу нь болохгүй, яагаад үр дүнтэй, үгүйг нь нягталчих нинжин сэтгэл гарахгүй байна вэ, эрхэм гишүүд ээ.
Намынхаа томилгоо, эрх ашигтай асуудал дээр бүгдээрээ орж ирээд зурайтал кноп дардаг хэрнээ хүүхдийн асуудал дээр яагаад нэг ч дугарахгүй, юу ч хийхгүй байна вэ. Ядаж л бүрэн эрхийнхээ хугацаанд асуудлын шалтгаан нөхцөлийг олоход анхаарахгүй, бусдын анхаарлыг таттал асуудлыг ярихгүй байна вэ.
Ерөөсөө хүүхдийн асуудалд эр, эм гэлтгүй бүгд анхаардаг сонсдог байх ёстой. Золгүй байдлаар амь насаа алдсан 65 хүүхэд яагаад амиа алдсаныг шалгаж, тогтоогоод нийтийн сонсгол хийгээд нийтээр нь анхаарал хандуулаад асуудлыг шийдэхээс эхэлье, гишүүд ээ!
Ш.ШАРХҮҮ
Холбоотой мэдээ