Тэтгэврийг үр хүүхдэд нь өвлүүлдэг болъё !

Хуучирсан мэдээ: 2023.10.05-нд нийтлэгдсэн

Тэтгэврийг үр хүүхдэд нь өвлүүлдэг болъё !

Тэтгэврийг үр хүүхдэд нь өвлүүлдэг болъё !

Монголд өнөөдөр эрт үхвэл хохь, урт насалбал зол гэдэг ширэнгийн хууль үйлчилж байна.

Учир нь, даатгуулагч 30, 40 жил тасралтгүй хөдөлмөр эрхэлж, Нийгмийн даатгалын шимтгэл /НДШ/ төлдөг ч үр шимийг нь хүртэж чадалгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлж буй жишээ олон.

Даатгал хөгжсөн оронд дээрх тохиолдолд үр хүүхдэд нь тэтгэвэр өвлөгддөг хуулийн зохицуулалт үйлчилдэг. Ингэхдээ хэдий хэмжээний НДШ төлсөн байна, түүнийг нь өв залгамжлагчдад нь эргүүлэн олгодог. Энэ нь эргээд хөдөлмөр эрхлэгч бүр даатгуулагч байх сонирхлыг ч өдөөдөг. Жишээ татвал, АНУ-д өндөр настны тэтгэвэр тогтоолгоод удаагүй эхнэр, нөхөр зуурдаар нас барвал тэтгэврийг нь даатгуулагчийн ар гэрийнхэнд өвлүүлдэг. Хэрэв өв залгамжлагч насанд хүрээгүй бол тэтгэврээ тогтоолгох хүртлээ буюу 40 жилийн турш ч мөнгөн хуримтлалыг нь өвлөх тохиолдол ч бий аж. Хэрэв тэтгэврээ тогтоолгосон эхнэр, нөхрийн аль нэг нь нас барсан бол үлдсэнд нь татварын шимтгэлгүйгээр тэтгэврийн дансанд нь шилжүүлэн, хэрэглэж болдог.

Итали улсад нас барсан тэтгэвэр авагч эхнэргүй, эсвэл нөхөргүй бол үр хүүхдэд нь хэрвээ үр хүүхэдгүй бол хамгийн ойрын хамаатнуудад нь тэтгэврийг нь өвлүүлдэг байна.

Харин Монголд эсрэгээрээ. Хэчнээн ч сая төгрөгийг НДШ-д төллөө ч нас барсан бол оршуулгын зардал нэрээр нэг сая төгрөг л буцаан авна. Үүнээс өөр нөхөн төлбөр буцаан авах боломжгүй.

УИХ-аас өнгөрсөн хавар Нийгмийн даатгалын тухай багц хуулийн төслийг батлахдаа “Гэрлэлтээ бүртгүүлж, 20 ба түүнээс дээш жил хамт амьдарсан эхнэр, нөхөр /өндөр насны тэтгэвэр авагч/-ийн аль нэг нь нас барсан тохиолдолд үлдсэнд нь тэтгэврийг нь 20 хувиар нэмэгдүүлэн олгоно гэж заасан ч энэ нь нийт тэтгэвэр авагчдад хамаарах боломжгүй. Шалтгаан нь, дээрх хуулийн үйлчлэлд хамрагдахын тулд эхнэр, нөхөр хоёр 20 жил хамт амьдарсан байх ёстой.  Тодруулж хэлбэл, хоёр буурай хамтдаа амьдраад 20 жил болоогүй бол тэтгэврийнх нь 20 хувийг үлдсэн нь нэмж авах боломжгүй юм.

Гэвч эрх баригчид ирэх жилийн сонгуулийн улс төрөө хэдийнэ эхлүүлчихсэн “Тэтгэвэр өвлөгддөг боллоо" хэмээн попорч, хөгшдийн толгойг эргүүлж байна.

Монгол Улсад өнөөдөр 364,6 мянган ахмад настан амьдарч буй мэдээлэл бий. Ахмадуудын 67.5 хувь нь буюу 180 мянга нь ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй байгаа нь тэтгэвэр нь амьдралд хүрэлцдэггүйтэй холбоотой.

Засгийн газраас өнгөрсөн долдугаар сард ахмадуудын тэтгэврийг итгэлцүүрээр, мөн 10 хувиар нэмсэн. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Нийт тэтгэвэр авагчдын гуравны хоёрынх нь тэтгэврийн зөрүү арилсан “ гэдэг тайлбарыг тухайн үед хийсэн ч 70 гаруй хувь нь буюу 260 мянга гаруй нь өнөөдөр 550 мянган төгрөгийн тэтгэврээр амь зуухаар тэмэлдэж байгаа юм.

Хонины гулууз мах 200 мянга давж буй энэ цаг үед тэтгэврийн 550 мянган төгрөгийнхөө хэдээр нь махаа, хэдээр нь ногоогоо, хэдийг нь эмэндээ өгөх вэ гэдэг хүндхэн сонголттой тулж буй. Өвдөхгүйн тулд арга буюу эмээ авч, толгой шийр, таван цулаар амь зогоож сар өдрүүдийг улирааж буй ахмад ч олон.

Харин эрх баригчдын хувьд энэ зовлонг ойлгодог нь гарын таван хуруунд багтахаар цөөн. Дараагийн сонгуулиар яаж ахмадуудаас санал авч, ахин сонгогдох вэ гэдэг нь л чухал болохоос биш амьдралд нь хүрэлцэхүйц тэтгэврийн тогтолцоог яаж бүрдүүлэх вэ гэдэгт анхаарал хандуулалгүй өнгөрсөн долоон жилийг алдлаа гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй биз ээ. Нөгөө талдаа тэтгэвэр авагч эхнэр, нөхрийн аль нэг нь нас барсан тохиолдолд үлдсэнд нь тэтгэврийнх нь 20 хувийг нэмж олголоо ч 100 мянга орчим төгрөг л тэтгэвэр дээр нь нэмэгдэнэ.

Мөн дээрх зохицуулалт нь зөвхөн тэтгэврээ тогтоолгосон эхнэр, нөхөрт л хамааралтай болохоос биш нийт даатгуулагч тэтгэврээ үр хүүхэддээ өвлүүлэх эрхгүй байгаа нь НДШ-ийг 30, 40 жилийн турш төлснийхөө үр шимийг хүртэх боломжгүй болгож байна гэж тодорхойлж болно.

НДШ төлсөн даатгуулагч бүр хуримтлуулсан мөнгөө үр хүүхэддээ өвлүүлдэг болмоор байна гэдэг энэ асуудлыг хөндөхөөр эрх баригчид “Нийгмийн даатгалын сангийн алдагдал жил бүр өсч байна. Сан даахгүй” гэдэг асуудлыг сөргүүлэн тавьдаг. Гэвч малчдын Нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс даах нэрээр санд ачаалал үүсгэн, татвар төлөгчдийнхөө нурууг амраадаггүй. Дээр нь үйл ажиллагаа нь доголдолтой банкинд даатгуулагчийн мөнгийг хэдэн зуун тэрбумаар нь байршуулж эрсдэлд оруулдаг. Аудитын байгууллагаас зөвлөмж өгсөөр байхад эрсдэлтэй банкинд Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг байршуулсан тохиолдол бий. Жишээ татвал, 100 гаруй тэрбум төгрөгийг Капитал банкинд байршуулаад олж авч чадалгүй, дампууруулсан. Энэ бүхэн нь эцэстээ НДС-г алдагдалд оруулж, төсвөөс дахин эх үүсвэр гаргахаас аргагүйд хүргэдэг.

Одоо энэхүү даатгуулагчдын хөрөнгийг эрсдэлд оруулсан,  малчдыг давраасан тогтолцоогоо өөрчилж, НДШ хэн төлнө, хэдий хэмжээний мөнгө хуримтлуулна, түүнийгээ нас барсан ч үр хүүхдэд нь өвлүүлдэг шударга тогтолцоонд шилжүүлэх ёстой.

Тийм эрх зүйн орчин бүрдсэн цагт хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүр НДШ төлөхийг эрмэлзэнэ, хариуцлагатай болно. Иймээс хүн бүрийг хариуцлагатай, ирээдүйн эрсдлээ тооцдог болох шударга тогтолцоонд оруулъя гэвэл даатгуулагч бүр Нийгмийн даатгалын санд хуримтлуулсан мөнгөө буцаан авдаг болох эрх зүйн орчныг бий болгох ёстой.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
6
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж