Тойргоо бус фракцаа хамгаалагч

Хуучирсан мэдээ: 2023.10.05-нд нийтлэгдсэн

Тойргоо бус фракцаа хамгаалагч

Тойргоо бус фракцаа хамгаалагч

Сонгинохайрхан дүүргийн сонгогчдоос хоёр ч удаа итгэл хүлээж, УИХ-д сонгогдож, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Х.Нямбаатар УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэж, хотын дарга болохоор болов. Сонгинохайрхан дүүрэг бол түүний хувьд бараг л "төрсөн гэр" шиг нь гэж хэлж болохоор. Орхон их сургуульд багшилж, өмгөөлөгч хийж яваад Сонгинохайрхан дүүргийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар 2009 онд томилогдож, улс төрд албан ёсоор орж ирсэн гэсэн үг.

Түүнээс хойш Х.Нямбаатар Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн  тэргүүлэгчдийн хурлын даргаар дөрвөн жил ажиллаад, 2016 оны УИХ-ын сонгуульд сонгинохайрханчуудаас итгэл хүлээж, УИХ-д сонгогдсон юм.

Сонгинохайрханчууд түүнд хоёр удаа итгэл хүлээлгэж, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байгаад ийн тойргоо орхиж, улс төрийн шийдвэр гаргаж, улс төрийн фракциа хамгаалахаар тохиролцсон нь энэ. Түүнийг анх 2020 оны одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Засгийн газрын Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаад үргэлжлүүлэн Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа бүрдүүлэхэд тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн сайдаараа өдийг хүртэл ажилласан. Улс төрийн хүрээнд бол Х.Нямбаатарыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “хамгаалагч” гэж тодорхойлдог. Хаана асуудал гарна, хаана галтай сэдэв байна тэр бүгдэд Х.Нямбаатар л байж байдаг. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын олон ажлын хэсэг ахалж, олон ажлыг нь нугалж өгсөн хүн нь.

Нөгөө талдаа түүнийг их улс төрд хөтөлсөн хүн бол яах аргагүй бууж байгаа Хотын дарга Д.Сумъяабазар.  Улс төрийн фракциараа бол Д.Сумъяабазарын хүн, түүний ойрын хүнд тооцогддог.

Тиймдээ ч Д.Сумъяабазар Л.Оюун-Эрдэнэд Х.Нямбаатарыг миний оронд тавихгүй бол ажлаа өгөхгүй гэж бухимдсан нь өнөөдрийн үйл явцын өрнөл хэсэг нь байв. Л.Оюун-Эрдэнийн хувьд ч Х.Нямбаатартай ойлголцдог учраас хотын даргаар томилоход асуудалгүй байсан учраас өнөөдөр тэрбээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөж, Д.Сумъяабазарын татсан замаар алхах гэж байна.

Д.Сумъяабазар ч гэсэн 2020 онд Сонгинохайрхайнчуудаас итгэл хүлээж, сонгогдоод  улс төрийн шийдвэр  гаргаж, гишүүнээсээ чөлөөлөгдөж байв.

Х.Нямбаатарын хувьд Сонгинохайрхан бол вант улс нь л гэсэн үг. Тэрбээр тойргоо услахдаа, томилгоо хийхдээ ч өөрийн юм шиг удирдаж, оролцож ирсэн. Тус дүүргийн намын хороог ч хамгийн нэгдмэл  байлгаж ирсэн намын хорооны дарга нь Х.Нямбаатар.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ БАРЬЦАА АХИУЛАХДАА МӨН Л Х.НЯМБААТАРТ НАЙДНА

Мэдээж, Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн намын хороогоо өөрийн мэдэлд авахыг хүснэ. Тэр хүн нь мөн л Х.Нямбаатар байх болов уу. Одоогоор Д.Сумъяабазар нийслэлийн намын хорооны даргаар хэсэгтээ явах нь тодорхой. Тийм ч тохироо хийж, тэр огцорсон.

Гэхдээ 2024 оны сонгуулийн дараа, орон нутгийн сонгуулийн өмнө Хотын дарга нь намаа удирдаж сонгуульдаа орох шахалтыг Л.Оюун-Эрдэнэ хийж л таарна.

Нийт сонгогчдын 50 орчим хувьд нь хотод байдаг, тиймээс ч хотод олон нэр дэвшигчид өрсөлддөг учраас нийслэлийн МАН-ын хорооны дарга бол чухал албан тушаал. Тиймээс гайг нь үүрч байгаа бол гавьяаг нь ч бас үүр гэдэг сонголтгүй сонголтыг МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ шинэхэн Хотын даргад өгөх нь тодорхой. Гэхдээ энэ бүхэн хэсэг хугацааны дараа, өнөөдрийн энэ үүссэн асуудал намжсан дараа өрнөх л улс төрийн нүүдэл.

Х.Нямбаатар тойргоо орхисон, улс төрийн сонголтоо хийж, асуудал ихтэй Хотын дарга болж байна. Хэр зэрэг хотын дарга хийх вэ гэдгийг цаг хугацаа харуулна. Улс төрийн үйл явц хэрхэн өрнөхөөс үл хамаараад хоёр ч удаа итгэл хүлээлгэсэн сонгогчдоосоо илүү нийслэлийн нам, нам доторх фракциа хамгаалж тэр ийм шийдвэр гаргасан.

Улс төр ийм л байдаг л…

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж