"Сурагчид үнэртэй уснаас хордсон байж болзошгүй"

Хуучирсан мэдээ: 2023.10.05-нд нийтлэгдсэн

"Сурагчид үнэртэй уснаас хордсон байж болзошгүй"

"Сурагчид үнэртэй уснаас хордсон байж болзошгүй"

Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн сурагчид өнгөрсөн есдүгээр сарын 21-нд ангидаа байхдаа хордсон. Хордлогын шалтгаан нөхцөлийг тодруулах хүрээнд тус сургуулийн дунд анги буюу 6-8 дугаар ангийнхны хичээлийг цахим хэлбэрт шилжүүлээд буй. Сурагчдын хордсон шалтгааны дүгнэлт гарсны дараа хичээл сургалтын үйл ажиллагааг танхимд шилжүүлнэ гэсэн юм. Тэгвэл шинжээчдийн дүгнэлтийн хариу гарсан эсэхийг холбогдох ажлын хэсгээс тодрууллаа.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулганаас тодруулахад "Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол дээд сургуульд хичээллэж байсан 18 дугаар сургуулийн 6 дугаар ангийн хүүхдүүд шалтгаан тодорхойгүй хордлогын улмаас эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн бөгөөд түрээслүүлэгч Монгол дээд сургуулийн байрны дотоод орчны агаар дахь бохирдуулагч бодис, физик нөлөөллийн үзүүлэлтэд хэмжилт, шинжилгээ хийсэн. Хэмжилтээр тухайн ангийн дотоод орчны агаарт үнэрийн бохирдол үүсгэгч бодисууд болох аммиак, хүхэрт устөрөгчийн илрүүлэх шинжилгээ хийхэд стандартад заасан хүлцэх хэмжээнээс хэтрээгүй, илрүүлэх доод хэмжээнд хүрээгүй бөгөөд анги танхимын агаарт бохирдуулагч бодис илрээгүй байна.

Урьдчилсан дүгнэлтээр анги танхимын агаарын чийгшил бага, агаар сэлгэлт муу, ариун цэврийн хангалтгүй байдал, анги дүүргэлт их байхаас шалтгаалан нүүрсхүчлийн хийн агууламж ихэснээс ангийн дотоод орчны агаарын чанарт нөлөөлж, агаар бохирдсон, агаарын өмхий үнэрийг дарахаар цацсан үнэртэй усанд агуулагдах химийн бодисоос хордлого үүссэн байж болзошгүй гэж үзэж байгаа юм байна.

Харин хяналт шалгалтаар хэд хэдэн зөрчил илэрчээ. Ариун цэврийн өрөөнүүд агааржуулалтын системд холбогдоогүй, гар угаагуурын тоо хүрэлцээгүй, анги танхимын агаар сэлгэлтийн хоолойд үзлэг, үйлчилгээ хийдэггүй, ангид цэвэрлэгээг хийдэггүй, шал, хана, ширээ бохир, дээрх ангиудын хогийн сав, цэвэрлэгээний материалууд бохирдол ихтэй, ялгаатай, угааж, халдваргүйжүүлдэггүй нь Ерөнхий боловсролын сургуулийн орчны аюулгүй байдал, Сургалт хүмүүжлийн орчны эрүүл ахуйн шаардлагад нийцэхгүй байсан байна. Иймд хяналт шалгалтын явцыг үндэслэн хуульд заасны дагуу шинжээчийн дүгнэлт гаргаж, ХУД-ийн Цагдаагийн хэлтэст хүргүүлж, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар Ерөнхий боловсролын 18 дугаар сургуульд албан шаардлага бүхий хугацаатай үүрэг өгсөн байна" гэлээ.

Ажлын хэсгийн ахлагч, Нийслэлийн засаг даргын орлогч З.ТӨМӨРТӨМӨӨ:

-Өнгөрсөн есдүгээр сарын 22-нд нийслэлийн 18 дугаар сургуулийн хүүхдүүд толгой эргэж, бөөлжиж, суулгасан гэсэн албан мэдээллийн дагуу мэргэжлийн байгууллагууд хамтран ажлын хэсэг гаран ажиллаж байна. Нийслэлийн зүгээс эхний ээлжинд яаралтай арга хэмжээ авч сургуулийг түр хаагаад байгаа. Хордлого юунаас үүдэн гарсан талаар мэргэжлийн байгууллагууд л тодорхойлох тул, газ үнэртсэн гэх мэтээр таамаг дэвшүүлэхгүй байхыг хүсье. Дүгнэлт гартал тус сургуулийн дунд ангийн сурагчдыг цахимаар хичээллүүлэхээр болсон.

Энэ долоо хоногт сурагчдын хордлогын шалтгаан тодорхой болох байх. Одоогоор Шүүх шинжилгээний дүгнэлт гараагүй байна.

Сурагчид хордсон шалтгааны дүгнэлт гарсан даруйд бид хичээл сургалттай үйл ажиллагааг зохион байгуулж, ажлын хэсгээс яаралтай зохицуулалт хийнэ. Ажлын хэсгийн тухайд холбоо харилцаатай ажиллаж байна. Хариу гарсан даруйд нэгдсэн мэдээлэл өгнө.

СУРГУУЛЬ ЛАЦТАЙ, СУРАГЧИД ЭМНЭЛГЭЭС ГАРСАН ГЭВ

18 дугаар сургуулийн дунд ангийн сурагчдын тухайд зайлшгүй онцгой шалтгаанаас болж цахим сургалтад шилжсэн. Тодруулбал, Хан-Уул дүүрэгт байрлах тус сургуулийн зургадугаар ангийн 21 сурагч ангидаа байхдаа хордсон. Улмаар эмнэлгийн байгууллага, сургуулийн удирдлага, холбогдох шинжээчдийн баг газар дээр нь ажиллаж шуурхай хязгаарлалт тогтоож сургуулийг лацдаад байгаа. Хүүхдүүдийн толгой эргэж, бөөлжиж, суулгасан бөгөөд Нийслэлийн Боловсролын газраас эхний ээлжид яаралтай арга хэмжээ авч сургуулийг түр хаагаад байгаа юм.

Хүүхдүүд хордсон асуудлаар мөн цахим сургалтын хөтөлбөр боловсруулсан эсэх, нийт хэчнээн сурагч цахимаар хичээллэж байгаа талаар тус сургуулийн дунд, ахлах ангийн сургалтын менежер Б.Октябриас тодруулах гэсэн боловч тэрбээр хариулт өгөхөөс татгалзсан юм.

Ямартай ч сургууль лацтай хэвээр байгаа бөгөөд эмнэлэгт хэвтсэн сурагчид эмнэлгээс гарсан болохыг албан бус эх сурвалжууд хэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж