Нүүрс тээврийн С зөвшөөрлийн талаар "Баянзам" тээвэрчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Баярхүүгээс тодрууллаа.
Тэрбээр "Засгийн газрын 362 дугаар тогтоол гарснаас хойш "Эрдэнэс Тавантолгой" олборлогч, борлуулагч уурхай С зөвшөөрөл өгдөг болсон. Өнөөдөр 4800 С зөвшөөрлийг зөвхөн энэ компани ганцаараа хуваарилах эрхийг авлаа. Энэ нь хэрэгжилтийнхээ явцад хоёрдугаар улирлаас өргөтгөсөн тээвэр гэж тусдаа зүйл гарч ирсэн. Энэ нь өдөр болгон тээвэр хийдэг давуу эрхтэй С зөвшөөрөл гэсэн үг. Үүнийг судлахаар "Чалко" тэргүүтэй БНХАУ-ын дөрвөн том худалдан авагч компани байгаа юм. Эдгээр компанийн мэдээлэл "Эрдэнэс Тавантолгой" компанийн вэб сайтад шилэн байршиж байгаа. Энэ худалдан авагчдын дэмжиж байна гэсэн тайлбартайгаар тус бүрт нь 240 ширхэг С зөвшөөрөл өгсөн. Энэ зөвшөөрлийг дотоодын 240 тээврийн жолоочид өгөхөд амьдралынх нь том боломж. Тэр компаниудад нийт 800 С зөвшөөрөл өгч байгаа нь баяжих боломж. Өдөрт хилээр 1300 машин нүүрс татлаа гэхэд 500 нь монгол тээврийн компаниудын машин байдаг. Бусад нь биржээр зарсан нүүрс ба энэ том компаниудын тээвэрлэлт байна. Хятадын том компаниуд өдөр бүр тээвэрлэлт хийж байна.
Монголын тээврийн компаниуд нэг сард 9500 тээвэр хийж, зам дээр зургаа хонож, сард гуравхан удаа хилээр гарч байхад давуу эрхтэй компаниуд нэг сард 19 мянган удаа тээвэрлэлт хийж байна.
Энэ мөнгө улсын төсөвт орохоос илүү гадаад компанийн ашиг болж байна. Улс хоорондын тээвэр гээд татвар төлөхгүй. Хамаг ашиг сонирхол энд байна. Бид энэ компаниудад илт давуу байдал олгосон гэж дүгнэж байна. Энэ асуудлаа олон нийтэд тайлбарла. Засгийн газраас БЭТ-ийг томилохдоо 500 сая ам.доллар олж ир гэсэн. Гэтэл БЭТ нь "Хятадын том компаниудыг мөнгө өгвөл давуу байдлаар явуулна" гээд хэлчихсэн юм уу. Энэ гэрээгээ ил болгож яриач. Ийм ойлгомжгүй асуудалд хэн ч бухимдана. Нэг нь зам дээр 10 хоног хонож байхад нэг нь өдөр бүр тээвэрлэлт хийж байна. Зарим хүмүүс С зөвшөөрлийн тухай ярьдаг хүмүүс гарч ирлээ гэж мушгидаг. Бид нэг асуудлыг нь л ярьж байна. Ард түмэн 4 сая нүүрс буюу 20 хэдэн сая тонн нүүрсний 10-хан хувийг нь зөөсөн. Энэ нүүрсийг дотоодын компаниуд зөөх гэж доод үнээрээ өрсөлдөж байна. Яагаад гэвэл төрийн өмчит компани учраас худалдан авах ажиллагаагаар хийхгүй бол болохгүй гэж хууль дүрэмд заасан гэдэг. Автобусыг болохоор улсын нууцад оруулж, тендергүй худалдан авч болдог.
Харин биднийг хуулиа барьж ажиллан, худалдан авах ажиллагаагаар өрсөлд гээд 50 ам.долларын ачааг 10 ам.доллараар зөөлгөж байна. Тэгвэл үлдсэн 40 ам.доллар нь хаачсан байх уу. Уурхай баяжих хэрээр иргэдийн амьжиргаа дээшилж байх ёстой биз дээ.
Аман яриагаар 40 С зөвшөөрөл дөрвөн өрөө байрны үнэтэй байна. Нэг талаараа үнэн байдаг шүү. Нэг С зөвшөөрөл 10 сая гэж үнэлэхэд 400 сая төгрөгийн бартер хийж, байр авч байна гэнэ. Ийм маягаар энэ зөвшөөрлийг баттай гаргаж өгнө гэдэг мэдээлэл гарч байна. Огт мэдээлэгдэхгүй байгаа 400 С зөвшөөрөл ийм маягаар зарагдаад байгаа юм биш үү. Үүнийг "Эрдэнэс Тавантолгой" компани мэдэхгүй байгаа юм биш үү. Хяналт тавьж байгаа систем нь хуурамч учраас наймаа арилжаа цэцэглээд байгаа юм биш үү. Засч залруулаач ээ гэдэг асуудлыг хэлж буй. Энэ зохицуулалтын ард хувийн уурхай ашигтай ажиллаж байна. Жишээлбэл, "Энержи ресурс" компанийн нүүрс нь тендергүй, биржгүй зарагдаж байна. Маш бага үнээр тээвэр явуулж, ашигтай ажиллаж чадаж байна. Тэгэхээр улс төрчид, том худалдан авагчдын дунд хууль бус тохиролцоо байна уу. Хулгайгүй нүүрс болголоо гэж байгаа ч өргөтгөсөн тээвэр нь халхавч болж, хулгайн нүүрстэй адил болгоод байна. Шударга ярихад Увс аймгийн талын тээвэр илүү явж байна. Тээвэрчдийн дунд Ч.Хүрэлбаатар сайдтай холбоотой гэдэг яриа байдаг. Энэ асуудлыг тээвэрчид сайн ярилцана" гэв.
Холбоотой мэдээ