Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Кёкүшюзан Д.Батбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт холбогдох хэргийг хохирогчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, шүүгдэгч Кёкүшюзан Д.Батбаяр, Т.Баясгалан, Б.Цэрэндорж нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг өнөөдөр /2023.10.04/ хэлэлцжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд шүүгдэгчдийн өмгөөлөгчид болон хохирогчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдол хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв.
Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна.
Анхан шатны шүүх прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Кёкүшюзан Д.Батбаяр, Т.Баясгалан нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаарБ.Цэрэндорж, Н.Болормаа нарт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэсэн.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс /2023.07.27/ анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг “анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн юм. Тиймээс Д.Батбаяр нарын хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэнэ.
Авлигатай тэмцэх газраас 2019 онд УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаяр нарыг 32 тэрбум төгрөгийн залилангийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн. Кёкүшюзан Д.Батбаяр болон Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч гэх Н.Болормаа, "Сайхан ордос туурь" ХХК-ийн захирал Б.Цэрэндорж нар нь гадны хөрөнгө оруулагчдад хэд хэдэн төсөлд хамтран ажиллах санал тавьсан байна.
Тэднийг 2009-2014 оны хооронд БНХАУ-ын хуулийн этгээд "Евроази интернэшнл инвестмент групп"-ээс тухайн төслүүдийн урьдчилгаа төлбөрт их хэмжээний мөнгө авсан ч бичгээр өгсөн амлалт, баталгаануудаас нэг нь ч хэрэгжээгүй гэж үзжээ. Иймд дээрх нэр бүхий хүмүүсийг зохион байгуулалттайгаар бусдыг залилан мэхэлж, тус компанид 32,713,190,850 төгрөгийн хохирол учруулсан эсэхийг тогтоохоор шалгасан байдаг.
Холбоотой мэдээ