Хууль зүйн сайд Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг даргаар томилох саналыг МАН-ын УЗ дэмжсэн. Энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “Даваа гаригт МАН, АН-ын бүлэгтэй “Орона майнинг”-тай тохиролцсон асуудлыг танилцуулна. Би саяхан БНХАУ-д айлчилж “Чайна энержи” компанитай уулзан хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилд ойлголцолд хүрсэн. Хүн явлаа гээд төрийн ажил зогсч саатах ёсгүй. Авлигалын төсөөллийн индексийг бууруулах чиглэлээр хоёр жил ажиллалаа.
Нэгэнт улс төрийн шийдвэр гарсан учраас би хувь хүн, улстөрчийн хувьд эрсдэлтэй алхам хийлээ гэж гоншигнохгүй.
Нийслэлд ажлын байрны зураг авалтын үр дүнгээр өөрчлөлтүүд хийгдэнэ. Ерөнхий сайдаас олон чиглэл даалгавар авсан. Нийслэл хотод “5 Ш” ажиллагааг эрчимжүүлэх, худалдан авалттай холбоотой ажиллагааг ил тод нээлттэй болгох, газар олголт, барилга хот байгуулалт төлөвлөлттэй холбоотой ажлыг цахимжуулах, ил тод болгох гэх мэт үүрэг даалгаврыг тэмдэглэж авлаа. Улаанбаатар хотын түгжрэл дээд цэгтээ хүрсэн байна. Өнөөдөр 630 гаруй мянган автомашин явж байгаа. Ямар нэгэн импортын авто машин хийгдэхгүй явж байгаа. Нийтийн тээврийн шинэчлэх бодлого “уначихлаа”. Энэ худалдан авалттай холбоотой харилцааг эцэслэх, шинээр ил тод нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, агаарын бохирдлыг бууруулах, нийслэлийн эрх зүйн байдал, нийслэлтэй холбогддог хууль эрх зүйн орчныг бүтэн шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай. Өнөөдөр ихэнх бүтээн байгуулалтын ажил газар чөлөөлөлтөөс шалтгаалаад төлөвлөсөн цаг хугацаанд хийгддэггүй. Нийтийн зам талбай, дэд бүтцийн газар төлөвлөлтийн ажил тухайн газрын эзэнд очоод зогсдог эрх зүйн орчинтой байна.
Үүнээс гадна Газрын багц хуулийг яаралтай оруулж ирэх үүрэг даалгавар чиглэл өглөө. Худалдан авалтын тухайд нийслэлд шаардлагатай тоног төхөөрөмжийг үйлдвэрлэгчээс шууд худалдан авах эрх зүйн орчныг судалж танилцуулах чиглэл авлаа. Мөн дээрээс нь Засгийн газрын тогтоол гарч Нийслэл хотод авах арга хэмжээний тухай тогтоолууд гарлаа. Б.Дэлгэрсайхан гишүүний хувьд парламентад бид хоёр дараалан сонгогдсон. тохой зэрэгцэн суудаг. Бизнес, улс төрийн туршлагатай хүн Түгжрэлийн сайдаар томилогдох шийдвэр гарч байна.
Шулуухан хэлэхэд миний хувьд болон Б.Дэлгэрсайхан гишүүний хувьд ажилд томилогдох санаачилга гаргаагүй. Энэ бол цэвэр Засгийн газрын тэргүүний шийдвэр байлаа. Үүнийг хүндэтгэлтэй хүлээж авсан. Мэдээж, хотын даргаар томилогдвол алсдаа эм мэт тустай, ойрын үедээ давс мэт гашуун шийдвэрийг гаргахаас өөр аргагүй. Үүнийг эртхэн хэлэх нь зөв байх.
Холбоотой мэдээ