Кремлийн эсрэг зэвсэгт бослого гаргасан ч ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хувийн хөлсний цэргийн "Вагнер групп" компанийг тарааж зүрхэлсэнгүй. Тэрбээр удирдлагыг нь сольж, дайчдыг нь Батлан хамгаалах яамны харьяанд авчирахыг хүсчээ. Вагнерын тэргүүн Евгений Пригожин өнгөрсөн наймдугаар сард онгоцны ослоор нас барсан. Путины зүгээс Вагнерын Украин дахь дайчдыг удирдах командлагчаар Андрей Трошевыг томилжээ. Гэвч Вагнерын дайчид түүнийг "урвагч" хэмээн эсэргүүцэж байна. Энэ удаагийн ХҮМҮҮС буландаа Андрей Николаевич Трошевыг танилцуулж байна.
Вагнерийн штабын дарга асан, чөлөөнд гарсан хурандаа Андрей Трошевыг өнгөрсөн долоо хоногийн эхээр Путин хүлээн авч уулзсан бичлэгийг цацсан. Энэ үеэр Украинд байлдааны үүрэг гүйцэтгэх сайн дурын байлдааны ангийг шинээр байгуулж, удирдлагаар нь Трошевыг томилжээ. Донецкийн Бахмут хот дахь Оросын байлдааны үйл ажиллагаанд Вагнерын дайчид гол үүрэг гүйцэтгэсэн. Тус бүлэглэл нь Кремльд шаардлагатай нөөцийг олж авахад туслахаас гадна Африкийн орнуудад нөлөөгөө тогтооход оролцдог.
Трошев хөлсний цэргийн компанийг өнгөрсөн зургадугаар сард болсон Вагнерын зэвсэгт бослогын дараа орхисон бөгөөд үүнээс хойш Оросын Батлан хамгаалах яамтай хамтарч ажиллах болжээ. Үүгээр ч зогсохгүй бослогын дараа Вагнерын дайчдыг Оросын армид үнэнчээ батлах тангараг өргөж, гэрээ байгуулахад гол үүргийг гүйцэтгэсэн хүн. Улмаар Вагнерын цэргүүд дотоод аюулгүй байдлын хүчин болох Росгвардиатай хамтарч ажиллах нь нэмэгдсэн гэж эх сурвалжууд онцлов.
"ОХУ-ЫН БААТАР"
Оросын чөлөөнд гарсан хурандаа, Вагнер группын үүсгэн байгуулагч гишүүн, Гүйцэтгэх захирал байсан хүн. Чечень, Афганистаны дайнд тулалдаж явсан ахмад дайчин. Афганистанд гүйцэтгэсэн үүргийнхээ төлөө тэрбээр Зөвлөлтийн үеийн "Улаан од" медалиар хоёр удаа шагнуулсан бол Чечений хоёрдугаар дайнд тулалдсаныхаа төлөө "Эр зоригийн одон", Эх орныхоо төлөөх гавьяаны хоёрдугаар одонгоор тус тус энгэрээ мялаажээ. Мөн армийн хамгийн хүндэт медаль болох "ОХУ-ын баатар" цолоор шагнагдсан.
Сүүлд Сирийн дэглэмийг дэмжиж байсан Кремлийн заавраар Сири дэх Вагнер группын штабын даргын албан тушаалыг хашиж байв. Түүнийг 2016 онд Кремлийн хүлээн авалтад урьж, Путин хамт зургаа авхуулсан бичлэг нь дараа жил нь нийтэд ил болсон. Харин Украины дайнд Вагнерын цэргүүдийн оролцоо мэдэгдсэний дараа Киевээс түүнийг энэ оны хоёрдугаар сард хар жагсаалтад оруулсан байдаг. Вагнерын бослогыг дарсны дараа буюу өнгөрсөн долдугаар сарын 14-нд Путин түүнийг Пригожиний оронд Вагнерын удирдлагаар тавих хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн. Харин Пригожинийг нас барсны дараа өнгөрсөн есдүгээр сарын 29-нд Трошевыг Украин дахь Вагнерын дайчдыг удирдуулахаар томилж санаагаа гүйцээв.
АРХИНД ДОНТСОН АХМАД ДАЙЧИН
Тэрбээр хуучин ЗХУ-ын үед 1953 онд Ленинград /Санкт-Петербург/ хотноо төрсөн байна. Ахлах сургуулиа төгсөөд Улаан Октябрийн нэрэмжит Ленинградын дээд артиллерийн командлалын сургуульд суралцсан. Төгсөөд янз бүрийн артиллерийн ангиудад командлагч, офицерын албан тушаалд алба хаажээ. Тэрбээр Бүгд найрамдах ардчилсан Афганистан улсад Зөвлөлтийн цэргүүдийн хязгаарлагдмал бүрэлдэхүүнд өөрөө явагч артиллерийн батарейг командлаж байв. Дайнаас эргэж ирээд М.И. Калинины нэрэмжит Цэргийн артиллерийн академид (одоо Михайловская Цэргийн артиллерийн академи) суралцаж төгссөн.
ЗХУ задран унасны дараа Оросын Зэвсэгт хүчинд үргэлжлүүлэн алба хааж, Чеченьд тулалдаж байв. Дараа нь Ленинградын цэргийн тойргийн ангиудад алба хаасан. Чөлөөнд гарсныхаа дараа Дотоод хэргийн яаманд үргэлжлүүлэн ажиллажээ. Гэвч архи уусан гэх шалгаанаар ажлаасаа чөлөөлөгджээ. Дараа нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Оросын Төрийн удирдлагын академийг дүүргэсэн бөгөөд 2012 онд хурандаа цолтой алба хаасан.
Сирийн иргэний дайнд Оросын цэргийн хөндлөнгийн оролцоо эхлэх үед аль хэдийн тэтгэвэртээ гарсан Трошев Сири рүү явсан. Тэрбээр байлдааны ажиллагаанд шууд оролцоогүй, харин Краснодар хязгаар дахь Молкин дахь Вагнер группын логистикийн алба болон Вагнер группын аюулгүй байдлын албыг удирдаж байжээ.
Цахим хэвлэлд бичсэнээр бол Трошев архинд донтсон ч буурь суурьтай хүн аж. Согтуу, сэтгэцийн хувьд тогтворгүй байхдаа эмнэлэгт хүргэгдэхдээ Сирийн газрын зураг, мөнгө болон бусад чухал бичиг баримтуудыг хамт авч явсан талаар эх сурвалжууд мэдээлж байв. Мөн 2018 оны хоёрдугаар сард АНУ-ын зэвсэгт хүчнээс мэдээлснээр тэрбээр Вагнеры цэргүүдийн амь насыг хохироосон хэд хэдэн хэрэгт холбогддог.
Холбоотой мэдээ