“Но”-той автобусны балгаар нийслэлийнхний цавчаа илэрч, идээ бээр нь шахагдаж байгаа бол Засгийн газрын танхимын сайд нараас хэн нь ч уг автобусыг оруулж ирсэн “Тэнүүн огоо” компанийн захирал А.Ганхуягийг мэддэггүй, таньдаггүй болж хувирав.
Учир юу вэ гэвэл, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2023.10.04/ мэдээлэл хийх үеэрээ “Тэнүүн Огоо” компанийн захирал А.Ганхуягтай миний бие ерөөсөө уулзаж үзээгүй. Манай өрөөнд хувийн хэвшлийн компаниудын төлөөлөл, холбооны тэргүүн гэдэг утгаараа ирж уулзсан байна лээ.
А.Ганхуяг нь Дархан-Уул аймгаас гаралтай хүн юм шиг байна лээ. Дарханаас гарсан улстөрчид дэмждэг гэсэн мэдээллийг авсан. Нарийн учрыг би мэдэхгүй” гэсэн нь олны анхаарлыг татаад байна.
Ердөө хоёр хоногийн өмнө сайд Ж.Сүхбаатар “Тэнүүн огоо” компанийн захирал А.Ганхуягийг би танихгүй” гэдэг тайлбар хийсэн бол орой нь Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Тэнүүн огоо” компанийн захирал А.Ганхуягтай анх уулзуулж байсан” гэх мэтээр бие бие рүүгээ бухсан.
Улаанбаатар хотын захирагчийн хийсэн тайлбартай холбогдуулж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга өчигдөр хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулж няцаалт хийсэн бол харин өнөөдөр Засгийн газрын хуралдааны шийдвэр танилцуулах үеэрээ өөрийн амаар давхар тайлбар хийсэн нь энэ.
2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нар ялалт байгуулж сонгогдсон.
Эдгээр гурван гишүүнээс дээрх дуулиантай асуудлаар хамгийн түрүүнд байр сууриа илэрхийлсэн хүн бол УИХ-ын гишүүн Г.Дамдинням. “Тэнүүн огоо” компанийн талаар тэрбээр “Хувийн компани ашгийн төлөө л явна. Хог авчраад шинэ гэж шахах гэж үзэх бол тэдний л асуудал. Бүрэн буруутгах аргагүй. Хамгийн гол нь хэн гэдэг, ямар албан тушаалтнууд "зүв зүгээр, шинэ" гэж хүлээж авсан, нийтийн тээвэрт маргааш нь явуулах гээд байсан нь төрийн хувьд анхаарал хандуулах, хариуцлага тооцох асуудал" гэж байр суурь илэрхийлсэн нь Д.Амарбаясгалан даргын хэлсэн “Дарханаас гарсан улстөрчид дэмждэг” гэсэн үгний эзэн нь болж таарав уу гэж таамаглахад хүрч буй.
Нөгөө талдаа түгжрэлтэй тэмцэх сайдын албаа удахгүй хүлээлгэн өгөх гэж буй сайд Ж.Сүхбаатарын хувьд ч Дархан-Уул аймгаас сонгогдон, ажиллаж байсан түүх бий. Тодруулбал, 2008-2012 онд Дархан-Уул аймгаас төрсөн нутаг минь гэсээр УИХ-д сонгогдон ажилласан юм. 2020 оны сонгуулийн өмнө ч Дархан нутгаа магтаж явсан байдаг.
Аливаа бизнес эрхлэхэд ар талдаа заавал нэг танил тал, улстөрчтэй байхгүй бол явдаггүй гэдэг асуудлыг бизнес эрхлэгчид ярьсаар ирсэн. Тиймдээ ч сонгуульд МАН хоёр дараалан ялалт байгуулснаар тус намын угшилтай улстөрчдийн бизнес цэцэглэж, хотын төвөөр өндөр, өндөр барилгууд сүндэрлэн босч, нүүрс тээвэрт хэдэн зуугаараа том, том ачаа тээврийн машинууд явуулж, хөрөнгө орлого нь хэд дахин нугарч, өсч байна гэх яриа гарсан нь оргүй биш.
Нийтийн тээврийн салбарт бизнес эрхэлж байсан “Тэнүүн огоо” компанийн захирал А.Ганхуягийн хувьд МАН-ын улстөрчидтэй холбоотой байж л импортоор 100 автобус оруулж ирэх эрхийг нууцын зэрэглэлд оруулах шийдвэр гаргуулсан байхыг үгүйсгэхгүй. Харин энэ хэрэгт МАН-ынхнаас хэн, хэн холбогдож, чирэгдэх вэ гэдэг нь хуулийнхны хийх ажил болж үлдэж байна.
Авлигатай тэмцэх газраас дээрх хэрэгт холбогдуулан, нэр бүхий зургаан хүнийг саатуулан шалгаж эхэлсний дотор "Тэнүүн огоо" компанийн захирал А.Ганхуяг багтсан. Асуудал гарахаар улстөрчид "Би танихгүй, би хэрэгт холбогдолгүй. Намайг гүтгэж байна" гэхчлэн тайлбар хийж уснаас хуурай гарахыг оролддог. Гэвч хуулийнхны шалгалтаар хулгай хийсэн нь батлагддаг. Тухайлбал, нүүрсний хэргээр энэ сарын 30-нд шүүгдэх болж буй УИХ-ын гишүүн асан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан "Би шанага нүүрс ч аваагүй" гэдэг тайлбар хийж байсан ч энэ хэрэгт зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан зүйчлэлээр яллагдаад буй.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ