Сүүлийн жилүүдэд нийтийг бухимдуулсан авлигын хэргүүд ар араасаа гарах болсон. Тухайлбал, нүүрсний хэрэг, Хөгжлийн банкны тонуул, "ногоон" автобуснуудын худалдан авах ажиллагаатай холбоотой цавчаа гэх мэт авлига, ашиг сонирхлын хэргүүдийг шалгаж байгаа талаар Авлигатай тэмцэх газраас мэдээлсэн. Тэгвэл Монгол Улс авлигатай тэмцэж чадаж байгаа эсэх болон авлигачдад тооцох хариуцлагыг чангатгах талаар иргэд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.
Иргэдийн хэлж байгаагаар, авлига бүхий л шатанд их байна. Хувийн хэвшилд харьцангуй бага байдаг бол төрийн бүхий л шатны байгууллагад авлига цэцэглэж байгаа гэсэн юм.
Мөн Авлигатай тэмцэх газар болон хууль хяналтын байгууллага авлигын хэргийг шуурхай илрүүлж, сайн ажилладаг ч авлигачдад тооцох хариуцлага сул байгааг онцоллоо. Өөрөөр хэлбэл, хэргийг нь илрүүлж, эзэн холбогдогчдыг нь тогтоосон ч хариуцлага сул байдгаас гэм буруутай үйл ажиллагаанд нь тохирсон ял шийтгэл оноож чаддаггүй гэдэг байр суурь илэрхийллээ.
Иргэдийн зүгээс хууль хяналтын байгууллагыг хараат бус ажиллахад анхаарч, хүч хүрэхгүй, эрх мэдлээр нөлөөлж байгаа тохиолдлуудад хяналтыг сайжруулж, хариуцлагыг чангатгах нь зүйтэй гэв.
Учир нь авлигын хэрэгт холбогдсон хүмүүс олон тэрбумын хөрөнгө завшсан хэрнээ бага дүнгээр торгуулж, хорихоос бусад төрлийн ял авч байгаа нь нэг нэгэндээ нөлөөлж байж болзошгүйг иргэд хэлж байна. Нүүрсний зэрэг тодотголтой нийтийн эрх ашиг, татварын мөнгөнд хамаарах олон хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа ч хугацаа алдаж, хойшлуулж байгаа нь эрх ашигтай байх магадлалтай. Тиймээс авлигачдад тооцох хариуцлагын тогтолцоог сайжруулж, авлигын хэрэгт холбогдсон хүмүүсийн эд хөрөнгийг хурааж, бүх насаар нь хорих нь зүйтэй гэдгийг иргэд хэллээ. Иргэдийн байр суурийг энд дарж үзнэ үү.