Украины ерөнхийлөгч Зеленский мягмар гаригт дайны хамгийн халуун фронт буюу нутгийн зүүн хойд хэсэгт ажиллажээ. Тэрбээр фронтын командлагч нартай уулзаж, байлдааны нөхцөл байдлыг хэлэлцэв.
Зеленский орой бүр хийдэг уламжлалт мэдэгдлээ Украины хоёр дахь том хот Харьковын ойролцоогоос хийжээ. Украины хуурай замын цэргийн командлагч Александр Сирскийгээс бүс нутгийн хамгаалалт, Бахмутын ойролцоох довтолгооны талаар сонссон гэв. "Харьков дахь хүчин бол зүүн фронтыг хүчирхэг байлгахад тусалж буй чухал хүчин. Бид бригад, батальоны дарга нартай уулзаж, тулалдааны талбарт тулгамдаж буй асуудал, хэрэгцээ шаардлагын талаар хэлэлцсэн" гэж Зеленский хэллээ.
Аж үйлдвэрийн томоохон төв Харьков хот дайн эхэлснээс хойш Оросын цэргүүдийн гарт ороогүй.
ОХУ эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөх магадлал өндөр тул Зеленский Харьковт айлчлахдаа өвөлжилтийн бэлтгэлийн талаар ярилцжээ. Түүнчлэн цэргүүдэд шагнал гардуулж, урам зоригтой байхыг сануулав. Ерөнхийлөгчийн тамгын газрын нийтэлсэн бичлэгээс харахад Зеленский барууны орнуудаас нийлүүлж буй техник хэрэгсэлтэй танилцаж, газрын зургийн өмнө зогссон офицеруудаас мэдээлэл авч байв.
Харьковоос гадна зүүн хойд хэсгийн Купянск, Лайман хотуудын ойролцоо байлдаж буй бригадуудтай уулзсан тухайгаа Зеленский твиттертээ дурдав. Купянск, Лайман хотуудыг өнгөрсөн оны сүүлчээр Украины хүчин эргүүлэн авсан.
Эх сурвалж: REUTERS