Бид өмнө нь та бүхэндээ Жижиг чулуугаар томыг буюу буруутай хохирогч М.Бадарч, "Гэрийнхээ банхар"-аас айдаг эзэн улсаа олимпод оруулж чадах уу?, МОНАДА Монголын дээр! зэрэг цуврал нийтлэлүүдийг хүргэж байлаа.
Тэгвэл АТГ-ын зүгээс Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага /МОНАДА/-ийн нэр бүхий удирдлагуудын албан байранд нэгжлэг хийсэн гэнэ. Тодруулбал, тус байгууллагын тэргүүн Ж.Хатанбаатар, гүйцэтгэх захирал М.Мөнхболд нарын гэр болон албаны өрөөг шалгажээ. Шалгалтын явцад WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн хориотой эмийн жагсаалтад орсон эм, бэлдмэл олдсон гэх.
Өмнө нь ч МОНАДА-тай холбоотой хэрэг мандаж, гүйцэтгэх захирал нь болох Г.Сүхбат албан тушаалаасаа огцорч, одоогийн удирдлага М.Мөнхболд нь ирж байлаа. Тухайн үед дархан аварга Г.Баянмөнх МОНАДА-ийн гүйцэтгэх захирал Г.Сүхбат, их эмч нь Г.Сүхбатын шавь Д.Энхсанаа, хянагч нь Д.Энхсанаагийн нөхөр Энх-Амгалангийн дүү Хайдавдорж, дээж авагч нь мөн энэ хүмүүстэй хамаарал бүхий хүмүүсийг бөхчүүдийн шинжилгээний хариуг хуурамчаар гаргадаг, шинжилгээний хариугаар шантаажилж бөхчүүдээс мөнгө авч хууль бус бизнес хийдэг, шинжилгээ авч дүгнэлт гаргахдаа хөндлөнгийн ямар ч хяналтгүй хийдэг, допинг илэрсэн бөхчүүдийн шинжилгээний хариуг нуун дарагдуулдаг гэж үзэн АТГ-т хандаж байсан юм. Гүйцэтгэх захирлыг нь сольсон ч байдал өөрчлөгдсөнгүй.
МОНАДА-г 13 дахь жилдээ толгойлж буй Ж.Хатанбаатар гэх хүн ганц гүйцэтгэх захирлаараа туг дахин суудалтайгаа үлдсэн. Энэ удаад ч хүргэн хүүгээ явуулж, өөрөө үлдэхийг үгүйсгэхгүй.
Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Б.Баттүшигт МОНАДА-г өөрчлөн шинэчлэх хүч, боломж нь байгаа гэж бид өмнө нь бичиж байсан боловч олимпийн хорооны зүгээс бидэнд тийм эрх байхгүй гэх хариу мэдэгдэл гаргасан. Гэвч үнэн хэрэгтээ WADA-ийн дүрмийн 20.4 нь Үндэсний олимпийн хороо болон үндэсний паралимпийн хороодын үүрэг хариуцлага гэх бүлэг байх бөгөөд тус бүлгийн 20.4.18-д "Энэхүү дүрмийн 24.1 зүйл, гарын үсэг зурагчдыг дүрмэнд нийцүүлэх олон улсын стандарт нийцээгүй а.Гарын үсэг зурагч, б.Энэхүү дүрмийн 12 дугаарт бүлэгт заасан эрх бүхий бусад аливаа спортын байгууллагын аливаа үйлдлийг зогсоох, холбогдох арга хэмжээг авах" гэж заажээ.
Та бүхэн
энд дарж WADA-ийн дүрмийн 20.4 дэх бүлэгтэй танилцаж болно.
Өөрөөр хэлбэл, гарын үсэг зурагч буюу МОНАДА-д хариуцлага тооцох эрх, үүрэг нь үндэсний олимпийн хороо болон паралимпийн хороонд бий. Харамсалтай нь, Монголын үндэсний олимпийн хорооноос өөрсдөөсөө асуудлыг холдуулсан мэдэгдэл гаргав.
Тэгвэл одоо АТГ-ын шалгалтад мэдээлэлтэй бөхчүүд хүч хавсрах хэрэгтэй байна. Жилийн жилд л МОНАДА-ийн асуудал сөхөгдөж, шийдэгдэж чадахгүй байсаар намждаг. Тус байгууллагын албан тушаалтнуудыг хүчний болон бөхийн багш, дасгалжуулагчидтай хамтарч ажиллан хориотой эм бодис оруулж ирдэг ч гэх батлагдаагүй яриа бий. Допингийн төрлийн хориотой эм бодисыг улсын хилээр чихэр, шоколад шиг оруулж ирэх боломжгүй. Тэгэхээр оруулж ирдэг, худалдаалдаг, санал болгодог бүлэг хүмүүс байхыг үгүйсгэхгүй.
Допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдээс нийтлэг илэрдэг бодис нь анаболик стеройд. Энэ нь синтетик аргаар буюу лабораторид гаргаж авсан эр бэлгийн даавар тестостерон юм.
Энэхүү дааврын бэлдмэл нь булчингийн массыг нэмэгдүүлэх, өөх шатаах процессыг хурдасгадаг гэнэ. Фитнес, хүчний багш дасгалжуулагчдын гар дээрээс олох боломжтой ч гэгддэг. Сөрөг үр дагаврууд нь удаан хугацааны дараа илэрдэг бөгөөд элэг, бөөр, түрүү булчирхайн хорт хавдар үүсгэх, үргүйдэлд хүргэх гол эрсдэлт хүчин зүйл болдог байна. Мөн нуруугаар өвдөх, нойронд муудах, анхаарал сулрах, булчингийн хүч буурах, хэвлийгээр таргалах, үс сахлын ургалт удаашрах шинж тэмдэг илэрнэ.
Тестостероны нэг тундаршил нь 500 мянган төгрөг үнэтэй гэж ярих аж.
Холбоотой мэдээ