Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагатай холбоотой гомдлын дагуу Авлигатай тэмцэх газраас хэрэг бүртгэл нээсэн талаар 10 хоногийн өмнө бид мэдээлсэн. Тэгвэл өчигдөр /2023.10.03/ тус байгууллагын нэр бүхий хоёр удирдлагын гэр, албан өрөөнд нэгжлэг хийсэн юм. Мөн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Батнямын гэрт нэгжлэг хийсэн байна.
Нэгжлэгийн үеэр тухайн хүмүүсийн гэр, албан өрөөнөөс их хэмжээний сэргээшийн төрлийн бодис гарсан гэх мэдээлэл гараад байгаа.
Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс тодруулахад "Допингийн эсрэг байгууллагатай холбоотой гомдол мэдээллийн дагуу АТГ хэрэг бүртгэл нээж шалгаж байгаа.
Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын нэр бүхий албан тушаалтнуудын гэр болон албан өрөөнд нэгжлэг хийсэн.
Тус байгууллагын тэргүүн Ж.Хатанбаатар, гүйцэтгэх захирал М.Мөнхболд нарын гэрт АТГ-аас нэгжлэг хийгээд байна" гэлээ.
Нэгжлэг хийсэн хүмүүсийн гэрээс сэргээшийн бодис болон бусад хориотой зүйл гарсан эсэх талаар тодруулахад одоогоор мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.
АТГ-аас, мөрдөгч хэргийн нотлох эд мөрийн баримт, бичмэл нотлох баримт, эд зүйл байна гэх хангалттай үндэслэл байвал тэдгээрийг илрүүлэхээр прокурорын зөвшөөрлийг үндэслэн нэгжлэг хийдэг. АТГ байцаан шйтгэх ажиллагаатай холбоотой олон нийтэд өгч болох мэдээлэл буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, нөхөн төлүүлэлт, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэг, прокурор, шүүхэд шилжүүлсэн хэргийн тоон мэдээллийг өгдөг. Харин гэмт үйлдэл, мөрдөн шалгах ажиллагааны төлөвлөлт, явц, тогтоогдсон нөхцөл байдал буюу үр дүнг нууцлахыг хуулиар тогтоосон байдаг.
Ийм учраас нэгжлэгийн явцад ямар баримт олдсон, нуугдмал ямар эд хөрөнгийг илрүүлэн битүүмжилсэн гэх зэрэг илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэдгийн онцолсон юм.
Ямартай ч Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагын удирдлагуудад хийсэн нэгжлэгийн талаар мэдээлэл өгөх тов гараагүй ч нэгжлэгтэй холбоотой зарим мэдээллийг удахгүй нийтэд мэдэгдэх юм байна.
Холбоотой мэдээ