13А маягтыг аль ч шатны эмнэлэг шаардахгүй боллоо

Хуучирсан мэдээ: 2023.10.03-нд нийтлэгдсэн

13А маягтыг аль ч шатны эмнэлэг шаардахгүй боллоо

13А маягтыг аль ч шатны эмнэлэг шаардахгүй боллоо

Энэ оны наймдугаар сарын 1-нээс Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн наймдугаар тогтоол хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр хоёрдугаар шатлал буюу дүүргийн зарим нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхэд 13А маягт шаардах болсон. Эл шийдвэр нь хоёр дахь шатны эмнэлгээр үйлчлүүлэгчдэд чирэгдэл учруулаад зогсохгүй Өрхийн эмнэлгүүдийн ачааллыг нэмж, маягт программд шивүүлэхэд их цаг шаардаж байгаа учир энэхүү шийдвэрээ эргэж харахыг иргэд хүсч байгаагаа илэрхийлсэн.

Тэгвэл ЭМДҮЗ-ийн шийдвэрийг хүчингүй болгож, цаашид аль ч шатлалын эмнэлэг 13А маягт шаардахгүй болсон байна.

Өнгөсөн наймдугаар сард хэрэгжиж эхэлсэн тогтоолын дагуу Өрхийн эрүүл мэндийн төвүүд маягт шаардлагатай нарийн мэргэжлийн эмчийн үзлэг буюу:

  • дотор,
  • зүрх судас,
  • мэдрэл,
  • хүүхэд,
  • дотоод шүүрэл,
  • эмэгтэйчүүд,
  • жирэмсэн эхчүүд дүүргийн эмнэлгийн амбулаторид үзүүлэхэд заавал 13А-тай очих ёстой болсон.

Тэгвэл өнөөдрөөс энэ шийдвэр хүчингүй болж, шаардлагатай нарийн мэргэжлийн эмчид оношын дагуу үзүүлэх боломжтой болжээ. Тодруулбал, 2023 онд 13А маягтыг цахим хэлбэрт шилжүүлсэнтэй холбоотойгоор анхан шатны эрүүл мэндийн байгууллагад үзүүлэхгүйгээр шууд 13А маягт авна гэдэг ойлголт бий болж иргэдийн дунд чирэгдэл, бухимдал үүсгэсэн. Нөгөө талаас бодит амьдрал дээр энэхүү зохицуулалт нь иргэдийн хувьд ялгамжтай хэрэгжиж байна. Тухайлбал, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Төмөр замын төв эмнэлэг нь өөрийн салбарын алба хаагчид, тэдний ар гэр, ахмадуудад 13А маягтгүйгээр үйлчилгээ үзүүлж байна. Мөн эх, хүүхдийн эрүүл мэнд төрийн онцгой ивээлд байдаг учраас жирэмсэн эх, хүүхдэд тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ мөн л 13А маягтыг шаарддаггүй.

Тиймээс бүх иргэнд адил тэнцүү хандах боломж олгох, иргэддээ ялгамжгүйгээр тусламж үйлчилгээ үзүүлж байх зарчмыг үндэслэн 13А-г халах нь зүйтэй гэж үзэж, эмнэлгйин тусламж үйлчилгээ авахад 13А маягтыг цаашид шаардахгүй болсон байна.

Гэхдээ үүнтэй холбоотойгоор лавлагаа шатлалын эмнэлгийн ачаалал эрс нэмэгдэж, хүлээгдэл ихэснэ гэдгийг иргэдэд анхааруулах нь зүйтэй. Тухайлбал, лавлагаа шатлалын эмнэлгийн удирдлагуудад тусламж, үйлчилгээний чанарыг алдагдуулахгүйгээр зохион байгуулалтыг сайжруулах, цаг товлох үйлчилгээг боловсронгуй болгох үүрэг даалгаврыг өгөөд байна.

Түүнчлэн анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэх, чанар, хүртээмжийг сайжруулах, эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагааг эрчимжүүлэх, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгээс анхан шатны эрүүл мэндийн байгууллагын хяналтанд шилжүүлсэн өвчтөнийг тогтмол хянах, гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах шаардлагатай байна.

Энэ хүрээнд иргэд лавлагаа шатлалын эмнэлгээс тусламж үйлчилгээ авсны дараа өөрийн харьяалах өрх, сум, тосгоны эмнэлгийн хяналтад заавал орж байх зохицуулалтын арга хэмжээ авах аж.

Гэвч зохицуулалтын дээрх арга хэмжээ нь томоохон эмнэлгүүдийг чиглэсэн иргэдийн урсгалыг тогтоон барьж чадахгүй байх магадлал өндөр учраас иргэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах тохиолдолд эхлээд харьяа өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвдөө, зөвхөн шаардлагатай тохиолдолд лавлагаа шатлалын эмнэлэгт хандах нь зүйтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж