У.Хүрэлсүхийн МАН-д үлдээсэн “Legacy”

Хуучирсан мэдээ: 2023.10.04-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхийн МАН-д үлдээсэн “Legacy”

У.Хүрэлсүхийн  МАН-д үлдээсэн “Legacy”

Улс төрд үүрдийн нөхөр, дайсан гэж үгүй. Мөнхийн эрх ашиг гэж бий. Энэ жишгээр У.Хүрэлсүхийн “дүү нар” хоёр ордны дунд цусаа гартал зодолдож байна. Ордны зодооны зүүний манлайд Л.Оюун-Эрдэнэ, барууны манлайд нь Д.Амарбаясгалан  байгаа нь олон нийтэд нэгэнтээ ил болов. Начин, заан хоёрын аль нь давахыг У.Хүрэлсүх улс төрийн түр “time” авсан шигээ анхааралтайгаар ажиглаж сууна. Түүний зааж өгсөн “цагаан толгой”-г хэн сайн уншсан нь ялна, гартаа эрх мэдэл атгана.  Эрх мэдэлд хүрнэ гэдэг баялгийг захиран зарцуулах эрхтэй болно гэсэн үг. Мөнхийн эрх ашиг гэдэг чинь эцсийн эцэст мөнгө л юм. Мөнгөн дээр нэгдвэл тосоо гартал тэврэлдэж, мөнгөн дээрээ салбал цусаа гартал зодолдоно гэсэн үг.

1.

Өнгөц харахад  МАН шударга ёсны төлөө тэмцэж байгаа мэт. Үнэн хэрэгтээ, том, том мөнгө дүнтэй гоё, гоё төслүүдийг хэн удирдаж, газрын баялгийг хэн хуваарилах вэ гэсэн эрх мэдлийн төлөө л МАН зодолдож байна.  Нам доторх бүлэг, фракцууд үнэндээ үзэл баримтлалаараа ялгарах юм байхгүй. Наанаа улаан, хөхөөрөө хэрэлдэх тэд цаанаа хэтэвчээрээ нөхөрлөнө, фракцлана, АН-ын дарга асан З.Энхболд гэхэд МАН-ын гишүүн Ц.Анандбазартай “хэтэвч” ойр байх жишээний.  Х.Нямбаатарын өгсөн мэдээллээр бол Х.Баттулга, Т.Бадамжунай хоёр ёндоо нэгтэй байжээ, гэх мэтчилэн нэг  намд төдийгүй нам, нам дамжсан “мөнгөний бүлэглэл”-үүдийн нэг нь нүүрснийхэн юм. Нүүрсний мафи бол Монголын хамгийн баян, хамгийн том бүлэглэл.  Цагтаа тэд эрх мэдэлтэй, мөнгөтэй, өнгөтэй явлаа. Гэвчиг цагаа цагаараа байдаггүй.

Энэ удаагийн, ирэх сонгууль угтсан МАН-ын улс төр улам галзуурч, улам халуурч байна. Хагарсан толгойгоо малгай дотроо нуудаг байсан тэдний зодоон ил цагаандаа гарч цагаан байраа шатааж мэдэхээр улстөржиж байна. Үнэндээ үнэмлэхүй эрх мэдэл өөрөө үнэмлэхүй зовлонг дагуулдаг. Найман жил үнэмлэхүй эрх мэдэлд очсон МАН засаглалын хямралд очсон нь “ногоон автобусны” асуудлаар ил болов.  Өнгөрсөн найман жилийн хугацаанд үнэмлэхүй олонх улсын нууц, онцгой дэглэм нэрээр үнэмлэхүй хулгайлж, онцгой иджээ. Гэнэт идэх нь гэдсэнд цөвтэй л гэдэгсэн.

Нүүрсний хэрэгт  “сэжиглэгдсэн” Т.Аюурсайхан, Б.Ганхуяг хоёр нэг талаараа Д.Амарбаясгалангийн нөхөд, нөгөө талаараа түүний гол дайсан. МАН-ын дараагийн дарга нарын тоонд Т.Аюурсайхан, Б.Ганхуяг хоёр зүй ёсоор нэрлэгддэг байсан. Тиймээс нүүрсний мафитай хийж буй засгийн тэмцэл нэг талаасаа Л.Оюун-Эрдэнэ авлигачдаа дарж буй мэт боловч нөгөө талаасаа Л.Оюун-Эрдэнийн гараар Д.Амарбаясгалан могой бариулж байна.

Эцэст нь Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёр нөхөр-дайсан болох нь цаг хугацааны асуудал юм.  Хэрэвзээ, хэн нэг нь эрх мэдлийн төлөө хүсэл шуналаасаа татгалзахгүй бол шүү дээ.

2.

Одоохондоо Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёр барьсан гараа тавилцаагүй байгаа ч тэдний дундуур “хар муур” хэдийнэ гүйсэн нь баттай. Гэвч тэнгэрт хоёр нар манддаггүй шиг МАН-д хоёр “хаан” байж болохгүй. Хэдий МАН-ын албан ёсны дарга нь Л.Оюун-Эрдэн боловч Засгийн гал тогоог, намын гал тогоотой нь базаж яваа Д.Амарбаясгалан цагаан байрандаа л “арслан” хэвээрээ байгаа. Тиймээс ирээдүйд Л.Оюун-Эрдэнийн нэг номерын дайсан бол Д.Амарбаясгалан байх нь гарцаагүй. Н.Энхбаяр, С.Баярын жишгээс, М.Энхболд, У.Хүрэлсүхийн замналаас харвал “ах нар”-ынхаа туулсан хувь заяаг тэд тойрохгүй байж ч мэднэ. Лавтайяа, тэд өнөөдөр хамтраад хамгийн том дайсан бол Т.Аюурсайханыг замаасаа зайлуулж байна. Дараагийн өрсөлдөгч нь Д.Сумъяабазар байсныг цэвэрлэх шиг боллоо. Гэхдээ Т.Аюурсайхан ч, Д.Сумъяабазар ч өөрсдөө л ширээн дээрээс ойчсон. Тиймээс өөрөө унасан хүүхдүүд уйлах хэрэггүй гэсэн үг юм.

Ардын нам дөрвөн даргын нүүр үзэж, намынхаа дүрэм журмын зөрчсөн анхны хүн бол Д.Амарбаясгалан. Өнөөдөр ч тэрбээр намын гал тогоогоо базсаар яваа нь Л.Оюун-Эрдэнэ түүнд итгэсэндээ юу эсвэл түүний “зангараг”-аас айсандаа юу гэдгийг зөвхөн Л.Оюун-Эрдэнэ л мэднэ.

3.

Өөрийнхөө гараар “өсгөж, бойжуулсан” дүү нарынхаа зодооныг хөшигний араас анхааралтайгаар ажиглаж суугаа У.Хүрэлсүх өнөөдөр ч улс төрдөө номер нэг хэвээрээ яваа. Нэгэн цагт, жаран тэрбум, ЖДҮ-ийн “хэргийг” өөртөө ашигтайгаар эргүүлж өнөөдрийн өндөрлөгт хүрэх замаа зассан түүний МАН-д үлдээсэн “Legacy”-г Л.Оюун-Эрдэнэ ч, Д.Амарбаясгалан өвлөж авсан. Тиймээс нүүрний хэргээр далимдуулж цагаан байран дахь МОХ-ныхны нэр нөлөөг бууруулж чадсан бол “ногоон автобус”-ны асуудлаар Д.Сумъяабазарыхныг хотоос цэвэрлэнэ гэсэн үг.

Д.Сумъяабазар ч, Ж.Сүхбаатар ч үхэхдээ үхэр буугаа тавьсан нь “тэр ногоон автобусны цаад эзэн бол….” гээд Д.Амарбаясгаланг хуруугаараа заачихлаа. Ядаж байхад түүний  авлигын талаарх гарсан гадаадын хэвлэлийн мэдээ шарлаагүй байдаг. Ардын намын “нохой зодоон” одоо л жинхэнээсээ эхлэж байна.

У.Хүрэлсүх уулан дээрээс “арслан, бар” хоёрын зодолдохыг харсан шиг ээ сууж байна. Түүнийг улс төрөөс, тэр тусмаа МАН-аас явсан гэвэл хэн ч үнэмшихгүй. Монголын ч, МАН-ын ч нэг номерын хүн шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж