Дараагийн хотын дарга хэн болох талаар ид бичиж байна. Өөрийнхөө хүнийг залгамжлуулах нь, тэр хэрэггүй, энэ хэрэггүй. Хэн болохыг мэдэж байгаа гэхчлэн өчигдрийн давхар огцролтын дараах үйл явдлууд өрнөсөөр.
Ер нь л хэдүүлээ эмэгтэй хотын даргатай болцгооё.
Өнөөгийн нийслэл маань хотын төрхөнд орсон цагаас хойш дан эрчүүд удирдаж иржээ. Үр дүн нь өнөөдрийн стрессийн түвшинг огцом нэмэгдүүлэх чадвартай Утаанбаатар биш ээ Улаанбаатар хот маань бүрэлдсэн юм биш үү. Дэлхий даяар хотуудын даргаар эмэгтэйчүүд сонгогддог тренд тогтоод байгаа. АНУ-д гэхэд өнгөрсөн жилийн сонгуулиар 50 мужийн 12-ынх нь захирагч эмэгтэй хүн сонгогдож, 2023 оноос түүхэн дэх хамгийн олон эмэгтэй хүн муж толгойлох нь гэж хэвлэлээр шуугиж байлаа. Зөвхөн АНУ гэхгүй дэлхийн өнцөг булан бүрт ер нь муж, хотыг эмэгтэй хүн удирдсан нь хамгийн зөв юм байна гэдгийг судлаачид ярьж хэлж ирэх болов.
Одоогийн байдлаар дэлхийн хотуудын дарга нарын 20 хувь нь эмэгтэйчүүд гэсэн тооцоо байдаг бөгөөд эдийн засгийн өсөлт, аюулгүй хүн амьдрахад таатай орчинг бүрдүүлдэг, дэд бүтцийн хөгжил дэвшлийг авчирдаг гэдэг нь батлагддаг. Түүнээс гадна ардчилсан, хүний эрхийг дээдэлсэн, амар амгалан хотууд цогцолж байгаа талаар ч ярих болсон. Тухайлбал, Филиппиний Замбоанга хотын жишээ байна л даа. Христ болоод лалын шашинтны мөргөлдөөн энэ хотод асуудал үүсгэдэг байсан бол Бен Климако хэмээх эмэгтэй даргатай болсноор асуудлыг энхтайванч зарчмаар шийдэж улмаар эмх замбараагүй байдал, террорист халдлагууд эрс алга болсон гэдэг.
АНУ-ын Техасын Форт Уорф хотын даргаар Бетси Прайс сонгогдсоноор хүүхдүүдийн дунд огцом нэмэгдэж байсан таргалалтын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь анхаарал татдаг. Тэрбээр өсвөр насны хүүхдүүдийн дунд байгаа жингийн илүүдэлтэй тэмцэхийн тулд эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөнийг дэмжих Fit Worth хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байгаа юм. Дор хаяж тэр хүүхдүүдээ идэвхтэй хөдөлгөөнд хамрагдах нөхцлийг хотын зүгээс гаргаж өгснөөр 25 мянган хүүхэд 20 сая минутыг дасгал хөдөлгөөнд зарцуулсан гэсэн тооцоо гарсан. Эмэгтэй дарга нар нарийн ширийн асуудлаас гадна дэд бүтэц, хот төлөвлөлт, том хөрөнгө оруулалтыг ч ухаалагаар шийдэж ажилладаг. Тэд уйгагүй, том зургаар нь харж, эмэгтэйчүүд, хүүхэд, эрчүүдэд ч тулгардаг асуудлуудыг шийдэж чаддаг. Өнөөдөр бид оршин сууж байгаа хот маань аюулгүй, хүндээ ээлтэй, агаар нь цэвэр, алхахад асуудалгүй, замын голд түгжирч суух цагаа гэр бүлтэйгээ, үр хүүхэдтэйгээ өнгөрүүлдэг байх юмсан гэсэн энгийн л хүсэлтэй байна. Нийслэлд төсөвлөгддөг тэр их мөнгийг учир утгатай үлдэх юмтай зарцуулдаг байгаасай гэж залбирдаг. Өнөөдөр монголчуудын түгжрэлийн эсрэг жилд зарцуулдаг мөнгөнөөс хоёр дахин бага мөнгөөр энэтхэгчүүд Сарны өмнөд хэсэгт түүхэн газардлага хийж, дэлхийн түүхэн амжилт гэгдэж, сансар огторгуйн хөгжилд түүхэн хувь нэмэр оруулж байна. Харин бид нар түгжрэлийн асуудлаа ч шийдэж чадахгүй, эхний алхам гэсэн нийтийн тээврийн шинэчлэлээ бөөн луйвар булхайтай үргэлжлүүлсээр. Одоо бараг энэ шунал хүсэлдээ чирэгдсэн эрэгтэй дарга нарын балгаар автобус авах тухай яриа хэсэгтээ яригдахгүй болж ч магад. Зүй нь өмхий ногоон автобусандаа биш харин өчүүхэн сэтгэлээр өөртөө ашиг харж байгаа албан тушаалтнуудад л байгаа юм. Ямартай ч өнөөдрийн хувьд ямар нэгэн авлига, хээл хахуулиас ангид бүлэглэлийн нөлөөнөөс тусдаа байж чадах хотын дарга бол эмэгтэй хүн харагдаж байна. Угаасаа эмэгтэйчүүд эрх мэдэл дээр байхад авлигын индекс буудаг нь дэлхийн дахинд нэгэнт нотлогдсон зүйл. Маш өндөр боловсролтой, ур чадвартай, мэргэшсэн эмэгтэйчүүд олон болсон. Бидний хувьд 1924 оны дөрөвдүгээр сарын 30-нд хороодын захирагч дарга нар, хотын хурлын гишүүдийн хурлаас хотын түр захиргааны даргаар гаалийн хорооны Моононгийн Баярыг хотын даргаар сонгосон цагаас хойш Д.Догсом, Г.Багаа, сүүлээс С.Мөнхжаргал, Л.Энэбиш, Ц.Баасанжав, Ж.Наранцацралт, М.Энхболд, Ц.Батбаяр, Т.Билэгт, Г.Мөнхбаяр, Э.Бат-Үүл, С.Батболд, С.Амарсайхан, Д.Сумьяабазар гээд дандаа эрчүүд хотыг маань удирдаж иржээ. Нэг ч эмэгтэй хотын мэр байсангүй. Тэгээд өнөөдөр амьдарч байгаа хотынхоо царайг хар даа. Одоо өөрчилж нэг үзье. Эмэгтэй даргаар Улаанбаатарыг удирдуулж нэг үзье. Эрх баригч намынхаан үүн дээр зоримог алхам нэг хийгээч. Угаасаа намууд эмэгтэйчүүдээ дэмжинэ гээд олон улсын форум дээр амлалт өгөөд байсан биз дээ. Одоо л амлалтаа биелүүлэнгээ, хотоо аврах цаг иржээ.
Холбоотой мэдээ