Хүүхэд хамгаалалтай холбоотой асуудлаар Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас өнөөдөр /2023.10.3/ мэдээлэл өгч байна.
Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн:
-Монгол Улс хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль гэх том хоёр хуулийг 2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр хүүхэд хамгааллын эрх зүйн орчин үндсэндээ бүрдсэн. Гол хуулиудаас гадна 50 гаруй дүрэм журам байна. Мөн 10 гаруй стандарт байгаа. Энэ бүх стандартыг хангах хүрээнд төрийн байгууллагын зүгээс шаардлагатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ажилладаг. Гэсэн хэдий ч сүүлийн өдрүүдэд хариуцлагагүй байдлаас үүдэж хүүхэд эндэж байгаа осол их гарч байгаад харамсч байна.
Эцэг, эхчүүдийн хариуцлагагүй байдлаас болж хүүхэд эндэж байгаа нь том асуудал.
Тиймээс хүүхэд төрүүлсэн хүн бүр үүрэг, хариуцлагатай байхыг хүсч байна. Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар бол дунд шатны төрийн захиргааны нэгж. Бид шаардлагатай тусламжийг өөрсдийн хүрээнд бүхий л чадлаараа үзүүлж байна. Хүүхдийн тусламжийн 108 утас 24 цагаар ажиллаж, хүүхдийн эсрэг хүчирхийллийн дуудлага мэдээллийг тогтмол авахаас гадна яаралтай тусламжийг үзүүлдэг. Мөн хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх төвийг ажиллуулж байна.
108 утсанд өдөрт 400-500 дуудлага ирдэг. Эдгээрийн 70 орчим хувь нь хүүхэд үл хайхрах хүчирхийлэлд өртөж байгаатай холбоотой байна.
Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний 34 төв аймаг, нийслэл, дүүргүүдэд ажиллаж байна. Энэ төв хүүхэд, эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг түр хугацаанд хамгаалахаар ажилладаг. Эдгээр төвүүд бүгд дүүрсэн. Тус төвүүдэд яаралтай тусламжаас гадна сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг. Төвүүдэд хүүхэд, эмэгтэйчүүд удаан хугацаагаар байрладаг учир хөгжлийн үйлчилгээг мөн үзүүлдэг.
2023 оны есдүгээр сарын 30-ны байдлаар 7096 хүүхэд хамгааллын тусламж үйлчилгээ шаардлагатай дуудлага улсын хэмжээнд бүртгэгдсэн.
Үүний 75 хувь нь нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн. 35,2 хувь нь гэр бүлийн орчин, 25,8 хувь нь үл хайхрах хүчирхийлэлд, 23,5 хувь нь сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн байна. Хүүхэд хүчирхийлэлд өртсөн дуудлага мэдээлэл ирсэн даруйд бид ажиллаж хорооны хамтарсан багтай хамтарч нөхцөл байдлын үнэлгээг ажлын найман цагийн дотор гаргадаг. Сургуулийн орчинд хүүхэд хүчирхийлэлд өртсөн бол сургуулийн хамтарсан багтай хамтарч нөхцөл байдлын үнэлгээг хийдэг.
Холбоотой мэдээ