Өдөрт 10 мянга орчим цагаач АНУ-ын хилийг зорьж буйг Мексикийн ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Обрадор Даваа гаригт хэллээ. Сүүлийн долоо хоногт Мексикээр дамжин АНУ-ын хил рүү нэвтрэхээр зорьж буй Венесуэлийн цагаачдын тоо эрс нэмэгджээ. Мөн Куба, Венесуэль зэрэг оронд АНУ эдийн засгийн хориг арга хэмжээ авсан нь энэхүү шилжилт хөдөлгөөнд буруутай гэв.
"Сүүлийн долоо хоногт Гватемалаас Мексик рүү өдөрт 6000 орчим цагаач нэвтэрсэн. АНУ-ын хилийг зорьж буй цагаачдын тоо үүнтэй холбоотой. Цагаачдын ихэнх нь Төв Америкийг дайран өнгөрдөг" гэж Мексикийн ерөнхийлөгч хэллээ.
Эдийн засгийн буруу менежмент, улс төрийн хэлмэгдүүлэлт нь эдгээр улсыг орхин гарч буй цагаачдын урсгалд голлон нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна. АНУ ардчиллыг нухчин дарж байна гэж үзсэн тул дээрх улсуудад хориг арга хэмжээ авсан. Гэвч хориг арга хэмжээ нь үзэл суртлын зөрүүтэй учир хүний эрхийг хамгаалахгүй гэж Лопез Обрадор үзэж байна.
Цагаачдын асуудлаас гадна Лопез Обрадор АНУ-ын Украинд үзүүлж буй тусламжийг шүүмжилжээ. Тэрбээр АНУ-аас Украинд илгээсэн мөнгөний тодорхой хэсгийг Латин Америкийн эдийн засгийн хөгжилд зарцуулах ёстой гэж мэдэгдэв.
Эх сурвалж: AP
Холбоотой мэдээ