Х.Болорчулуун: Өвс тэжээлийн нөөцийг би мэдэхгүй Шадар мэднэ

Хуучирсан мэдээ: 2023.10.03-нд нийтлэгдсэн

Х.Болорчулуун: Өвс тэжээлийн нөөцийг би мэдэхгүй Шадар мэднэ

Х.Болорчулуун: Өвс тэжээлийн нөөцийг би мэдэхгүй Шадар мэднэ

УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2023.10.03/ өвөлжилтийн бэлтгэл ажил болон намрын ургац хураалтын явцын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонслоо.

2023 онд нийт нутгийн 60 гаруй хувьд зуншлага сайн, 30 орчим хувьд нь дунд, 10 орчим хувьд муу гэж үнэлэгдсэн байна. Харин 2023-2024 оны өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 50 орчим хувьд хүрэлцээтэй, 50 гаруй хувьд нь даац хэтэрсэн судалгаа гарсан. Бэлчээрийн даацыг нэмэгдүүлэх зорилгоор 2023 оны хаврын улиралд найман аймгийн 46 сумын 120 гаруй мянган га талбайд микробоилогийн аргаар тэмцэх ажлыг зохион байгуулсан нь бэлчээрийн ургамлыг ургаж эхлэх үед мэрэгч амьтдын хөнөөлд өртөхөөс сэргийлж, цаашлаад бэлчээрийн тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх боломж бүрдсэн гэв.

Улсын хэмжээнд 2023 онд 18.1 сая толгой төл хүлээн авч, 5.1 сая толгой малыг дотоодын хэрэгцээнд, 12.1 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулан 62.8 сая толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан дүн мэдээтэй байна.  Засгийн газрын 2023 оны 279 дүгээр тогтоолын дагуу аймаг, нийслэл, сум дүүрэгт аюулгүйн нөөц бүрдүүлбэл зохих өвс, тэжээлийн хэмжээг тогтоон хүргүүлсэн. Тогтоолын хүрээнд аймаг, сумын аюулгүйн нөөцөд нийт 21.5 мянган тонн өвс, 12.6 мянган тонн тэжээлийг бэлтгэхээс одоогийн байдлаар аймаг, сумын аюулгүйн нөөцөд 2105 тонн өвс, 425 тонн тэжээлийг бэлтгээд байна. Аймгууд тендер зарлах, гэрээ байгуулах шатандаа байна. Энэ онд улсын хэмжээнд малчдын түвшинд 2023 оны 9 дүгээр сарын 29-ний  өдрийн байдлаар 696.0 мянган тонн өвс, 232.5 тонн сүрэл, 7.8 мянган тонн ногоон тэжээл, 2.5 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 15.4 мянган тонн гар тэжээл, 534.6 тонн дарш, 19.5 мянган давс, хужир шүүг бэлтгэж, малчдын өвс, тэжээлийн бэлтгэл 42.8 хувийн гүйцэтгэлтэй байгааг салбарын сайд онцоллоо.

УИХ-ын гишүүн Ж.БАТЖАРГАЛ:

-Энэ өвөл цаг агаарын төлөв ямар байна гэж гарав. Өвс тэжээлийн бэлтгэл ямар байна вэ. Гантай өвөлжилт хүндрэх бүс нутаг руугаа өвс, тэжээлийг яаж байршуулах вэ. Төрийн дэмжлэг байна уу. Улсын нөөц бүрдүүлэлт ямар шатанд явна вэ. Аймгууд аюулгүйн нөөцдөө бага, багаар нөөц бүрдүүлэлт хийж байна. Ургац хураалт яг одоо хэдэн хувьтай байна вэ. Цэрэг, оюутнууд буцаан татагдсан байна. Гурав хоноод бороо орж байгаагаас тариа хураалт 20 гаруй хоног зогслоо. Ажиллах хүчин дутагдаж эхэллээ.

Малаа ангилж мах бэлтгэлийг сайжруулах. Өсвөр насны малаа эдийн засгийн эрэглтэд олруулах талаар яам ямар бодлого хэрэгжүүлж байна вэ. Булангийн орнууд руу хэр экспортлохоор байгаа вэ. Экспортод гаргаж байгаа мах дотоодод борлуулагддаг үнээс ч хямдаар гарч байна.

Мал эрүүлжүүлэхэд онцгой анхаарал хандуулж, төсвийг нь 3 дахин нэмэгдүүлсэн. хуучин 21 тэрбумыг зарцуулдаг байсан бол энэ жилээс  61 тэрбумаар баталсан. Гэтэл та нарын мэдээллээр вакцинжуулалт  зарим аймагт 80 хувь, зарим аймагт 90 хувьтай байх юм. Халдварт өвчний голомт тээвэрлэлт болоод байдаг?

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.БОЛОРЧУЛУУН:

-Өвөлжилтийн бэлтгэл гэдэг бол өвс тэжээлээ хангалттай бэлдэхээс гадна малчид орлоготой байх ёстой. Малчдын орлого энэ жил сайн байгаа. Өнгөрсөн жил 16 мянган тонн мах экспортолсон бол энэ оны наймдугаар сарын байдлаар 46 мянган тонн малын  мах экспортолсон.

Өвс тэжээлийн хөнгөлөлт гэж байхгүй, зах зээлийн зарчмаар явна. Өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх асуудал Шадар сайдын хамаарлын ажил. Шадар сайд тодорхой тоон мэдээлэл өгөх байх.

Мал, махыг экспортод нэг сувгаар гаргахад худалдааны соёлоос болдог уу нэгнийгээ унагах байдал гарсан. Тийм учраас экспортын маханд доод үнийг 3.5 ам.доллараар тогтоосон.  Энэ үнээс доогуур экспортолбол бодлогын гэрээ хийхгүй гэдэг асуудлыг ярьсан.

Энэ жил сүүлийн 10 жилд байхгүй га-гийн өндөр ургац авахаар байсан юм. Гэтэл сүүлийн 10 жилд байхгүй хатуу намар болж байна, тариа хураалт дөнгөж 9 хувьтай. Өдийд 60 хувьд хүрдэг. Даруй сарын хугацаагаар хоцорч байна гэсэн үг. Засгийн газраар өнгөрсөн долоо хоногт яам тогтоол гаргуулсан. Бүх их дээд сургуулийн оюутныг  14-21 хоногийн хугацаатай сунгаж ургац хураалтад оролцуулахаар болсон. Уржигдар Төв аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргатай ярьсан. Батлан хамгаалахын сайдтай мөн ярилцаж цэргүүдийг аравдугаар сарын 10-н гартал ажиллуулахаар болсон

УИХ-ын гишүүн Г.ГАНБОЛД:

-Баруун аймгуудад одоо хүндрээд эхэлсэн гэж ярьж байна. Болорчулуун сайд аа, өвс тээжээлийн нөөц бүрдүүлэлт Шадар сайдын асуудал бид мэдэхгүй гэж яриад сууж таарахгүй.

Засгийн газартаа та бүхэн энэ өвлийн нөхцөл байдал, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлтийг яаж танилцуулж байгаа юм, урьдчилсан байдлаар. Улсын нөөцөд өвс бэлтгэхээ больсныг та бүхэн мэдэж байгаа юм. Тэжээл л жаахан бэлтгэдэг болсон шүү. Шадар сайдыг хараад сууж байтал хаваржилт хүндэрхэд танайхаас л өвс, тэжээл нэхнэ. Шадар сайд “журам нь ийм” гээд сууж байна. Засгийн газрынхаа төвшинд өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлт дээрээ анхаар. Ирэх жил сонгуультай баахан улстөржилт болж мэднэ.

Хүнс хөдөө аж ахуйн сайд мал амьдаар гаргах дээр нэмж зөвшөөрөл өгөхгүй гээд байх юм. Ганцхан компани мал экспорт дээр монополь эрх авчихсан, бусдыг нь өрсөлдүүлдэггүй, оруулдаггүй байж таарахгүй. Бүгдээрээ л ярьдаг ш дээ.  Хэдэн жилийн өмнө л “Ганцхан Ч.Улаан сайдын авгайгийн дүүгийн компани мал экспортын зөвшөөрөл авсан” гээд…  Монопольдоод, өөр хэнийг ч оруулахгүй, монофолийг нь дэмжээд сууж боохгүй ш дээ. Өөр хүмүүс очиж өрсөлдмөөр байна. Тэнд ганцхан төмөр хашаа л барьсан.  Малыг амьдаар нь гаргахын өмнө хэд хоног тусгаарлах тухай л асуудал болохоос биш тэнд хөрөнгө оруулах юм байхгүй. Зөвшөөрлийг нь олгоод өрсөлдүүлээд яв л даа. Хил гаргах асуудал дээр доод үнийг нь тавиад өндөр үнээр явахгүй бол тэнд ганцаараа монопольдож байна. Амьдын жингээр 1 кг нь 3500 төгрөгөөр авч байна,  70000  төгрөг л болдог.  Хятадын хил даваад хэд хүрч байгаа юм бүү мэд. Ганцхан компани монополь байхын гай энэ.  Энэ дээр сайд өөр бодлого барьж, өрсөлдөөн бий болго. Өвөл мал сая саяараа хорогддог. Түүнээс урьтаад баруун зүн бүсээрээ малаа экспортлох хэрэгтэй.

Дээр нь та нар одооноос төлөвлөөд вакциныг цаг улиралд нь хийчихэж байгаач ээ.  “Био комбинат”-ынхаа вакциныг муу гээд байх юм. Цаг хугацаанд нь багтаад хийдэггүй. Дотрын хордлого тавдугаар сар гаруут илэрч, тэр үед вакцин хийх шаардлагатай болдог. Гэтэл зургадугаар сар гарсан байхад аль ч аймагт нэг ч вакцин очоогүй байсан шүү дээ.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.БОЛОРЧУЛУУН:

-Зүүн, баруун чинглэлээр мал, мах гаргах асуудлыг Гадаад харилцааны яамаар дамжуулаад Хятадын талд тавьсан байгаа. Хятадын талаас нааштай хариу ирэх байх гээд хүлээж байна. Хятадын талтай зохицож нэг боомт нээхгүй бол лабораториос эхлүүлээд нэмэлт хөрөнгө шаардлагатай байдаг юм билээ.

Амьд мал гаргах хэрэгтэй. Нийт бог малын 5, 10 хувиас хэтрэхгүй байх гэдэг ч юм уу, ҮАБЗ-өөрөө яриад тогтчихоё гэсэн бодолтой байгаа.

Үхрээс бусад бүх төрлийн малын махыг квотгүй болгосон. Одоогийн хурлаар үхэр дээр квот байлгах эсэх асуудлыг ярина. Үхрийн махыг чанасан болон түүхий махны квот гэж гаргаж өгч байгаа. Хавар “махны экспортоо зогсоогооч ээ” гээд хашгирдаг. Тэгэхээр маргаашийн хурлаар ярилцана. Та бүхэн саналаа хэлээрэй.

Мал эмнэлгийн даргыг хуралд оролцуулах байж, малын өвчлөлтэй холбоотой асуудал яригдаж байна.

Улсын нөөц бол ажил үүргийн хуваариар Шадар сайдад хамаарч байгаа. Хүнс хөдөө аж ахуйн сайдад хуучин хамаардаг байсан.

Хуралдааны төгсгөлд Байнгын хорооны дарга Б.Саранчимэг өвөлжилтийн бэлтгэл ажил болон намрын ургац хураалтын явцын талаар мэдээлэл сонссон нь уг ажлыг эрчимжүүлэх, үр дүнд ахиц гаргахтай холбоотой юм. Иймд УИХ-ын гишүүдээс гаргаж буй оновчтой, тодорхой саналуудаар хуралдааны протоколоор чиглэл өгөх тул салбарын яамныханд дараагийн удаа үр дүнгийн талаар тодорхой мэдээлэл ирүүлэхийг даалгав.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж