Парисын урлагийн долоо хоногийн үеэр "Лхам" галерей нь Монголын орчин үеийн урлагийн уран бүтээлчдийн хамтарсан "Цагаан сүүгээр хөх тэнгэрийг будна" үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна. Тодруулбал, 2023 оны аравдугаар сарын 14-26-ны хооронд Франц улсын нийслэл Парис хотноо "Цагаан сүүгээр хөх тэнгэрийг будна" монгол уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг зохион байгуулах гэнэ.
"Лхам" галерей нь контемпорари арт галерейн Монгол болон төв Азийн уран бүтээлчдийн бүтээлийг дэлхийн зах зээлд таниулах, дэлхийн хэмжээний уран бүтээлчдийг Монголд авчрах зорилготой 2022 онд үүсгэн байгуулагдсан олон улсын түвшинд үйл ажиллагааг явуулж буй галерей билээ.
Энэ сард Парис хотод Азийн урлагийн долоо хоног, "Art Basel Paris- 2023" хамгийн том урлагийн долоо хоног арга хэмжээг зохион байгуулагдах болно. Лхам галерейн "Цагаан сүүгээр хөх тэнгэрийг будна" үзэсгэлэнг Олон улсын урлагийн хөгжлийн холбоотой (IADA) хамтран зохион байгуулах аж.
IADA нь Парист төвтэй, Казахстан болон Төв Азийн орчин үеийн урлагийг сурталчлах зорилготой ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага юм.
Доктор Кристианна Бонины кураторлосон "Цагаан сүүгээр хөх тэнгэрийг будна" үзэсгэлэнд Монголын орчин үеийн урлагийн найман уран бүтээлч оролцож байгаа аж. Ингэснээр монгол галерей анх удаа гадаадад томоохон үзэсгэлэнгээ гаргаж байгаа явдал юм. Үзэсгэлэнгийн нэр нь монголчуудын зан үйл болох тэнгэр өөд сүүн цацал өргөх ёсыг билэгдсэн бөгөөд үзэсгэлэнгээр Батжаргалын Баатарзориг, Энхтөрийн Бэхбаатар, Chayodu, Болдын Номин, Цэцэгмаагийн Номин, Оюунпүрэвийн Ням-Очир, Даваадоржийн Одончимэг, Түвшинбатын Зула нарын бүтээлүүдийг толилуулах болно.
Тус үзэсгэлэнгий нээлтэд oлон улсын музей галерейн удирдлагууд, кураторууд,олон улсын сэтгүүлчид зэрэг хүндэт зочид ирнэ. Мөн үзэсгэлэн гарах хугацаанд Куратор Кристианна Бонин, уран бүтээлчид, болон Төв Азийн орчин үеийн урлагийн олон улсын мэргэжилтнүүдийн яриа, ярилцлага зэрэг хөтөлбөрүүд үзэгчдэд хүргэх болно.
Холбоотой мэдээ