Ипотекийн зээлийг төв банк хэрэгжүүлж байгаа нь инфляци үйлдвэрлэх нэг шалтгаан болж байна гэдэг асуудлыг Олон улсын валютын сангаас зөвлөж ирсэн.
Энэ дагуу өнгөрсөн жил УИХ-аас “2023 оны долдугаар сарын 1-ээс эхлэн ипотекийн зээлийг Засгийн газар хэрэгжүүлэх ёстой” гэдэг үүрэг даалгавар өгсөн ч амжилтгүй болжээ.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн тайлбарласнаар УИХ-аас гаргасан үүрэг даалгаврыг биелүүлэх хүрээнд Барилга хот байгуулалтын яаман дээр ажлын хэсэг гарч ажилласан байна. Гэвч 2023 оны долдугаар сарын 1-нд багтаан ипотекийн зээлийг Засгийн газарт шилжүүлэн авах боломжгүй, чадахгүй, хүчин чадал байхгүй байна” гэдэг хариу өгсөн аж.
Монголбанк нь 2013 оноос эхлэн ипотекийн зээлийг хэрэгжүүлсэн бөгөөд энэ хугацаанд 3.6 их наяд төгрөгийг гаргажээ. Иймээс 3.6 их наяд төгрөгийг удирдан авч явахын тулд төв банк өөр дээрээ авч, үргэлжлүүлэхээс аргагүй болжээ.
Мөн ипотекийн зээлийг хэвийн үргэлжлүүлэхэд жилд 600 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай. 3.6 их наяд төгрөгийн эргэн төлөлтөөр 350 тэрбум төгрөг жилд орж ирдэг. Түүн дээр нэмээд 250 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай. Энэхүү эх үүсвэрийг төв банк гаргахгүй гэвэл өөр ямар газраас нэмэлтээр гаргах вэ гэдэг асуудлыг одоо судалж буй аж. Энэ чиглэлээр Дэлхийн банк болон бусад байгууллагатай ярилцаж буй юм байна. Тухайлбал, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамтай Нийгмийн даатгалын сангийн эх үүсвэрийг ашиглах асуудлаар ажлын хэсэг гараад судалж байгаа аж.
Түүнчлэн Засгийн газар ипотекийн асуудлыг хариуцах тусдаа бие даасан агентлаг байгуулах санал гаргажээ. Энэ хүрээнд Үндэсний ипотекийн корпораци гэдэг агентлаг байгуулах, ингэхдээ хууль эрх зүйн орчныг бий болгох чиглэлд ажиллаж буй аж. Харин бие даасан агентлаг байгуулагдан үйл ажиллагаа эхлүүлэх хүртэл ипотекийн зээлийг төв банк өөрөө дээрээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ