Хятадын цахим худалдааны нийслэл гэгддэг Ханжоу хотноо 19 дэх удаагийн Азийн наадам амжилттай үргэлжилж байна. Эртний түүх соёл, орчин үеийн технологийг хослуулсан тус хотоос Монголын баг тамирчид өнөөдрийн байдлаар дөрвөн мөнгө, найман хүрэл нийт 12 медалийг цуглуулаад буй. Цар тахлын улмаас товлосон хугацаанаасаа нэг жилийн хойно болж байгаа ч нэршил нь хуучнаараа явж буй 19 дэх наадмыг News.mn сайт албан ёсны эрхтэйгээр халуун цэг дээрээс нь сурвалжилсан юм.
Ханжоугийн наадмын нээлт есдүгээр сарын 23-ны өдөр байсан боловч волейбол, крикет, хөлбөмбөг тэргүүтэй спортын тэмцээнүүд хэдийнэ эхэлсэн байлаа. Монголын баг тамирчдын салхийг крикетийн баг хагалж, хурд хүчээ сорив. Үүний дараа волейбол, хөлбөмбөгийн шигшээ багууд төрийн дууллаа эгшиглүүлсэн.
Ханжоу хот дахь бидний эхний зогсоол 12 мянган хүний суудалтай Линпинг спортын төвийн цэнгэлдэх байв. Тус цэнгэлдэхэд Монголын хөлбөмбөгийн эмэгтэй шигшээ баг эзэн орны хүчирхэг багтай хэсгийн эхний тоглолтоо хийсэн. Азийн том багийн эсрэг монгол охидын ур чадвар, туршлага дутаж, 0-16 гэсэн харьцаатай ялагдал хүлээсэн. Тоглолтын дараа шигшээ багийн ахлагч О.Цасан-Охин “Дэмжсэн хүмүүстээ баярлалаа. Урмыг нь хугалсан бол уучлаарай. Байгаагаа л гаргалаа” гэсэн юм.
Тэгвэл дараагийн өдөр наадмын нээлтийн ёслол болсон. 80 мянган хүний суудалтай Ханжоу хотын олимпийн төв цэнгэлдэхэд дэлхий нийтийг алмайруулсан тоглолтыг Хятадын уран бүтээлчид толилуулсан. Найруулагч Шао Шиаолан Хятадын гэхээсээ илүүтэйгээр Ханжоу хотын үүсэл хөгжил, түүхэн замналыг орчин үеийн техник технологитой хоршуулан өгүүлсэн нь гайхалтай.
Эртнээсээ Өмнөд Сүн улсын нийслэл, цай, торгоороо алдартай байсан Ханжоу шинэ мянганд Алибаба, Азийн наадмаар өнгө төрхөө шинэчилсэн.
Усан цэнхэр өнгөөр жигдэрсэн Монголын баг тамирчид төрийн далбаагаа барьсаар цэнгэлдэхэд орж ирэхэд хөх толботой төрсөн хэн хүнгүй огшмоор. Мөн ирэх олимпод Монгол Улс цагаан туган дор оролцох эрсдэл үүссэн учир тамирчдаа төрийн далбаатай харах нэг бодлын бахархам, нөгөө талдаа гунигтай байлаа.
Нээлтийн маргаашнаас медалийн төлөөх тэмцэл, өрсөлдөөн албан ёсоор эхэлсэн. Хятадын рөүингийн тамирчид болох Зөү Жиачи, Чиү Шиүпин нар хосын төрөлд эх орондоо наадмын анхны алтан медалийг авчирсан. Зуун алтан медаль авна гэсэн зорилготой Азийн наадамд оролцож буй зохион байгуулагчид одоогийн байдлаар 148 алтан медальтай явж байна. Тэдний ард 33 алтан медальтай Япон удаалж буй.
Монголын баг энэ удаагийн Азийн наадмаас доод тал нь арван медаль авах зорилготой очсон. Хэдий медалийн тоо зорилгодоо хүрсэн ч чанар буюу алтан медаль үгүйлэгдсээр байна.
Монголын багийн анхны медалийг буудлагын эмэгтэй тамирчид багийн төрөлд авчирсан. Үүний дараа жүдогийн тамирчдыг алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэх болов уу гэж хүсэн хүлээсэн ч Ё.Басхүү, Б.Гончигсүрэн нар шигшээд дийлдэв. Мөнгөн медаль хүртсэн Ё.Басхүү “Бэлдсэн мэхээрээ давж, санасандаа хүртэл барилдаж чадлаа. Жаахан тактикийн алдаа гаргачихлаа. Боломж байх шиг л байсан” гэсэн юм.
Дашрамд дурдахад, Монголын үндэсний олимпийн хорооны зүгээс алтан медалийг 300 ам.доллараар, мөнгөн медалийг 200 ам.доллараар, хүрэл медалийг 100 ам.доллараар тус тус урамшуулж байна.
Жүдогийнхны дараа сагсан бөмбөгчид анхаарал татаж эхэлсэн. 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд тэмцээнээ ялалтаар эхлүүлж, медальд ойрхон гэдгээ харуулсан. Эцэст нь Монгол Улс багийн спортын төрлөөр Азийн наадмаас анх удаагаа хос медаль хүртсэн билээ.
Баг тамирчдынхаа ялалт, амжилт, ялагдал бүрийг ард түмэндээ хүргэх дуу ажлыг сэтгүүлчид, зурагчид хийдэг. Монголын баг тамирчид энэ удаагийн Азийн наадамд хамгийн өргөн бүрэлдэхүүнээ илгээсэнтэй ижил спортын сэтгүүлчид, гэрэл зурагчид ч өндөр ач холбогдол өгч Ханжоуг зорьсон. Салбарын нөхдөө төлөөлөн Соёлын гавьяат зүтгэлтэн, гэрэл зурагчин Ч.Ганбат ярихдаа “Дөрөв дэх Азийн наадамдаа ажиллаж байна. Онцлог нь гэвэл манайхан өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Зохион байгуулалт тун сайн байна. Маш сайхан Азийн наадам болж байна” гэв.
Мөн тэрбээр спортыг дэмжигч Баянмөнх Техник Дэвшил ХХК-д баярласан талархсанаа илэрхийлсэн юм.
Ямартай ч Азийн наадам жаргах дөхөж байна. Гэхдээ Монголчуудын ч алтан медалийн горьдлого тасраагүй. Ирэх өдрүүдэд бокс, чөлөөт бөх, жиү жицү зэрэг медаль хүртэх боломжтой төрлүүд биднийг хүлээж байна.
Гэрэл зургийг Ч.Ганбат
Холбоотой мэдээ