Сураг ажиг: Хотын даргыг хотын фракц авна

Хуучирсан мэдээ: 2023.10.03-нд нийтлэгдсэн

Сураг ажиг: Хотын даргыг хотын фракц авна

Сураг ажиг: Хотын даргыг хотын фракц авна

Хотын дарга Д.Сумъяабазар, Засгийн газрын сайд Ж.Сүхбаатар нар өөрсдийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгсөн. Ингэснээр дараагийн Хотын дарга хэн байх бэ гэдэг уралдаан, тохироо МАН дотор үргэлжилж байна. Хөшигний ард олон улс төр өрнөж, хэн нь сонгууль ойртсон энэ үед асуудал ихтэй хотыг удирдаж, түгжрэлийн асуудлыг шийдэх сайдаар томилогдох вэ гэдэг таамаг олон янзаар яригдаж буй. Гэвч дээрх хоёр албан тушаалд МАН доторх хотын фракциас хүн томилно гэсэн таамаг байна.

Хэрэв хотын фракциас хүн томилно гэж үзвэл улс төрөө даах, хот хэмээн аж ахуйн асуудалд зоригтой шийдвэр гаргах, намын удирдлага, Засгийн газартайгаа ойлголцох хүнийг томилох хувилбарууд яригдана.

Мэдээж Хотын дарга, сайд болж олонд танигдах горилогчид МАН-д олон бий ч сонгуулийн өмнөх жил улс төрийн гаднаас хүн томилно гэдэг бараг л боломжгүй хувилбар. НИТХ-ын төлөөлөгч дундаас хотын даргыг томилох гэхээр одоогоор зангарагтай, хотыг, Иргэдийн хурлаа базаад явах зангарагтай хүн хуруу дарам цөөн.

Онцлоход, сонгууль ойртсон, улс төр өрнөж буй энэ үед парламент, Засгийн газрын гаднаас хотын даргыг томилоход хүндхэн. Улс төрийн ийм халуун үед аливаа улс төрөө даачих, сонгуулиас өмнө намынхаа нэр хүндийг унагахгүй байх нь нэн чухал учраас сул хүн тавихгүй л болов уу, МАН.

Өнгөрсөн 2020 оны сонгуульд хотод ялалт байгуулж, хотоо удирдах эрхтэй болсон МАН-ын хувьд энэ удаад ч мөн ялалт байгуулах сонирхол өндөр бий. Тиймээс сонгууль хүртэл хотод зоригтой шийдэл гаргаж, улс төрийн зориг гаргах хувилбар нь оновчтой гэж үзэж буй.

ХОТЫН ДАРГАД Х.НЯМБААТАР, Н.УЧРАЛ ГЭСЭН ХУВИЛБАР ЯРИГДАЖ БАЙНА

Одоогоор нийслэл хэмээх их айлыг хэн удирдах вэ гэдэг дээр МАН эргэлзсээр, тохирсоор байна.

Хувилбар-1

Одоогийн хотын фракц дотор Засгийн газрын сайд Х.Нямбаатар, Н.Учрал нарын нэгийг нь ачаа үүрүүлж, хотын даргад томилох нэг хувилбар бий. Х.Нямбаатарын хувьд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байгаа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гал хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж байгаа учраас Хотын даргаар явуулна гэдэг бас л хүнд сонголт болно, МАН-ын дарга нарт.

Гэхдээ ирэх сонгуулиа бодсон ч хотыг удирдаад, зангидаад явах даалгавар намын удирдлагууд өгвөл Х.Нямбаатар хотын дарга бүрэн боломжтой. Түүний хувьд Сонгинохайрхан дүүргээс УИХ-д хоёр ч удаа сонгогдож, 2020 оноос У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж буй. Улстөрчийн хувьд Сонгинохайрхан дүүргийн намын хорооны дарга, намын удирдлагтайгаа ойлголцоод явах боломжтой хувилбар. Хэрэв Х.Нямбаатар хотын даргаар очвол нийслэлийн МАН-ын хороогоо удирдаж, сонгуульд оролцох уу гэдэг асуудал үүснэ.

Хувилбар-2

Дараагийн нэг хувилбар бол мөн л хотын фракциас бөгөөд саяхан Сүхбаатар дүүргийн намын хорооны даргаар сонгогдсон, Цахим хөгжлийн сайд Н.Учрал. Н.Учрал хотын даргаар томилогдвол түүний оронд Э.Батшугарыг Цахим хөгжлийн сайдаар томилж, Цахим бодлогын байнгын хорооны даргаар нэг гишүүнийг томилох хувилбар яригджээ. Тэр ч мөн хотын фракцидаа орохоос гадна Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын Цахим хөгжлийн сайдаар томилогдоод багагүй цаг хугацааг үдсэн. Цахим шилжилт, цахим Монгол хөтөлбөр гэх МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд яам байгуулж өгсөн гэх яриа ч улс төрийн хүрээнд бий.

Улстөрчийн хувьд Сонгинохайрхан дүүргээс УИХ-д хоёр ч удаа сонгогдсон ч намын дарга нарын даалгавраар АН-д ялагдсан Сүхбаатар дүүргийн намын хорооны даргаар томилогдоод ажилдаа орсон.

Ж.СҮХБААТАРЫН ОРОНД УИХ-ЫН ГИШҮҮДЭЭС “ТОМИЛНО”

Хэдийгээр яамгүй ч Засгийн газрын сайдаар ажиллаж, түгжрэлийн асуудлыг шийдэх дараагийн сайдыг УИХ дотроос сонгох тохироог хийжээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд нь давхар дээлтэй сайд хийх боломжтой учраас хотын фракцийн хотоос сонгогдсон гишүүдийн нэгийг томилно гэх яриа бий.
Тэгвэл үүн дунд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан боломжтой хувилбар гэсэн таамаг бий. Түүний хувьд анх удаа УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргээс сонгогдсон бөгөөд парламентад бол “чимээгүй” гишүүдийн тоонд орно. Гэхдээ нийслэлийн нам дотроо бол тэр чимээгүй нэгэн биш гэдгийг ойрын хүрээлэл нь хэлдэг. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө хоёр ч удаа НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байсан нэгэн.

Түүнээс гадна УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирын нэр мөн яригдаж байна. Түүний хувьд Багануур дүүргийн Засаг дарга, тус дүүргийн намын хорооны даргаар олон жил ажиллаж байгаад 2020 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, сонгогдсон юм.

Эцэст нь хэлэхэд, улс төрийн тохироо, өрнөл цаг минутаар өөрчлөгдөж байгааг онцлоё.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж