"Би нийслэлийн Ардчилсан намын даргад өрсөлдөнө"

Хуучирсан мэдээ: 2023.10.03-нд нийтлэгдсэн

"Би нийслэлийн Ардчилсан намын даргад өрсөлдөнө"

"Би нийслэлийн Ардчилсан намын даргад өрсөлдөнө"

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн Д.Бадарсантай ярилцлаа. 


-Хотын төсөв Ардчилсан нам эрх барьж байх үеэс бараг дөрөв дахин тэлсэн байна. Сөрөг хүчний зүгээс хотын төсөвт хяналт тавьж чадаж байна уу?  

-Нийслэлийн ИТХ нийт 45 төлөөлөгчтэй. Эрх баригчдын хувьд 35-уулаа. НИТХ-ын 80 хувийг эзэлж байна. Сөрөг хүчний хувьд бид тодорхой асуудлууд болгон дээр санал гаргадаг. Гэвч харамсалтай нь хэт цөөнх учраас бидний санал ажлуудад тусгагдаж чаддаггүй тал байгаа. Ирэх оны төсөв гэхээсээ илүү манай бүлгийн хувьд 2023 оны төсвийн гүйцэтгэлээ тайлагнаач гэдэг асуудлыг тавьж байгаа. Нийслэлийн сүүлийн хэдэн жил бараг гурав дахин нэмэгдсэн. 1.7 их наяд орчим төгрөгийн төсөв баталж байгаа. Хэдхэн жилийн өмнө 500 тэрбумаар нийслэл бүх ажлаа явуулдаг байсан.

Жишээлбэл, бүх урсгал зардал, халамжийн сан, нийтийн тээврийн зардал, албан хаагчдын цалин, бусад шаардлагатай зардал нийлээд 200 гаруй тэрбум төгрөгт багтдаг байсан.

Үлдсэн 200 гаруй тэрбумыг шаардлагатай байгаа зам талбай, дэд бүтэц, дахин төлөвлөлт, эмнэлэг, сургууль зэрэг нийгмийн асуудлыг шийддэг байсан. Гэвч 2016 оноос хойш урсгал зардал маш өндөр болсон. Харамсалтай нь урсгал зардал их болох тусам хийж байгаа ажил буурсан. Бүтээмжгүй болсон. Илүү бүтээлч байдал алдагдаж байна гэдгийг бүгд л харж байна. Үр дүн багатай ажил маш их байна. Гэр хорооллоо хотжуулах, инженерийн шугам сүлжээг шаардлагатай газруудад татах хэрэгтэй байна. Олон дэд төвүүдтэй болох төлөвлөгөө батлагдаад бараг 10 жил болж байгаа. Энэ асуудлыг шийдээгүйн улмаас хотын утаа, түгжрэл, хөрсний бохирдол, нийслэлийн хэмжээнд буй 300 мянгаад нүхэн жорлон зэрэг нь цаанаа маш олон муу үр дагаврыг дагуулж байна. Улаанбаатар хотын өрх бүрт харшилтай хүн байна.

Энэ бол зөв менежмент, зөв бодлогогүйн, төсвөө зөв зарцуулж чадахгүй байгаан илрэл юм. Хотын ажил удаашралтай байгаагийн нотолгоо.

-Хотын өр хоёр их наяд болсон байна.  Дээр нь 500 тэрбумын бонд гаргахаар болсон. Заавал  ийм их хэмжээний өр тавих шаардлага байгаа юу? 

-Орон нутгийн төсөв бол өөрөө өр зээл тавьж болдоггүй онцлогтой. Орлого, зарлага тэнцэж байх ёстой. Улсын төсвөөс онцлог нь ийм юм. Хэдхэн сарын өмнө бонд гаргах шийдвэр гаргасан. Энэ асуудалд манай бүлгийнхэн оролцоогүй, эсэргүүцсэн.

Нийт 500 тэрбумын бонд гэхээсээ илүүтэй дахиад хэлэхэд маш өндөр байгаа урсгал зардлаа бууруулж танах ёстой. Эндээс ажлаа эхлэх юм бол хот өөрөө өрөнд орохгүйгээр, өр төлбөр тавихгүйгээр түгжрэл, утаа униар, нийгмийн нэн шаардлагатай байгаа олон асуудлаа шийдэх бүрэн бололцоотой гэж боддог. Энэ асуудалдаа жил бүр нухацтай хандах хэрэгтэй.

Тэгж байж л хотын хүн амын өсөлт, эдийн засгийн өсөлтийг олон ажил хоорондоо уялдахгүй бол төсвийн буруу бодлогоос болоод энэ асуудлууд хаягдсанаар хотын томоохон асуудал үүсэж байна. Улаанбаатар хотын иргэд өдөр бүр түгжрэлд гурван цаг зарцуулж байна. Үүний цаана эдийн засгийн ямар хохирол байх вэ. Олон зүйлийг хэлж болно. Тэгэхээр дорвитойхон л арга хэмжээ авах хэрэгтэй. Нийтийн тээвэрт 230 тэрбум төгрөг зарцуулж байна. 230 тэрбум төгрөг гэдэг бол нийтийн тээврийг хангалттай босгоод ирэх хөрөнгө. Зөв менежмент хийх юм бол түгжрэлийг бууруулах томоохон үүрэгтэй. Харамсалтай нь ажил санасан хэмжээнд хүрэхгүй байна.  Нийслэлийн аудитын газраас гаргасан дүгнэлт байдаг. Урсгал зардал өндөр байгааг жил бүр аудитын дүгнэлтэд дурддаг. Би дахиад хэлье. Урсгал зардлаа хэмнэж танаж байж хотын хулгай луйвар арилна.

"ДАРГА НАРЫН УНАХ МАШИН, ГАДААД ТОМИЛОЛТ, ЭД ХОГШЛЫН ЗАРДАЛ БҮР ИХ НЭМЭГДСЭН"

-Та яг ямар зардлуудыг үргүй гэж хэлж байна? 

-Нийтийн тээвэр, албан хаагчдын цалингийн зардал нэмэгдсэн. Дээр нь огт хэрэггүй олон арга хэмжээнд маш их мөнгө үрдэг болсон. Үр өгөөж нь мэдэгдэхгүй. Гадаад томилолт, эс хогшлын зардал бүр их нэмэгдсэн. Дарга нарын унах машинд ч маш их мөнгө зарж байна.

Нийт дүнгээрээ урсгал зардал гурав дахин өссөн. Уг нь шаардлагагүй зардал их байгаа.

-Танай бүлгийн зарим гишүүний зүгээс хотын дарга Д.Сумъяабазарыг огцруулах асуудлыг хөндөж байсан?

-Бүлгийн гишүүдийн зүгээс ийм асуудал дэвшүүлсэн. Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулиар төлөөлөгчдийн гуравны нэг нь санал гаргаж, Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцдэг. Нийслэлийн ИТХ 45 төлөөлөгчтэй гэхээр 15 төлөөлөгчийн саналаар хотын дарга Д.Сумъяабазарыг огцруулах асуудлыг хэлэлцдэг. Ардчилсан намын бүлэг 8 гишүүнтэй. ХҮН 3 төлөөлөгчтэй. Манай бүлгийн гишүүд хотын дарга Д.Сумъяабазарыг ажлаа хийж чадахгүй байна, Хотын дарга нийслэлийн ИТХ-д ажлаа тайлагнахгүй, хуралд оролцдоггүй болсныг нь шүүмжилдэг байсан. НИТХ нийслэлчүүдийн төлөөлөл болохоос хэн нэгэн даргын зааврыг биелүүлж, тогтоол баталдаг газар биш.

-Дуулиан тариад буй ногоон автобусны худалдан авалтыг улсын нууцад оруулсан гэх асуудал  нийслэлийн ИТХ дээр хөндөгдсөн. Нийслэлийн ИТХ сөрөг хүчний зүгээс үүнийг хянах үүргээ хэр биелүүлсэн гэж бодож байна?

-Манай бүлгийнхэн ажлын хэсэг гаргаад ажиллаж эхэлсэн. Авто замын түгжрэлийг бууруулах ажилд сүүлийн 3 жилийн хугацаанд 1 их наяд орчим төгрөг зарцуулсан. Ийм их хэмжээний мөнгө зарцуулсан боловч яг дорвитой үр дүн алга. Нүдэнд харагдахаар ажил огт байхгүй байна. Нийтийн тээврийн парк шинэчлэл гэж ярьсан нь “ногоон” автобусны худалдан авалтаар ил боллоо.

"ЦӨӨНХ УЧРААС АСУУДАЛД ШУУД НӨЛӨӨЛЖ ЧАДДАГГҮЙ Ч СӨРӨГ ХҮЧНИЙ АЖЛАА ХИЙСЭЭР ИРСЭН"

-Зөвхөн ногоон автобусаар жишээ авахад, нийслэлийн Ардчилсан нам сөрөг хүчний ажлаа хийж чадаж байна уу?

-Бид сөрөг хүчний ажлаа хийгээд явж байгаа. Хийсээр ч ирсэн.  Бид жил бүрийн төсөв дээр дуу хоолойгоо нэгтгэж ирсэн. Нийтийн тээврийн шинэчлэл, инженерийн шугам сүлжээний бүтээн байгуулалтад шаардлагатай зардлыг нэмэгдүүлэх, сургууль цэцэрлэгийн хүрэлцээг тэлэх шаардлагыг байнга тавьж ирсэн. Гэхдээ хэт цөөнх учраас асуудалд шууд нөлөөлж чадахгүй зовлон бий.

-Таны хувьд Сүхбаатар дүүргээс сонгогдсон төлөөлөгч. Тойрогтоо юу хийж амжуулав. Сөрөг хүчний төлөөлөгчдийн тойрогт ялгавартай хандах тохиолдол байдаг? 

-Сүхбаатар дүүргийн төлөөлөгчийн хувьд тодорхой саналуудаа гаргаад явж байгаа. Шаардлагатай ажлын санхүүжилтийг нийслэлийн төсөвт тусгуулж ирсэн. Хорооны ажлын алба, дүүргийн төлөөлөгч нар, сууц өмчлөгчдийн холбоо болон иргэдийн саналыг нэгтгэж, зардлаа шийдвэрлэж байна. Энэ бол нийслэлийн төлөөлөгчийн үүрэгт ажил. Манай дүүргийн 2-3 хороонд цэцэрлэгийн хүрэлцээ муу байдаг. Цэцэрлэг байгуулах газар олддоггүй. Хотын төвийн дүүрэг учраас газар маш хүндрэлтэй. Тухайлбал, VII, IX хороонд цэцэрлэг нэмж барих талаар санаачилга гаргаад, хорооны дарга нартай ажиллаж байна. Мэдээж нэг өдрийн дотор бүх зүйл шийдэгдэхгүй. Багаар асуудлаа шийдвэрлээд явж байна.

-Удаан хугацаанд хагаралтай байсан Ардчилсан нам дотоод асуудлаа цэгцлээд дуусаж байх шиг байна. Таны зүгээс намын нөхцөл байдлаа хэрхэн харж байна даа?

-Би Ардчилсан намын гишүүнээр элсээд 27 дахь жилдээ орж байна. Үндэсний бодлогын хорооны гишүүнээр ажиллаад 17 жил болсон байна. Намынхаа ардчилсан залуучуудын холбооны удирдах зөвлөлд орж, дэд ерөнхийлөгчөөр ажилласан туршлагатай. Ер нь өнгөрсөн хугацаанд Ардчилсан намд туршлага хуримтлуулсан байна. Нийслэлийн ИТХ-д гурав дахь удаагаа сонгогдож, намаа төлөөлж байна.  Тиймээс хотын намын хорооны ажлаа бол мэднэ. Нам сүүлийн хэдэн жилд шинэчлэгдэх үйл явцаа тууллаа. Хэд хэдэн тал болон хуваагдаж сая эвлэлээ. Өнгөрсөн хавраас эхлэн нэг даргатай, нэг тамгатай нэгдсэн цул болж чадсан. Намын гишүүдээ сонсох ажил болж өнгөрлөө. Сүүлд болсон Үндэсний бодлогын хорооны хурлаас Монголоо сонсоё гэдэг иргэдийг сонсох аян зарлалаа. Иргэд маань улс орныхоо нөхцөл байдлыг хэрхэн харж байгааг сонсох хэрэгтэй. Ардчилсан нам ирэх жилийн сонгуульд ямар мөрийн хөтөлбөртэй оролцох ёстой вэ. Яавал иргэдийнхээ талд байж, амьдрал  ахуйд нь тус дэмж болж чадах юм. Энэ бүгдийг мэдэх учиртай. Намын бүх шатанд Монголоо сонсох аян хийнэ. Аян болж өнгөрсний дараа тодорхой зүйл харагдах байх. Хөдөө орон нутагт л гэхэд түмэн асуудал байна. Ардын намынхан ажил хийхгүй, чадахгүй байна. Сүүлийн хэдэн жилд улс орны өр маш их хэмжээгээр өслөө. Өрийн дарамтгүй өрх байхгүй боллоо. Банкнаас зээл авах шаардлага хангадаг иргэн цөөхөн болсон гэх мэт нийгэм, эдийн засгийн асуудлууд хурсан байна. Иймээс Монголоо сонсох аянг хийнэ. Иргэдийн үг Ардчилсан намын бодлого, шийдвэрт тусаад явах ёстой.

-Удахгүй хотын Ардчилсан намын хорооны даргын сонгууль болох хүлээлт байна. Таны хувьд хотын намын хорооны даргын сонгуульд орж өрсөлдөх мэдээлэл байсан?      

-Намын дүрмийн дагуу аймаг, нийслэлийн намын хорооны дотоод зохион байгуулалтын ажил энэ сард өрнөнө. Намын дотоод сонгуулийн хорооноос удахгүй шийдвэрээ албажуулж зарлах байх. Миний хувьд  сонгуулийн хорооны шийдвэр тодорхой болсны дараа нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшинэ гэдэг бодолтой байгаа. Намын ажилд идэвхтэй оролцоно гэсэн бодолтой байгаа. Миний хувьд өөрөө амьдардаг Сүхбаатар дүүргийн X хорооны иргэд нийтийн хурлын тэргүүлэгчээр хоёр удаа сонгогдон ажиллаж байсан. Нийслэлийн ИТХ-д багагүй туршлага хуримтлууллаа. Э.Бат-Үүл даргын багт орж, 2012-2016 онд  дүүргийнхээ Засаг даргаар ажиллаа. Тэр үед манай хамт олон Улаанбаатар хотод их ажил амжуулсан. Өнөөдөр үргэлжлэл нь явж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж