Улсын Филармонийн Морин хуурын чуулга нь 1992 онд байгуулагдаж, 1996 оноос Орос, Япон, Хятад, Солонгос, Америк, Франц, Итали, Австри, Герман, Австрали зэрэг 40 гаруй улсад тоглолтоо толилуулжээ.
Ингэснээр тэд Африк тив, Өмнөд Америк, Антарктид тивд л тоглолтоо хийгээгүй үлдлээ гэдгийг чуулгын удирдаач Д.Түвшинсайхан онцолж байв. Австралийн Сидней хотод анх удаа зохион байгуулсан тоглолтын билет зарагдаж эхэлсэн өдрөө зургаан цагийн дотор бүх 2200 тасалбар дууссан нь тоглолтын үнэ цэнийг илтгэнэ.
Морин хуурын чуулгын хувьд ес, арав, арваннэгдүгээр сард айлчлан тоглолт хийхээр төлөвлөжээ. Мөн “Гранд опера морин хуур” гэсэн тоглолт толилуулах төлөвлөж, сонгодог урлагийн өнгө төрх болж буй залуучуудтайгаа хамтран Монголын мэргэжлийн хөгжмийн зохиолчдын ари, романс дуунуудаас гадна дуурийн аринуудыг хүргэхээр зорьж байгаагаа дуулгасан юм.
Морин хуурын чуулга 1992 оны долдугаар сард Морин хуурын чуулга байгуулах тухай Засгийн газрын тогтоол гарч, 1993 оны нэгдүгээр сард Хөгжим бүжгийн дунд сургууль дээр байрлаж, чуулгын бүрэлдэхүүнээ тогтож, бэлтгэл сургуулилалтаа эхлэн тус оны дөрөвдүгээр сарын 16-нд анхны тоглолтоо хийж үзэгч түмэндээ Морин хуурын чуулга гэдэг байгууллагыг танилцуулж байжээ.
Дараагаар нь 1994 оны зургадугаар сарын 1-нээс Засгийн газрын шийдвэрээр Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармоны бүрэлдэхүүнд орсон байна.
Тус чуулга төрийн ёслол хүндэтгэлийн том арга хэмжээнүүд, концерт, тусгай арга хэмжээ, “Алтан намар”, “Морин хуур” зэрэг дуу хөгжмийн наадмуудад байнга оролцохын зэрэгцээ уран сайхны болон баримтат кино, жүжгийн олон арван бүтээлүүдийг тоглохоос гадна Ардын жүжигчин, Төрийн шагналт С.Гончигсумлаа, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, Н.Жанцанноров, Урлагийн Гавъяат Зүтгэлтэн, Төрийн шагналт Б.Шарав, Төрийн шагналт З.Хангал, Ц.Чинзориг, Ц.Нацагдорж, Урлагийн гавъяат зүтгэлтэн Г.Алтанхуяг, Д.Баттөмөр, залуу хөгжмийн зохиолч Б.Мөнхболд, Х.Алтангэрэл, Д.Түвшинсайхан болон Ж.Бизе, Дж.Пуччини, П.Чайковский, А.Дворжак, А.Хачатурян, Хэ Жин Хау, Чен Кай зэрэг сонгодог болон монголын орчин цагийн хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүдийн урын сантай болжээ.
МОНГОЛООС 400 ГАРУЙ, ЕВРОПЫН ЗАРИМ УЛСААС 150 ГАРУЙ ҮЗМЭР ДЭЛГЭНЭ
Мөн нэгэн том олон улсын соёлын арга хэмжээг танилцуулъя. Франц улсын Нант хотын Бретанийн Гүнгийн ордон буюу Түүхийн музейд "Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" үзэсгэлэнг 2023 оны аравдугаар сарын 14-нөөс 2024 оны тавдугаар сарын 5-ныг хүртэл зохион байгуулах гэж буй.
Энэ үзэсгэлэнг хоёр улсын төрийн тэргүүн ивээлдээ авч дэмжиж ажиллаж байгаа аж.
Үзэсгэлэнд Монголын Эзэнт гүрэн байгуулагдсан түүхийг харуулахын зэрэгцээ Чингис хаан, түүний залгамжлагчид тив дамнасан эзэнт гүрнийг хэрхэн байгуулсныг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой бөгөөд Монгол Улсаас нийт 400 гаруй, Европын зарим улсаас 150 гаруй үзмэр дэлгэх гэнэ.
Чингис хаан болон түүний залгамжлагчид XIII зуунд Дорноос Өрнө дахинд, Хятадаас Газар дундын тэнгис, Умардаас Өмнө зүг, Орос, Персийг хамарсан аугаа том эзэнт гүрнийг байгуулсан. Үүнтэй дүйцэх эзэнт гүрнийг Аугаа Александр, Эртний Ром хүртэл байгуулж чадаагүй билээ. Энэхүү түүхэн утга агуулгыг шингээсэн томоохон баримттай үзэсгэлэн Франц Улс төдийгүй бусад орнуудад өмнө нь дэлгэж байгаагүйгээрээ онцлогтой.
Холбоотой мэдээ