Үндсэн хуулийн Цэцийн хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоод жил гаруй хугацаа өнгөрч байгаа ч дараагийн нэр дэвшигчид тодролгүй өдий хүрэв. Улсын дээд шүүх гэхэд сонгон шалгаруулалтыг хэд хэдэн удаа зарласан нь ч тэнцэх хүн олдохгүй, эцэст нь сонгон шалгаруулалтад МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш О.Мөнхсайхан тэнцэв.
О.Мөнхсайханыг Улсын дээд шүүхийн шүүгчдийн олонхын санал авч, дэмжигдсэн учраас түүнийг Цэцийн гишүүнээр томилох саналаа УИХ-д хүргүүлэхээр болов. Мэдээж, УИХ түүнийг томилно, Улсын дээд шүүхийн босго давсан бол улс төрийн хувьд тохироо хийгдсэн гэсэн үг. Эрх барьж байгаа нам, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга Цэцийн гишүүнийг томилох эрх нь бий бөгөөд ямар нэг байдлаар “тохироо” хийгдэхгүйгээр томилгоо хийх боломж бараг л байхгүй.
“Тохироо” хийгээгүй байх боломжгүй гэж хардаж буй нь О.Мөнхсайханы хувьд өнгөрсөн хугацаанд МАН-ын хийсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ажлын хэсэгт ажиллаж, бараг л хуулийн заалт бүрийг нь бичилцсэн нэгэн. Тиймээс улс төрийн хүрээнд түүнийг “шагналаа” авлаа гэж ярих хүмүүс ч бий.
Харин дараагийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон Цэцийн гишүүн бол Одбаяр. Түүнийг УИХ-аас томилсон учраас энэ удаад мөн л “шагнал” болгож, улираах магадлалтай гэх яриа Төрийн ордонд гарах болжээ. Мөн л Үндсэн хуульд хоёр ч удаа өөрчлөлт оруулахад нь Цэц дээр Д.Одбаяр гавьяа байгуулсан учраас түүнийг томилж магадгүй гэнэ.
Мөн саяхан Үндсэн хуулийн Цэц зарим томилгооны сонсголыг хийх шаардлагагүй хэмээх хууль нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн учраас Д.Одбаярт зориулж ийм шийдвэр гаргасан хэмээн хардаж эхэлжээ.
Удаан хугацаанд бүрэн эрх нь дууссан, Цэцийн гишүүдийн томилгоо ойрын өдрүүдэд хийгдэх нь.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ