"Бүс ба зам"-ын шинэ өрсөлдөгч

Хуучирсан мэдээ: 2023.10.03-нд нийтлэгдсэн

"Бүс ба зам"-ын шинэ өрсөлдөгч

"Бүс ба зам"-ын шинэ өрсөлдөгч

Шинэ Делид болсон "Их-20"-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Энэтхэг, Европыг холбосон тээврийн шинэ коридорыг зарласан. Энэ нь олон зуун жил үргэлжлэх дэлхийн худалдааны үндэс болно гэж Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди мэдэгджээ.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман нар Энэтхэг-Ойрхи Дорнод-Европын эдийн засгийн коридорыг байгуулахаа зарласнаар хүйтэн харилцаагаа шинэ түвшинд гаргасан юм. Байден нэгэнтээ Саудын Арабыг дэлхийн тавцанд ганцаардуулна гэж хэлж байв. 

Уг төсөл нь төмөр зам, усан тээврийн сүлжээгээр дамжуулан Европ, Азийн тээвэр, харилцаа холбоог бэхжүүлэх зорилготой. "Нэг талаас харахад бүс нутагт ашигтай төсөл боловч нөгөөтэйгүүр Хятадын эсрэг АНУ-ын ашиг сонирхлыг нэмэгдүүлнэ" гэж "Foreign Policy" сэтгүүлийн ерөнхий редактор Рави Агарвал хэлжээ. Мөн зарим ажиглагч энэхүү тээврийн шинэ коридорыг "Бүс ба зам" санаачлагын эсрэг төсөл гэж үзэж байна. "Бүс ба зам" санаачлага нь Хятад улсыг Зүүн өмнөд Ази, Төв Ази, Орос, Европтой холбосон дэлхийн дэд бүтцийн бүтээн байгуулалт юм. 

"БҮС БА ЗАМ"-ТАЙ ХАРЬЦУУЛАХ НЬ ҮНДЭСЛЭЛТЭЙ ЮУ? 

Ши Жиньпин дарга "Бүс ба зам" санаачлагыг эхлүүлээд 10 жил болж байна. Хятадын эдийн засаг удаашралтай байгаа учир төслийн зээл олголт удааширч, энэ хэрээр амбиц нь ч багасчээ. Тухайлбал, Итали тэргүүтэй зарим улс санаачлагаас гарах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Шри Ланка, Замби зэрэг улс зээлээ төлж дийлэлгүй өрийн урхинд оров. Үүнээс гадна хөгжлөөр дамжуулан стратегийн нөлөөг олж авахыг зорьсон, орон нутгийн хэрэгцээнд хангалтгүй анхаарал хандуулсан, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлсэн, улс орнуудын бүрэн эрхт байдлыг үл тоомсорлосон, ил тод бус байдалтай зэргээр "Бүс ба зам" санаачлага янз бүрийн шүүмжлэлтэй тулгарсаар байна.

"Гэхдээ Энэтхэг, Европын тээврийн коридор нь "Бүс ба зам"-ын өрсөлдөгч болоход хол байна. Энэ нь хамгийн сайндаа дунд зэргийн хэмжээтэй л коридор болж чадна. Түүнээс биш "Бүс ба зам"-ын хэмжээнд тоглоомыг өөрчлөх зүйл биш. Мэдээж сайхан санаа боловч бурхан минь, дэлхий энэ коридоргүйгээр амьдарч чадахгүй нь гэж хэн ч хэлэхгүй байх" гэж "Connectography" номын зохиогч Параг Ханна хэлжээ.

Яагаад вэ? Хятад улс өнгөрсөн долдугаар сард нэг их наяд ам.долларын хөрөнгө оруулалт, "Бүс ба зам"-ын дараагийн 10 жилийг эхлүүлсэн. 150 гаруй улс орон түншээр нэгдсэн учир цаашид газар зүйн хамрах хүрээний хувьд бүс нутгийн бус дэлхийн санаачлага болон өргөжсөн гэсэн үг.

Энэтхэг, Европын тээврийн коридор нь Хятадын өсөн нэмэгдэж буй тэлэлтийг хязгаарлах гэсэн анхны оролдлого биш юм. Тухайлбал, "Их-7" болон АНУ 2022 онд Дэлхийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын түншлэлийг эхлүүлсэн. Энэ хүрээнд 2027 он гэхэд дэлхийн дэд бүтцийн төслүүдэд 600 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр зорьж байна. Түүнчлэн Европын холбооноос "Глобал гарц" хөтөлбөрийг эхлүүлсэн. 

Эдгээрийн цар хүрээ бөгөөд эцсийн зорилго нь "Бүс ба зам"-тай шууд дүйцэхгүй. Гэсэн хэдий ч сүүлийн таван жилд Хятадын санаачлагын хариу гэмээр ийм төслүүд огцом өсчээ. Энэ нь "Бүс ба зам" дэлхийн эдийн засгийг үржүүлэгч болсны нотолгоо гэж Параг Ханна хэлжээ.

ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ХҮНДРЭЛҮҮД

Энэтхэг, Европын тээврийн коридорын харилцан ойлголцлын санамж бичигт дурдсанаар ойрын хоёр сарын хугацаанд үйл ажиллагааны төлөвлөгөөгөө гаргах төлөвтэй байна. Өнөөдрийн байдлаар коридорын боломжит газар зүйн зураглал гарсан байна. Мэдээж үүнийг хэрэгжүүлэх нь амаргүй. Хөрөнгө оруулалтыг хариуцах төрийн гол байгууллагууд, засгийн газар тус бүрийн хуваарилах хөрөнгө, цаг хугацааг тодорхой болгох шаардлагатай аж. 

Транс-Евразийн төмөр зам л гэхэд Казахстан тэргүүтэй дэлхийн 30 улсаар дайран өнгөрдөг. Ингэхдээ ямар ч саадгүйгээр, аяллын эхлэл, төгсгөл хоёрт л зөвшөөрөл авах шаардлагатай байдгийг мэргэжлийн хүн онцлов. Энэтхэг, Европын тээврийн коридорт одоогоор тийм зүйл алга байна. 

Түүнчлэн АНУ, Израиль, Саудын Араб зэрэг түнш хоорондын харилцаа холбоог зохицуулахад геополитикийн тодорхой хүндрэлүүд бий.

Энэтхэг, Европын тээврийн коридор нь "Бүс ба зам"-аас гадна Мумбай болон Европын хооронд ачаа тээвэрлэдэг Суэцийн сувагтай мөн өрсөлдөнө. Эдийн засагч Сваминатан Айярын хэлснээр "Энэтхэг, Европын тээврийн коридор нь АНЭУ болон Саудын Арабтай харилцаагаа сайжруулахын хэрээр Египеттэй харилцах харилцаанд сөргөөр нөлөөлнө” гэжээ. Суэцийн сувгаар тээвэрлэх нь хямд, хурдан бөгөөд чирэгдэл багатай. Энэ нь улс төрийн хувьд утга учиртай байж болох ч тээврийн эдийн засгийн зарчимтай зөрчилдөж буйг Айяр онцолжээ. 

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж