Ойн инженер, Ойн селекци, генетикийн нөөцийн зөвлөх, Доктор С.Жамьянсүрэнтэй ярилцлаа.
-Жил жилийн намарт хуш мод нүд хальтрам дүр зурагтай болдог. Холтос нь халцарч, давирхай гоожоод, үр жимсээ самарчдад булаалгаад нүцгэрч хоцордог. Тиймээс хуш модны ач холбогдлын талаар ярилцлагаа эхэлье?
– Монгол орны ой нөөцийн 10 хувийг нь эзэлдэг байсан. Харин одоо 9 гаруй хувийг эзэлж байна. Харин одоо самар түүгчид лантуудаж нүдсээр байгаад энэ хувь хэмжээ жилээс жилд буурч байгаад харамсаж явдаг. Монгол орны хушин ой бол онцгой ач холбогдолтой. Монгол оронд Сибирь болон тарваган хуш гэсэн хоёр зүйлийн хуш мод ургадаг. Тарваган хуш нь Хөвсгөл аймгийн Цагаануул сумын Халзангийн нуруунд л ургадаг. Гол иш байхгүй, дэлгэмэл иштэй. Энгийнээр хэлбэл арц шиг ургадаг хуш тэнд л байдаг. Сибирийн хуш нь Хэнтийн нуруу, Хангайн нуруу, Алтайн нурууны дээд хэсгээр буюу өндөр уулын бүстэй газар ургадаг. Хуш мод нь уулын дээд хэсэгт буюу хөрс хамгаалж байгаа таг хэсэг дээр ургадаг учраас их эмзэг. Манай оронд дэлхийн хуш модны нөөцийн 1.8 хувь буюу 683.9 мян.га талбай бүхий хушин ой Архангай, Баян-Өлгий, Булган, Төв, Завхан, Хэнтий, Увс, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл аймаг, Улаанбаатар хотын ногоон бүсэд тархан ургаж байна. Манай орны хуш мод нөөцийн хэмжээгээрээ хэдийгээр энгийн нарснаас илүү боловч дэлхийд байх нөөц нь бага гэдэг утгаараа Монгол орны ховор ургамлын төрөл, зүйлд хамаарна.
Хуш нь цилиндр хэлбэрийн титэмтэй, нас гүйцсэн нь 30-40 м өндөр, 1 м-ээс дээш диаметртэй, 400 хүртэл жил насалдаг, 25-45 насандаа үр өгч эхэлдэг. Үрийн жил нь 5-7 жил тутамд давтагддаг бөгөөд самрын дундаас дээших ургацын хугацаа нь 2-4 жил байдаг. Экологийн болон эдийн засгийн чухал ач холбогдолтой шилмүүст мод юм. Хуш мод нь ойн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болж ус, хөрсийг хамгаалахын зэрэгцээ ойн олон төрөл, зүйлийн амьтан, шувууны амьдрах орчин, хүнс, тэжээлийн бааз, нөөц нь болдог. Тодорхой хугацаанд шинэчлэгдэн солигдон унаж байдаг хушны шилмүүс, боргоцой нь хөвсгөр байдаг тул бусад шилмүүст модтой харьцуулахад хөрсний сайн бордоо болж, усыг өөртөө хамгийн ихээр шингээдэг бөгөөд энэ нь ойн чийгшилийг удаан хадгалж, уур амьсгалын таатай орчинг бүрдүүлдэг. Түүнчлэн хушин ой нь бактер устгах чадвартай, фитонцид, эфирийн тос их ялгаруудаг нь орчны агаарыг эрүүлжүүлж цэвэршүүлдэг тул эртнээс хушин ойг эмчилгээний зорилгоор ашиглаж байсан. Хуш модны самар, шилмүүс нь хур, сойр, самрын шаазгай, хөтүү зэрэг шувуу, жирх, хэрэм зэрэг мэрэгч, баавгай, гахай зэрэг том амьтдын гол хүнс тэжээл болдог. Гэтэл самар түүгчид байгалийн ан амьтан, араатан жигүүртэн идэх хоол хүнс үлдээхгүй ховх сорж байна.
-Хуш модны самрыг түүх хамгийн шалгарсан арга юу байна?
-Самрыг мундаж түүх биш яг болсон үед нь уургаар, саваагаар мөчрийг цохиж түүх ёстой юм. Гэтэл манайхан болц нь гүйцээгүй үед мундаж түүж байна. Хуш модыг мундах үед гол иш нь гэмтэж байдаг. Хуш модны гадна талын холтос, холтосны дотор талаар золом гэх нимгэн нялцгар цагаан үе бий. Гадна талын золом, золмоны дотор талын сувгаар ус дээшээ, доошоо гүйж байдаг. Нэг ёсондоо хуш модны амин судал болсон судсыг нь мундаад хэмхчээд, тасдаж хаяад байна гэсэн үг. Тиймээс ус шим тэжээлээ хөрснөөс авч байх ёстой байтал аль нэг талынх нь судсыг таслачихаар халцраагүй талаараа шим тэжээлийн бодис усаа авдаг. Нэг тал нь мунанд цохиулаад үхчихсэн гэсэн үг. Тиймээс тухайн модны цаашдын ирээдүй бүрхэг болж 30-40 жилийн дараа үхнэ гэсэн үг. Уг нь хуш 400 хүртэл насалдаг мод. Гэтэл өнөөдрийнхөө ашиг, орлогыг бодоод баруун солгойгүй нүдээд байвал удахгүй хуш модгүй болох магадлалтай.
-Нэгэнт халцарч, гэмтсэн модонд хэрхэн нөхөн сэргээлт хийх вэ. Халцарсан хэсэгт нь будаг түрэх нь эмчилгээний зөв арга мөн үү?
-Будаг бол химийн бодис. Дээшээ гүйж байгаа унд усных нь тасарчихсан цоргыг будахаар модыг улам л гэмтээж байна гэсэн үг. Хоёрдугаарт будаг химийн элемент учраас хуш модны доороос авч байгаа идэш тэжээл, микро элементүүд, устай будаг холилдоод хушыг үхүүлэх нөхцөл үүснэ. Тиймээс мундаад давирхай нь гоожиж байгаа хэсгийг хүнсний скоч шиг зүйлээр боох ёстой. Ингээд халцарсан хэсэг төлжиж нийлэхийн үед боосон уутаа авах ёстой. Хэрэв өнөөх гялгар уутаа авахгүй бол тэр хэсгийг чинь гялгар хүүдий чинь базаад дахиад л үхэх нөхцөл үүснэ. Гялгар хүүдийг 5 жилээс дээш хугацаагаар байлгаж болдоггүй. Өвчилсөн талыг эмчилж байгаа ч эрүүл талаа үхүүлж байдаг учраас заавал авах учиртай.
Жилээс жилд хушин ой доройтож, нөөц нь багасахад БОАЖ яамнаас олгож байгаа самар түүх, экспортлох зөвшөөрөл нь ямар нэгэн байдлаар нөлөө үзүүлж байна уу?
-Сүүлийн жилүүдэд самрын үнэ ханш өссөн нь хуш мод руу сүрэглэн дайрах шалтгаан болж байна. Самар жил бүр их хэмжээгээр ургадаггүй. Зарим жил их үрийн жил тохиодог. Их үрийн жил тохиосноос хойш жилээс жилд гарах самрын хэмжээ цөөрч байдаг. Иргэд самар гарахгүй гэхээр юу ч ургахгүй байх мэтээр төсөөлөөд байдаг. Ухаандаа их ургацын жил нэг модон дээр 600- 700 боргоцой ургадаг байсан бага ургацын жил 20- 30 болж тоо нь буурна. Орчин үед манайхаас бусад орнуудад рентгенээр үрийн зургийг нь авч хэдэн хувь нь ургах төлөвтэй байгааг тодорхойлдог болчихсон. Харин манайхад энэ тал дээр нарийн судалгаа алга. Чиглэлийн яаманд ч мэддэг хүн алга. Дэлхийн бусад орнуудад энэ хэсгийн ойгоос 5 жил, 3 жилийн дотор самар түүж болохгүй гэсэн тушаал гаргаад тухайн газрыг нь хамгаалалтад авчихдаг. Тийшээ ямар ч хүн оруулахгүй, самар түүлгэхгүй. Хэдэн жилээр хориг тавих вэ гэдгээ их үрийн жил хэзээ тохиохоос хамаарч шийдвэр гаргадаг. Гэтэл манайд аймгуудад ургасан самрын хэмжээг их, бага, дунд гэсэн байдлаар хэмжээг нь тодорхойлчихоод сууж байна. Сайд дарга нар мэргэжилтнүүдээсээ асууж, тушаал шийдвэрээ амьдралд нийцүүлж гаргаж байх ёстой. Тухайлбал, Байгаль орчны яамны сайдын 2023 оны 9 сарын 25-нд гаргасан тушаалын хавсралт дээр их, дунд бага гээд биччихсэн байна. Угтаа Каприийн үнэлгээний тооцох арга гэж 5 баллын систем байдаг. Түүний дагуу 0,1,2,3,4,5 гээд ялгаа заагийг нь тоогоор илэрхийлээд тавьчихвал мэргэжлийн хүмүүс нь хараад л ойлгоно. Сайдын тушаал ийм л мэргэжлийн бус байна гэхээр түүний багт ажиллаж байгаа хүмүүс мэргэжлийн бус байна. Аль ч яаманд намын харьяаллаар л хүмүүс ажилд орж байна. Нам гэж нийгмийн нэг аюултай дайсан байна. Монгол Улс даяараа бүхий л салбарт мэргэшсэн мэргэжилтэн, хүний нөөцийн хомсдолд их ороод байна. Үүний шалтаг шалгаан нь сургалтын тогтолцоо буруу явж байгаатай холбоотой. Тухайлбал, Ойн аж ахуйн инженер гээд л ерөнхий нэрээр сургаж байна. Энэ нэр томьёонд ургуулдаг, огтолдог, үржүүлдэг нь ч хамаарч байна. Ерөнхий эрдмийн хичээлийг 1-2 дугаар курстээ үзээд түүнээс цааш хуш, нарс, шинэс, улиас, хусаар мэргэшинэ гээд дагнан суралцах ёстой. Ингээд ажлаа мэддэг, асуудлаа ойлгодог мэргэшсэн боловсон хүчин бэлтгэгдээд бодлого боловсруулагч яам дээр очиж ажиллавал бодлогоо зөв тодорхойлно.
-Судалгаа шинжилгээний ажил дутуу, дулимаг байгаа бол энэ чиглэлээр ажилладаг эрдэмтэн судлаачдаа төрөөс хэр дэмжиж байна вэ?
– Монгол Улсын хэмжээнд нийт шинжлэх ухаанд зориулж, зарцуулж байгаа мөнгө нь асар бага. Бусад орнуудад нийт орлогынхоо 4-6 хувийг шинжлэх ухааны судалгаа, шинжилгээнд зарцуулдаг. Гэтэл манайд 0.8-1 хувийг нь л зарцуулж байна. Шинжлэх ухаан руу бол ерөөсөө анхаарахгүй байна. Ганцхан ойн салбар гэлтгүй шинжлэх ухаан руу их мөнгө хаясан газрууд л хөгжиж байна. Бодлого тодорхойлж байгаа нөхдүүд 1 га-д 2500- 3000 ширхэг мод тарих аргачлал, заавар гарчихсан. ОХУ-ын Эрхүү муж, Улаан-Үдэд 1 га-д 7000-9000 ширхэг мод тарьдаг. Учир нь тэнд манай орны бодвол чийглэг уур амьсгалтай. Гэтэл маш хуурай уур амьсгалтай манай оронд 2000-3000 ширхэг мод тарихаар ургах нөхцөл байхгүй. Миний бие Галтай Булнайн эсрэг талд Ар Жалман гэдэг газарт 1991 онд 70 га газарт мод тарьсан. Нарийн судалгаа хийж олон төрлөөр тариалсан. Тухайн үеийн намрын тооллогоор 99 хувь амьдарч байсан. Одоогоос 10 жилийн өмнө очиж үзэхэд 96 хувь нь амьдарсан байна. Хамгийн сүүлд хоёр долоо хоногийн өмнө очиход гайхалтай сайхан ой бий болжээ. Үүгээрээ юу хэлэх гээд байна гэхээр ямар төрлийн модыг ямар хөрсөнд тарих вэ гэдгийг нарийн судалсан учраас үр дүн сайн байсан гэсэн үг. Манайд хушийг нарийн судлаад явсан хүн цөөхөн. Миний шавь болох Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн ойн секторт ЭША, ойн аж ахуйн инженерээр ажилладаг Төмөрбаатарын Ариунбаатар энэ чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар судалж байгаа. Бид хоёр монгол орны шилмүүст ойн үрийн судалгааг сүүлийн 10 гаран жил хийж байна.
-Хуш модны самрыг зохисгүй түүхээс гадна дэлхийн дулаарал хуш модыг доройтод хүргэж байгаа талаар уншиж байсан юм байна. Дэлхийн дулаарал манайд хэрхэн нөлөөлж байна?
-Хушны доройтолд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Нэгдүгээрт, дэлхийн дулаарал, хоёрдугаарт, самарчид хамгийн их нөлөөлж байна. Манай орон дунджаар 2.4 хэмээр дулаарсан. Дулаарлаас үүдэн хөрс хатаж байна. Хур тунадасын хэмжээ ихээр багассан. Өмнө нь 1950,1960-аад оны үед сайхан намирсан бороо 2- 3 хоног ордог байсан. Одоо тийм юм ердөө байхгүй болсон. Дэлхий нийтийн дулаарал,их хэмжээний хуурайшилтийг бий болгохоос гадна техник технологийн зохисгүй хэрэглээнээс үүдэн бороо орохоор хувингаар ус цутгаж байгаа юм шиг богино хугацаанд их хэмжээгээр орж байна. Хөрс нь хатчихсан байгаа учраас ус хөрсөнд шингэхгүй байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн зун болсон олон удаагийн үерээс тодорхой харагдаж байна. Хөрс хатаж, хуурайшснаас үүдэн ургамлын ургац буурч байна. Түүнчлэн сүүлийн жилүүдэд гэр хороололд амьдарч байгаа айлууд хашаандаа гүний худаг ухаж байна. Үүнээс үүдэн хөрсний өнгөн хэсэг болоод гүний усны харьцаа алдагдаж байна. Тиймээс худаг ухах зөвшөөрөл олгох асуудлыг эргэж харах, бодож үзэх ч шаардлагатай. Иргэд олон нийт байгалиа хайрлаж, хамгаалж байж эрүүл аюулгүй орчинд амьдрана гэдэг сэтгэхүй ерөөсөө сууж өгөхгүй байна.
-Иргэд худаг ухаж байна гэснээс сүүлийн жилүүдэд мод тарих санаачилгад идэвхитэй нэгдэж байна. Хашаандаа хуш мод тарих болоод бусад мод тарихын ялгаа, ач холбогдлыг нь хэлж өгөөч?
-Сүүлийн үед иргэд хашаандаа мод тарих уриалга гаргадаг болсон байгаа нь сайшаалтай. Гэхдээ голцуу улиас, бургас, голт бор,бут,агч гэх мэтчилэн навчит модыг тарих сонирхолтой байгаа нь харагдаж байна. Иргэд, олон нийт навч том гадаргуутай тийм учраас агаар цэвэршүүлэх нь илүү гэж ойлгоод байна л даа. Энэ ойлголт буруу. Тухайлбал, 50 настай улиас, 50 настай хуш хоёрыг харьцуулаад аваад үзвэл агаар цэвэршүүлж байгаа хэмжээ хуш модных улиасаас 7 дахин их байдаг. Манайхны шинжлэх ухааны ботаник ургамлын ойлгоц бага байгаа учраас навчит мод ихээр тарьвал агаар цэвэршүүлнэ гэж бодоод байна. Шилмүүст мод тэр тусмаа шинэс тарьвал зундаа агаар цэвэршүүлж,намар нь шилмүүс нь хагдраад ойччихно. Дараа жил нь дахиад шинээр ургана. Хуш, нарс, гацуур, жодоо зэрэг мод бол мөнх ногоон. Гэхдээ мөнх ногоон гэдэг ойлголт дээр нэмэлт мэдээлэл өгөхөд иргэд хуш модыг мөнх ногооноороо хагдарч унадаггүй гэж ойлгодог. Гэтэл шилмүүст моднуудын шилмүүс нь ээлжилж унаж байдаг учраас мөнх ногоон юм шиг харагддаг. Өөрөөр хэлбэл, шилмүүс ч мөн хагдарч шарладаг. Шинээр нөхөн төлжиж байдаг. Тиймээс айл, өрх бүр хашаандаа 2-3 хуш мод тарьчихвал заавал уул руу явах шаардлагагүй. Манай хойд хөрш ОХУ-ын туршлагаас харахад тохиромжтой нөхцөл бүрэлдсэн тохиолдолд селекцийн аргаар 8 настайгаасаа эхлээд боргоцой ургаад самраа өгч байна. Манайд селекцийн аргаар хуш мод үржүүлэх шинжлэх ухааны, эрдэм шинжилгээний ажил хийвэл ирээдүйд үр дүн сайн байх дүр зураг харагдаж байгаа юм.
-Нийслэл Улаанбаатар хотын ногоон байгууламжинд түлхүү нарс, шинэс тариалж байна. Хуш мод тарих боломж, бололцоо бий юү?
-Сүүлийн жилүүдэд зарим улс оронд хотын ногоон байгууламжинд хуш мод тарих нь олон талын ач холбогдолтой гэдгийг ойлгож ухаараад байна. Нарс, шинэс, гацуур, жодойгоо бодох юм бол хуш модны шилмүүс шигүү бас урт байдаг. Тиймээс шилмүүсний гадаргуу нь фотосинтезийн урвал явуулж, агаарыг цэвэршүүлэх тоосыг одоо өөртөө шингээж авах, фитонцид буюу агаар цэвэршүүлдэг эфирийн тос их хэмжээгээр дэгддэг учраас хотын ногоон байгууламжид хуш мод тарих нь өндөр ач холбогдолтой гэж үздэг. Монгол Улсын хувьд саяхнаас энэ талын оролдогууд хийгдэж байна. Гэхдээ олон талын судалгаа шинжилгээ хэрэгтэй. Сибирийн ойн хамгийн урд талын эмжээр хэсэг манай оронд байгаа болохоор их эмзэг. Монголчууд бид хуш модоо хайрлаж,өсгөж, үржүүлж, наад заах нь агаарын бохирдлоо бууруулах ажлыг санаачилахаасаа өмнө зөвхөн үрийг нь түүж БНХАУ-руу гаргах, өөрсдийнхөө ахуй амьдрал дээшлүүлэх амин хувийн бодолдоо хөтлөгдөж байна.
-Монгол Улсад тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн өрнөж хавар, намартаа мод тарьж байна. Хөрсөө судалж тарих модоо сонгож байна уу эсвэл тоонд ач холбогдол өгөөд байна уу. Мод тарих хөдөлгөөнийг хэр үр дүнтэй болно гэж харж байна?
-Ерөнхийлөгчийг НҮБ-ын индэр дээрээс үг хэлж байхад л “Ээ Ерөнхийлөгч минь дээ,мэргэжлийнхээ улсуудтай урьдаар жаахан зөвлөчхөөд наад үгээ хэлэх минь яав даа” гэж бодож байсан. Тухайлбал, нийслэлд мод тарихдаа үндсийг нь арзайтал суулгадаг байсан. Тэгээд хэчнээн их мод үхсэн. Харин сүүлийн үед доод талынх нь шороо нь авчирч тарьдаг болсон. Үүний үр дүнд ургалт сайн байгаа. Тэр дотор чинь тэр иддэг хоол болох микориз байгаа. Тухайлбал, шинэсийг зүгээр голдойтол авчраад тарих юм бол тэгээд л үхнэ. Нарс, хуш, жодоо, гацуур ч үхнэ. Харин идэх хоолтой нь авчраад тарьвал ургана. Манайхаас бусад оронд жилийн 4 улирал мод тарьж болдог. Өвлийн улиралд мод үржүүлгийн газар дээрээ зүсдэг тракторын ар талд ухс угсарчихсан ийм хөрөөнүүд байдаг. Хөрсийг нь хөрөөдөөд л тэрэнтэй нь ачаад л авчраад намар ухчихсан нүхэн дээрээ суулгаад, услаад,хөлдөөгөөд тарьдаг арга бий. Мөн модоо бортгонд тариад, бортоготой нь суулгадаг ч арга бий.
-Цаашид хушин ойн нөхцөл байдлаа дээрдүүлэх бодлого гаргахын тулд ер нь юуг хийх ёстой гэж та харж байна?
-Эхлээд судалгаа хийх хэрэгтэй. Тухайлбал,Хэнтий нуруу, Хангайн нуруу, Алтайн нуруун хур тунадас чийгийн хэмжээ өөр. Тиймээс ургах экспозицүүд нь ондоо. Хэнтий нуруу гэхэд зүүн хойшоогоо харсан юм уу, эсвэл хойшоо баруун хойшоо харсан хэсэг дээр л хуш ургах жишээтэй.Гэтэл Хангайн нуруунд баруун тал руугаа харсан хэсэгт ургахгүй. Харин хойшоогоо буюу зүүн хойшоогоо харсан хэсэг рүүгээ ургадаг. Тиймээс хаана, ямар төрлийн мод тарих вэ гэдгээ нарийн судлах ёстой. Тиймээс судалгааны ажилд дор хаяж гурван жил хөрөнгө мөнгө зарцуулж, цаг зав гаргах ёстой. Жилд унаж байгаа хур тундасны хэмжээ, нарны тусгал, цаг уурын нөхцөл байдал гэх мэт бүхий л хүчин зүйлийг судалж байж дүгнэлт гаргана.
Холбоотой мэдээ