Оросын хувийн цэргийн "Вагнер групп" компанийн тэргүүн агсан Евгений Пригожиний туслахыг Украин дахь хөлсний цэргүүдийг удирдуулахаар томилсон гэж Кремль өнгөрсөн амралтын өдрөөр мэдэгдсэн. Тодруулбал, өмнө нь Афганистан, Чечень, Сирид Оросын армид алба хааж байсан туршлагатай, хурандаа асан Андрей Трошевыг "Вагнер"-ын тэргүүнээр томилсон гэжээ.
Тэгвэл Евгений Пригожиний хүү, 25 настай Павел Пригожин бүлгийн удирдлагыг авахаар оролдож байгааг АНУ-ын нэгэн судалгааны төв мэдээлэв. Түүнийг Украин дахь дайнд "Вагнер"-ыг дахин оролцуулах асуудлаар Оросын үндэсний гвардын Росгвардиа байгууллагатай хэлэлцээ хийж байгаа гэлээ. Росгвардиа нь ерөнхийлөгчийн засаг захиргаанд шууд захирагддаг. Путин Трошевийг олон нийтийн өмнө өлгийдөн авч, "Вагнер"-ын элементүүдийг Оросын Батлан хамгаалах яаманд захируулж байгаа нь анхаарал татаж байна. Росгвардиад ийм шийдвэрийг дангаараа гаргах боломж байхгүй. Тиймээс Батлан хамгаалах яам ямар ч тохиолдолд Росгвардиагийн удирдлага дор бүрдсэн томоохон хүчнийг тоног төхөөрөмж, хангамжаар хангах ёстой аж.
"Вагнер"-ын зарим гишүүн Кремль болон Батлан хамгаалах яамтай нэгдсэн Трошевын оронд Пригожинтой холбоотой хэн нэгнийг удирдагчаар томилохыг хүсч байна гэж Дайны судалгааны хүрээлэн дүгнэв.
Эх сурвалж: SKY NEWS
Холбоотой мэдээ