Спикер авлигын эсрэг парламентыг "хөдөлгөх"-өө зарлав!

Хуучирсан мэдээ: 2023.10.02-нд нийтлэгдсэн

Спикер авлигын эсрэг парламентыг "хөдөлгөх"-өө зарлав!

Спикер авлигын эсрэг парламентыг "хөдөлгөх"-өө зарлав!

Улирлын хувьд Монголд хүйтний, улс төрийн хувьд халууны цаг нь ирж байна. Урьд өмнө, ийм том мөнгөн дүнтэй хулгай луйврууд Монголд гарч байсангүй. Атал сүүлийн нэг жилийн дотор хулгай луйврын хэмжээ тэрбумаас их наяд болтлоо өсч, доодох иргэд нь хоногийн хоолны мөнгөө хүргэж ядан амьдарч байхад дээдэх эрх мэдэлтнүүд нь хулгайж, луйвардсанаа нууж ядаж сууж байна. Тэд авлигын хэмжээ, авдаг 10 хувиа ил цагаан “чамладаг” болсны нэг жишээ  нь шүүхийн танхимд хэлсэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн экс захирал Б.Ганхуягийн үг. 40 их наядын нүүрсний хулгайн гол сэжигтэн тэрбээр  “40-хөн тэрбумын асуудал" хөндсөн нь үнэндээ энгийн иргэдийн хувьд бүх насаараа ажиллаад олж чадахгүй мөнгөн дүн юм. Түүний хамсаатан байж болзошгүй хүмүүс өдгөө ч Төрийн ордонд хуулийн дархлаатайгаа сууж буйд, төсөв захиран зарцуулагчид хулгайгаа хуулийн ард нууцлах болсонд иргэд бухимдахаас, төрд итгэх итгэл нь алдрахаас өөр яалтай билээ.

Үнэндээ, энгийн иргэд нь хөл залгуулах, эрх баригчид нь “өл залгуулах” автобусан дээрээ алалцаж, МАН-ынхны хувьд ёстой “мөнгө цагаан, нүд улаан” болжээ.

Тиймээс МАН-ын үнэмлэхүй олонх бүхий парламентын бүрэн эрхийн хугацааны сүүлчийн чуулганыг нээсэн УИХ-ын дарга Г.Занданшатарын үгний товч утга нь нэг талаас намынхандаа хаягласан, нөгөө талаас төрд бугшсан авлига, хулгай, луйврын эсрэг чиглэв.

1.

Спикерийн өгсөн нэг гол мессеж нь “Монголын төр авлига, хээл хахуультай тэмцсээр байгаа ч үр дүн нь гарахгүй байгаа” тухай. Аргагүй биз, Хөгжлийн банкнаас зээл аваагүй улстөрч олдоогүй шиг шүүхээс ял авсан улстөрч гараагүй. Эцэстээ хэдэн “цүнх баригч” ял аваад гол авлигачид, луйварчид нь нь сул чөлөөтэй үлдсэн. Энэ жишгээр 40 их наядын "алга" болсон нүүрсний хулгай дөрвөн шуудай төдийхнөөр дуусч магадгүй байна.  "Өсөхийн өлөн"-тэй улстөрчдийн хувьд иргэдээсээ ичдэг нь, АТГ-аас айдаг нь цөөхөн болж. Үүний нэг бол иргэдээ ил цагаан доромжилсон ногоон автобусны хэрэг.

Хулхи автобусны авлигын илчлэгдэхийн хэрээр хулгайч олдохоо болив. 400 сая төгрөг авлигачдад бага байж болох ч ард иргэдийн хувьд том тоо. Тэгэхээр энэ удаагийн хулгай, луйврын хэрэг ганц сайдын дээлийг “шар шувтлаад”  өнгөрвөл авлига хээл хахууль өргөс авсан юм шиг алга болохгүй нь ойлгомжтой.

Спикерийн үгэндээ онцолсон “…нийгмийн бухимдлыг дээд цэгт нь хүргээд буй нийслэл хотын ужиг асуудлуудад шийдэмгий шуурхай арга хэмжээ авах УИХын хяналт шалгалтын түр хороог яаралтай зохион байгуулж, газрын наймаа, төрийн худалдан авалтын авлига хээл хахуулийн асуудлыг нэг мөр шийдвэрлэж, хатуу хариуцлага тооцох ёстой” нь бол ёстой. Гэхдээ УИХ бол хууль тогтоох дээд байгууллага болохоос Улсын дээд шүүх биш. Авлига, хулгай, луйвартай хийх тэмцэлд хууль, шүүхийн оролцоо багагүй, тэд Төрийн ордны аль нэг жигүүрээс даалгавар авдаг хэвээр байвал авлигатай тэмцэнэ гэж ам, шүд өгөх хэрэггүй.

Спикерийн  “Шүүх байгуулах тухай хуулиас эхлээд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай зэрэг хуулиудыг баталж, эрх зүйн шинэчлэлээ гүнзгийрүүлэх шаардлагатай байгаа” гэх сануулга ч, Шүүхийн тухай хуулийн зарим заалт, тухайлбал шүүх тогтолцооны гажуудлыг засах чиглэлээр хууль хэрэгжүүлэхгүй байгаа тайлбараа УИХ-д ирүүлэхийг ШЕЗ-өөс шаардсан шаардлага ч аль, аль нь зүй ёсных.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёул авлига, луйвартай хийх тэмцэл нь үр дүнд хүрэхгүй яваад хууль, шүүхийнхэнд сэтгэл дундуур байгаа нь илэрхий. Угаас  шүүх ариун биш  бол төр ариун биш байх нь ойлгомжтой.

2.

УИХ-ын даргын хоёр дахь мессеж нь нүүрсний хулгай. Аль өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-ын дарга Г.Занданшатар нүүрсний асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулах захирамж гаргасан. Зургадугаар сард ажлын хэсгийн даргаар Х.Нямбаатарыг томилсон. Атал өнөөдрийг хүртэл нүүрсний нээлттэй сонсгол хэзээ хийх нь тодорхойгүй, гол сэжигтнүүд шүүхийн танхимаас бие биеэ сүрдүүлж, бие биедээ “мессеж” өгөөд сууж байна.  Энэ удаад ч спикер “Монголын эдийн засагт үлэмж хэмжээний хохирол учруулсан “нүүрсний” гэх тодотголтой хэргийн сонсголыг нэн тэргүүнд зохион байгуулж, хянан шалгахыг иргэд биднээс хүчтэй шаардаж байгаа” гэсэн нь цаанаа ангийн нөхдөөсөө дэмжлэг хүссэнийх биз. Явж, явж нүүрсний хулгай МАН-тай очиж наалдах нь ойлгомжтой, цагаан байрны журмын нөхдөөс нь цөөнгүй нь нэр холбогдсон тодорхой болсон. Учир иймээс парламентын гишүүд нь хөдлөхгүй бол Г.Занданшатар мянга захирамж гаргаад нэмэргүй. Тэр намын дарга биш хурал даргалагч шүү дээ.

3.

Гуравдахь мессеж нь цоо шинэ сорилын тухай. Монгол өнөөдөр улс төр, эдийн засаг, гадаад харилцаа талаасаа цоо шинэ сорилын өмнө зогсч байгаа нь үнэн. Өнгөрсөн хаврын чуулганаар Монголын улс төрийн “тулах цэг” болсон гурван хуульд реформ хийсэн.  Үндсэн хуульд  нэмэлт өөрчлөлт оруулж, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хуулийг шинэчилсэнээр ирэх 2024 онд монголчууд шинэ тогтолцоогоор анхны сонгуулиа хийнэ,126 гишүүн сонгоно.  Ямар ч байсан хонгилоос гарах гэж улсаараа зүтгээд л байна. Харамсалтай нь, хамгийн их гай болж байгаа нь, авлига, хулгай. Тиймээс УИХ-ын даргын зүгээс нийслэлийн үе үеийн дарга нарын газар олголт, барилгын зөвшөөрлүүд, нийтийн тээвэр, тендер, худалдан авалтуудыг хянан шалгах түр хороо байгуулахаар болжээ. Гэхдээ түр хороогоо ашиг сонирхолтой гишүүдээс ангид байлгах хэрэгтэй.

Хулгай, луйвар төрд нүүрлэсээр байвал хуулийг мянгантаа шинэчилсэн ч нэмэргүй. Спикер авлигын эсрэг парламентыг "хөдөлгөх"-өө зарлав. Иргэд ч бас авлигатай эвлэрэх биш тэмцэж байж эрх баригчид биднээс эмээдэг болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж