Цагаан ном: Хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг хамтдаа цогцлоох нь

Цагаан ном: Хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг хамтдаа цогцлоох нь

Цагаан ном: Хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг хамтдаа цогцлоох нь

Шинэ Хятад улс байгуулагдсаныг 1949 оны 10 дугаар сарын 1-ний өдөр дэлхий дахинаа ёслол төгөлдөр зарлан тунхагласан билээ. Энэ жил БНХАУ байгуулагдсаны 74 жилийн ой тохиож байна.

БНХАУ-ын үндэсний баярын өмнөхөн, энэ оны 9 дүгээр сарын 26-ны өдөрБНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албанаас “Хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг гар гараасаа барилцан хамтдаа цогцлоох нь: Хятад улсын санаачилга, үйл ажиллагаа” нэртэй Цагаанном”-ыг эрхлэн гаргаж, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг цогцлоон байгуулах үзэл санааны агуулга болон бодитой үйл ажиллагааг иж бүрэн танилцуулсан байна. 22000 ханз үсэг бүхий энэхүү Цагаан ном” нь оршил, төгсгөлийн үг болон үндсэн таван хэсгээс бүтжээ. Энэ удаа уг “Цагаан ном”-ын гол агуулгаас та бүхэнд товч танилцуулахыг зорилоо.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг цогцлоон байгуулах” үзэл баримтлалыг анх дэвшүүлсний 10 жилийн ой энэ онд тохиож байна. 10 жилийн өмнө тэрбээр “Хүн төрөлхтөн хаашаа зүглэж байна вэ” гэсэн дэлхийн, түүхийн, эрин үеийн шинжтэй асуултад хариулт болгож, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг цогцлоон байгуулах үзэл баримтлалыг анх дэвшүүлснийг “Цагаан ном”-д дурджээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2013 онд МосквагийнОлон улсын харилцааны дээд сургууль дээр үг хэлэхдээ уг үзэл баримтлалыг анх дэвшүүлж, улмаар 2015 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дахь удаагийн чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэхдээ “Тавыг нэг цогц болгох” ерөнхий хүрээг дурдаж, 2017 онд НҮБ-ын Женевийн төв байранд үг хэлэхдээ, “Өнө бат энх тайван дэлхий ертөнц, бүх нийтийн аюулгүй дэлхий ертөнц, хамтдаа цэцэглэн хөгжсөн дэлхий ертөнц, нээлттэй, уужуу багтаамжтай дэлхий ертөнц, цэвэр ариун, үзэсгэлэнтэй сайхан дэлхий ертөнцийг цогцлоон байгуулах” хэмээсэн “Таван дэлхий ертөнц”-ийн ерөнхий зорилгыг дэвшүүлснээр, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийн үзэл баримтлалын үзэл санааны агуулга байнга гүнзгийрэн тэлж ирснийг “Цагаан ном”-д онцолсон байна.

“Бид итгэл найдвараар дүүрэн эрин үед, бас сорилт шалгалтаар дүүрэн эрин үед оршиж байна. Түүхийн их замын уулзуур дээр тулж ирээд, эе найрамдах уу, эсбөгөөс хагаран бутрах уу, уужуу нээлттэй байх уу, эсбөгөөс хаалттай түгжигдмэл байх уу, хамтран ажиллах уу, эсбөгөөс харилцан сөргөлдөх үү? гэсэн асуулттай тулгарч байна. Ямар сонголт хийх нь хүн төрөлхтний нийтлэг эрх ашиг лугаа шууд холбогдож, улс түмний оюун ухааныг сорьж шалгаж байна” хэмээн уг номд дурджээ.

“Эдүгээ даяаршил нь сонголт бус, харин бодит байдал, тэр ч байтугай амьдралын нэгэн хэв маяг болоод байна. Дэлхийн бөмбөрцөг-тосгон улам бүр “жижигрэн”, дэлхий ертөнцийг тольдон харахуйд, дэлхийн бөмбөрцөгийн хамгийн алс холын зай ч хүртэл, 24 цагийн шууд нислэгээсдавж хэтрэхгүй болж байна. Дэлхий бас улам бүр “хавтгайрч” байна. Гар утасны нүүрийг ганц тогшиход л, хормын зуур дэлхийн бөмбөрцөгийн нөгөө нэг хязгаартай шууд холбогдож байна. Дэлхий ертөнц даяаршин нэг цогц болсоор байна, хэн тэрхүү дэлхий ертөнцөөс татгалзана, дэлхий бас түүнээс татгалзах болно.

Нэгэн цэнхэр гараг дээр хамтдаа оршин аж төрөхүйд, ойрын хөрш, холын түншийн алин нь ч байсан, их гүрэн, бага улсын алин нь ч байсан, хөгжингүй улс, хөгжиж байгаа улсын алин нь ч байсан, чухамдаа өдрөөс өдөрт эрх ашиг нь улам бүр нэвчин сүлэлдэж, амар түвшин хийгээд аюул түгшүүр зэрэгцэн орших эрх ашгийн цогц нэгдэл, хариуцлагын цогц нэгдэл, хувь заяаны цогц нэгдэл бүрэлдэн тогтоод байна.” Цагаан номд тийнхүү дурджээ.

“Хөгжлийн алдагдал тасралтгүй өсөж, хүн төрөлхтний хөгжлийн индекс сүүлийн 30 жилд анх удаа буурч, дэлхий дээр ядуучуудын тоо шинээр 100 сая гаруй хүнээр нэмэгдэж, барагцаалбал 800 сая хүн ам өлсгөлөнгийн нөхцөлд аж төрж байгаа” ажээ.

“Цагаан ном”-д дурдахдаа, “Даян дэлхийн шинжтэй хямралыг сөрөн, улс орнууд 190 гаруй жижиг завь дээр суух бус, харин хувь заяагаа хамтатгасан нэгэн том хөлөг онгоцоор зорчих учиртай. Жижиг завь онгоц шуурга давлагаанд тэсэж тогтох нь үгүй, гагцхүү аварга том хөлөг онгоц л догшин салхи, ширүүн шуурганы аюул түгшүүрийг гэтэлж давж чадна.

Орчлон ертөнц ганцхан дэлхийтэй, хүн төрөлхтөн ганцхан орон гэртэй. Дэлхийн бөмбөрцөг дээрх нийт хүн төрөлхтөн болбоос хувь заяагаа хамтатгасан нэгэн том гэр бүл бөгөөд улс орнууд хоорондоо эрх ашиг  нь харилцан сүлэлдэж, хувь заяа нь харилцан холбогдож, жаргал зовлонгоо харилцан хуваалцаж, улам бүр “Та байваас би байна, би байваас та байна” гэсэн хувь заяаны цогц нэгдэл болж байна.

Хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг цогцлоон байгуулахад нээлттэй, уужуу багтаамжтай, харилцан ашигтай, хамтдаа хожих, голч шударгуу зарчмыг баримтлах бөгөөд аль нэгэн тогтолцоогоор өөр нэгэн тогтолцоог орлуулах, аль нэгэн соёл иргэншлээр өөр нэгэн соёл иргэншлийг төлөөлүүлэх явдал бус, харин өөр өөр нийгмийн тогтолцоо, өөр өөр үзэл суртал, өөр өөр түүх соёл, өөр өөр хөгжлийн түвшин бүхий улс орнууд олон улсын хэрэг явдалд эрх ашиг нь хамтдаа оршиж, эрх мэдлийг хамтдаа эдэлж, хариуцлагыг хамтдаа үүрэх ёстой” хэмээн онцолсон байна.

Хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг цогцлоон байгуулах үзэл баримтлал нь түүх, соёлын хөрс суурь, шилдэг уламжлалд гүн суурилсан болохыг “Цагаан ном”-д онцлон дурджээ.

Тухайлбал, “Хятадын соёл нь “эе зохирол”-ын үзэл баримтлалыг оюун санааны дотоод цөм болгон, “Зохирол бүхнээс эрхэм”, “Санаа зохирон орших агаад сохроор эс дагах” үнэт зүйлийн чиг хандлагыг баримтлан, “Сэтгэл зүтгэлээ хамтатган эе найртай зэрэгцэн орших” эрхэм дээд хүсэл тэмүүллийг мөрдлөг болгон, өөр өөр улс орнууд, өөр өөр соёл нь “Хамаг олон үзэсгэлэнт сайхан бүхнийг хамтад нь бахдаж, эцэс сүүлд нь тэнгэрийн дор их эв найрт хүрэх” ёсыг эрхэмлэн дээдэлдэг” хэмээн “Цагаан ном”-д дурджээ.

“Хятадын олон үндэстэн эртнээс нааш “Өршөөл, ёс суртал, олныг энэрэн хайрлах сэтгэл”-ийг ихэд эрхэмлэж ирсэн бөгөөд “Сайн сурталт хүмүүн ер үл ганцаардах, санаа нэгт хүмүүн лав байх” үзэл санаа, “Өршөөлт хүмүүнтэй ойр дотно, ойрын хөрштэйгөө эв найртай байх”, “Итгэлийг эрхэмлэж, хөршийг хүндлэх” орчлон хорвоод оршин тогтнохуйн жам ёсыг баримтлан, “Шударга ёс, үр ашгийг хамтад нь чухалчлах боловч, шударга ёсыг ямагт тэргүүнд нь тавих” шударга ёс хийгээд үр ашгийн зарчмыг өргөн дээдэлж ирсэн түүхтэй юм.

Хятадын олон үндэстэн “Өөрөө сайн больюу хэмээвээс өрөөл бусдыг сайн болгох” ёсыг чухалчилдаг бөгөөд “Өөрийн биеийг тэтгэн босгосугай хэмээвээс, өөр бусдыг тэтгэх, өөрийн биеийг аливаад нэвтэрхий болгосугай хэмээвээс, өөр бусдыг нэвтэрхий болгох”, “Өөрийн үл хүсэхийг өрөөл бусдад эс тулгах” ёсыг эрхэмлэдэг” хэмээн дурджээ.

“Зохирол бүхнээс эрхэм буюу”, “Эрдэмт сайд бусад лугаа санаа зохирох агаад сохроор эс дагалдах, өчүүхэн хүмүүн сохроор дагалдах агаад санаа зохирч эс чадах”, “Сайн сурталт хүмүүн ер үл ганцаардах, санаа нэгт хүмүүн лав байх”, “Өөрийн биеийг тэтгэн босгосугай хэмээвээс, өөр бусдыг тэтгэх, өөрийн биеийг аливаад нэвтэрхий болгосугай хэмээвээс, өөр бусдыг нэвтэрхий болгох”, “Өөрийн үл хүсэхийг өрөөл бусдад эс тулгах” хэмээсэн эдгээр номлол сургаалыг эртний Хятадын их сэтгэгч Күнз дуртган өгүүлсэн нь “Шүүмжлэл өгүүлэл” номоор бидний үед уламжилж ирсэн билээ.

“Шинэ эрин үед дэвшин орсноор, Хятад улс энх тайван, хөгжил, хамтран ажиллах, хамтдаа хожих тугийг өндөрт өргөн, Хятадын онцлогтой их гүрний гадаад бодлогыг хэрэгжүүлэн, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг цогцлоон байгуулах, шинэ маягийн олон улсын харилцаа, нийт хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл, “Нэг бүс, нэг зам”-ыг хамтдаа бүтээн байгуулах, “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”, “Даян дэлхийн аюулгүй байдлын санаачилга”, “Даян дэлхийн соёл иргэншлийн санаачилга” зэрэг шинэ үзэл баримтлалуудыг бүтээлчээр дэвшүүлж, даян дэлхийг удирдан засах үзэл, шударга ёс хийгээд үр ашгийн зөв үзэл, аюулгүй байдлын үзэл, хөгжлийн үзэл, хамтын ажиллагааны үзэл, экологийн үзэл зэрэг чухал үзэл баримтлалуудыг санаачилсан нь Хятад улсын өвөрмөц онцлог, Хятад улсынхэв суртал, Хятад улсын сүр жавхланг илтгэн харуулж байна” хэмээн “Цагаан ном”-д дурджээ.

“Хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг цогцлоон байгуулах үзэл баримтлал нь энх тайванчаар урагшлан хөгжих, эв найрамдалтай зэрэгцэн орших, хамтран ажиллаж, хамтдаа хожих зэрэг өөр өөр соёл иргэншил хоорондын харилцааны учир ёсыг тусгасан юм. “Жаргал зовлонгоо хуваалцваас хатуу бэрхээс халшрах нь үгүй” хэмээсэн Оросын зүйр үг,  “Нэг хүний хүчин зүтгэл болбоос нэмэх үйлдэл, нэгэн багийн хүчин зүтгэл болбоос  үржүүлэх үйлдэл” хэмээсэн Германы зүйр үг, “Ганцаараа явбал хурдан явна, олуулаа явбал хол явна” хэмээсэн Арабын зүйр үг, “Санаа нэг бол заяа нэг” хэмээсэн Монголын зүйр үг буй. Эдгээр зүйр үгс нь бүгдээрээ дэлхийн соёлын гүн зузаан угсурвалж, арвин баялаг үзэл санааны гүн нарийн учир ёсыг илтгэн харуулдаг юм” хэмээн “Цагаан ном”-д онцолсон байна.

“Цагаан ном”-д БНХАУ-ын энх тайванч гадаад бодлогыг онцлон дурджээ. Тухайлбал,

“Хятад улс хэзээ ямагт тусгаар тогтносон, бие даасан, энх тайванч гадаад бодлогыг баримтлах бөгөөд Хятад улсын гадаад бодлогын эрхэм зорилго бол дэлхийн энх тайвныг сахин хамгаалах, хамтын хөгжилд тус дөхөм үзүүлэх явдал мөн. Хятад улс янз бүрийн хэлбэрийн жанжлах үзэл, хүчээр тулгах улс төрийг эсэргүүцэх бөгөөд бусад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй, хэзээ ч жанжлахгүй, хэзээ ч хүрээгээ тэлэхгүй. Хятад улс бодлогодоо тийнхүү тогтоож, тогтолцоондоо тийнхүү төлөвлөж, практик дээр бүр ч илүүтэй тийнхүү хэрэгжүүлдэг юм.

Хятад улс энх тайванч хөгжлийн замаар замнадаг бөгөөдбусад улс орнуудыг бас хамтдаа энх тайванч хөгжлийн замаар замнахыг хүсдэг. Улс орнууд энх тайвныг хамтдаа хүсэж, энх тайвныг хамтдаа сахин хамгаалж, энх тайвныг хамтдаа хүртвээс, сая өөрийн хөгжлийн зорилгоо хэрэгжүүлж чадах бөгөөд дэлхий ертөнцөд илүү их хувь нэмэр оруулах болно. Гагцхүү энх тайванч хөгжлийн замаар замнаж байж, улс орнууд энх тайвнаар зэрэгцэн оршиж чадах бөгөөд хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг цогцлоон байгуулах хэрэг сая итгэл найдвартай болно.” “Цагаан ном”-д тийнхүү онцолжээ.

“Мянган бээрийн холын аялал мөнхүү өлмий дороос эхэлдэг.”

“Нэг бүс, нэг зам”-ыг хамтдаа бүтээн байгуулах санаачилгыг Хятад улс дэвшүүлсэн, харин боломж хийгээд үр шим нь дэлхий дахинд хамааралтай. “Нэг бүс, нэг зам” нь жирийн нэгэн зам буюу эдийн засгийн жирийн нэг бүс бус, харин нийт хүн төрөлхтөн хамтдаа урагшлан дэвших санаачилга бөгөөд улс орнуудын хамтын хөгжилд шинэ зам нээж байна хэмээн олон улсын хамтын нийгэмлэг өндрөөр үнэлж байна” хэмээн “Цагаан ном”-д онцолсон байна.

“Хөгжил болбоос аюулгүй байдал хийгээд соёл иргэншлийн материаллаг суурь үндэс, аюулгүй байдал болбоос хөгжил хийгээд соёл иргэншлийн үндсэн урьдач нөхцөл, соёл иргэншил болбоос хөгжил хийгээд аюулгүй байдлын үзэл санааны түшиг тулгуур мөн. Хятад улс “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”, “Даян дэлхийн аюулгүй байдлын санаачилга”, “Даян дэлхийн соёл иргэншлийн санаачилга”-ыг дэвшүүлж, хөгжил дэвшлийн, аюулгүй байдлын, соёл иргэншлийн хэмээсэн гурван өнцгөөс нь хүн төрөлхтний нийгмийн урагшлах чиг хандлагыг тодотгон заасан, өөр хоорондоо  холбоотой, харилцан шүтэлцээтэй эдгээр санаачилгууд нь хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг цогцлоон байгуулах чухал тулгуур, хүн төрөлхтний энх тайван, хөгжлийн чухал томоохон асуултад хариулт өгөх Хятад улсын хувилбар мөн болой.

Гагцхүү дэлхийн улс орнууд эв найрамдалтайгаар, тэнгэрийн дор их ёсыг хамтдаа хэрэгжүүлэн, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг цогцлоон байгуулах зөв чиглэл өөд зорин, хамтдаа төлөвлөн, хамтдаа хэрэгжүүлж, бага багаар хүчин зүтгэл гаргаж, өдөр хоногоор цуцалтгүй тэмцэх аваас, өнө бат энх тайван, бүх нийтийн аюулгүй байдал, хамтдаа цэцэглэн хөгжсөн, нээлттэй, уужуу багтаамжтай, цэвэр ариун, үзэсгэлэнтэй сайхан дэлхий ертөнцийг цогцлоон байгуулж чадах бөгөөд хүн төрөлхтний илүү сайн сайхан ирээдүйг хамтдаа бүтээж чадна”  хэмээн “Цагаан ном”-д онцлон дурджээ.

БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албанаас эрхлэн гаргасан “Хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг гар гараасаа барилцан хамтдаа цогцлоох нь: Хятад улсын санаачилга, үйл ажиллагаа” нэртэй “Цагаанном”-ын гол агуулгаас товч танилцуулахад ийм буюу.

М.ЧИМЭДЦЭЕЭ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

УНШИГЧ 2023-10-02 103.57.92.168

Маш сайхан орчуулж, найруулж бичжээ. Хятадын төрийн бодлогыг таньж мэдэхэд нэн тустай нийтлэл байна. Жинхэнэ монгол хэл найруулга иймэрхүү л байдаг. Баяр хүргэе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж