Л.Энх-Амгалан сайд багш нар ажил хаявал заргалдана

Хуучирсан мэдээ: 2023.10.02-нд нийтлэгдсэн

Л.Энх-Амгалан сайд багш нар ажил хаявал заргалдана

Л.Энх-Амгалан сайд багш нар ажил хаявал заргалдана

Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлээс өнөөдөр /2023.10.02/ цбагшийн цалинг 1000 ам.долларт хүргэхийг шаардаж, салбарын яамныхаа гадаа мэдээлэл хийлээ. Тэд маргаашнаас эхлэн өлсгөлөн зарлаж, аравдугаар сарын 5-нд ажил хаяхаа мэдэгдэв.

Эл асуудалд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Засгийн газар Монголын багш нарын холбоотой хамтран гурван талын хэлэлцээрээр гэрээ хийдэг хуулийн зохицуулалттай. Тэрнээс биш аль нэг хууль бус байгууллага гарч ирээд хууль бус шаардлага тавьж болохгүй. Нэг хэсэг нь хуулийн дээр, нөгөө хэсэг нь хуулийн доор амьдарч болохгүй. Уг нь багш нарын цалинг нэмэх зорилго нь зөв, арга нь буруу байна. Өөрсдөө хууль бус шийдвэр гаргачихаад ажил хаялт зарлавал бид эргээд хууль хяналтын байгууллагад хандахаас өөр аргагүй. Болдогсон бол ганц багш нар гэлтгүй бүх төрийн албан хаагчдын цалинг 1000 ам.долларт хүргэх бодол хүн бүрт бий.

Улсын төсөв чинь 19 их наяд төгрөг. Цалингийн зардал нь 5.1 их наяд төгрөг. Энэ мөнгөний 1.7 их наяд нь зөвхөн боловсролын салбарын ажилтан буюу 98 мянган ажилтны цалингийн эх үүсвэр. Сая наадмын өмнө багш нарын цалин нэмэгдэж, төсөв нэмэгдэж байгаа.

Өнгөрсөн Баасан гаригт Засгийн газраас өргөн барьсан 2024 оны төсвөөр нийт төсвийн төрийн албан хаагчдын тэтгэвэр, цалинг 10 хувиар нэмэхээр болсон. Хөдөө орон нутгийн сумд ажилладаг бол 40 хувь, аймгийн төвд ажилладаг бол 20 хувиар нэмнэ. Цалин хөлсний бодлого нэг цонхны бодлогоор явна. Аль нэг салбарын ажилчдын цалинг нэмэх ямар ч боломжгүй. Бид гүйцэтгэлийн үнэлгээнээс нэг ч алхам буцахгүй. Ирэх нэгдүгээр сарын 1-нээс хамгийн өндөр гүйцэтгэл гаргасан багш нар өндөр цалин авна. Үр дүн муутай ажиллаад өндөр цалин авах боломжгүй" гэдэг хариултыг өглөө.

Багшийн цалинг 1000 ам.долларт хүргэхийг шаардаж, ирэх аравдугаар сарын 5-нд багш нар ажил хаяхаар болсон талаар өнгөрсөн долоо хоногт Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийсэн. Ажил хаялтад одоогоор 160 гаруй сургууль нэгдээд байгааг багш нар хэлж байв. Эдгээр ажил хаялтад нэгдсэн сургуулийн 30 гаруй нь нийслэлийнх бол бусад нь орон нутгийн сургуулиуд юм гэдгийг тэд тодотгосон юм.

Энэ үеэр Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн н.Мөнхбаатар  ярихдаа "Бидний зүгээс есдүгээр сарын  11-нд салбарын хэлэлцээр эхлүүлэх тухай мэдэгдлийг Боловсрол, шинжлэх ухааны сайдад хүргүүлсэн. Мэдэгдлийн хугацаа аравдугаар сарын 3-нд дуусна. Хэрвээ энэ хугацаанд хариу өгөхгүй бол Дэлхийн багш нарын эрхийг хамгаалах өдөр буюу аравдугаар сарын 5-нд ажил хаяхаар төлөвлөөд байна.

Бид багшийн цалинг ойрын гурван жилд 1000 ам.долларт хүргэ гэдэг шаардлага тавьж байгаа. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд багшийн цалин 350 ам.долларт л хүргэсэн.

Боловсролын сайдын яриад байгаа 2.5 сая төгрөгийн цалинг олон жил багшилсан, олон нэмэгдлийг тултал авч байж л авна. Залуу багш нарын хувьд 1 сая 273 мянган төгрөгийн цалин  авч байгаа, ямар ч нэмэгдэлгүйгээр. Анги удирдсаны нэмэгдэл гэж 120 мянган гаруй төгрөг авдаг.  Бид нар энийг хүүхдийн тоогоор уялдуулаад 1 хувиар олгодог байх шаардлага хүргүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, 20 хүүхэдтэй багш 20 хувийн нэмэгдэл, 60 хүүхэдтэй багш 60 хувийн нэмэгдэл авдаг болъё. Хөдөөгийн багш 20 хүүхэдтэй хэрнээ 10 хувийн нэмэгдэл авдаг, хотын багш 60 хүүхэдтэй хэрнээ 10 хувийн нэмэгдэл авдаг байж таарахгүй. цэцэрлэгийн багшид мөн анги удирдсаны нэмэгдэл олгох шаардлага байна гэлээ. Боловсролын салбарын ачааны хүндийг үүрч явдаг манаач, тогооч нарын сарын цалин 750 мянган төгрөг. Энэ 750 мянгаар хүн шиг амьдрах ямар ч боломжгүй. Өрнөөс өрний хооронд амьдарч байна. Сургуульд жижүүр харуул олдохоо больсон. Багш нарын баяр гэж элдэв хурал зөвлөгөөн хийлгүй, одон мядаалаар хууралгүй цалинг нэмэх шаардлага байна" гэдэг байр суурийг илэрхийлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж