Хөлсний цэргийн "Вагнер" бүлгийн тэргүүн Евгений Пригожин нас бараад 40 хонож байна. Үнэн алдартны шашинд хүн нас бараад 40 хоносны дараа сүнс нь амирлаж, диваажин эс бол там руу сүүлчийн замдаа гардаг гэж үздэг. Түүний дурсгалыг хүндэтгэх ёслол Ням гаригт болсон бөгөөд гэр бүлийнхнээс нь эхлээд "Вагнер"-ын дайчид хүртэл олон хүн оролцов. Энэ үеэр Пригожинийг ард түмний баатар хэмээн тунхаглалаа.
Евгений Пригожин наймдугаар сарын 23-нд Москвагаас Санкт Петербург хүрэх замдаа онгоцны ослоор нас барсан. Энэхүү ослоор "Вагнер"-ын өөр хоёр командлагч, дөрвөн бие хамгаалагч, хөлгийн багийн гурван гишүүн нас барсан юм.
Санкт Петербург дахь түүний булшин дээр ээж Виолетта, хүү Павел нар нь иржээ. Мөн Пригожинийг дэмжигчид "Цус, нэр төр, эх орон, эр зориг" гэсэн уриа үг бүхий хар тугийг намируулсан байв. Санкт Петербургаас гадна нийслэл Москва болон Оросын бусад хотод ч дурсгалыг хүндэтгэх ёслол болжээ. Харин Оросын төрийн телевизээр арга хэмжээг огт дурдаагүй, эрх баригчид ч албан ёсны мэдэгдэл гаргаагүй.
"Вагнер"-ын цэрэг татлагын хэсэг албан ёсны телеграм хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийхдээ "Түүнийг янз бүрээр буруутгаж байсан ч тэр өөр өөр тивд эх орныхоо ашиг сонирхлыг хамгаалж явсан эх оронч нэгэн байлаа. Тэр өөрийн гэсэн харизматай. Дайчидтайгаа болон бусадтай ойр дотно байсан. Тийм ч учраас Оросод төдийгүй хилийн чанадад нэр алдар нь түгсэн" гэжээ.
Эх сурвалж: AL JAZEERA
Холбоотой мэдээ