Шинэ гээд хуучин автобус шахсан хэрэгт хардагдсан хотын захиргааныхан амралтын өдрүүдэд “ногоон” автобусаа танилцуулж олон нийтийн ойлголтыг өөрчлөхийг оролдсон сахил хүртээд шал дордов гэгч болов. Машин, механизм гадарладаг механикууд “но”-г нь нэг бүртчлэн тайлбарлаж бүр олон хүмүүсийн уур ундууцлыг хүргэв. Будилаан нь нэгэнт ил болсон болохоор "Тэнүүн огоо" ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг, “Daewoo” компанийн дэд захиралтай мэдээлэл хийсэн ч тусыг олсонгүй. Худал мэдээлэл тараасан иргэн, аж ахуйн нэгжийг “Daewoo” компанийн дэд захирал шүүхэд өгнө гэдгээ мэдэгдсэн. Эрүүгийн цагдаагийн албаныхан эл хэрэгт холбогдуулан шалгалтын ажиллагааг эхлүүлсэн бөгөөд урьд шөнө "Тэнүүн огоо" ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг, мөн тус компанийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар (НХААГ)-ын Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Б.Түмэнжаргал, НХААГ-ын төлөвлөлт, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ш.Баярсүх нарын дөрвөн хүнийг саатуулсан.
Гэтэл энэ талаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах бодлогын цогц судалгааны талаар хотын дарга Д.Сумъяабазар /2023 оны есдүгээр сарын 22-ны өдрийн 12,00 цагт/ мэдээлэл өгөхдөө “Тендерийн хугацаа гурван сар. Улс төр хийж байгаа хүмүүс шахаад байна. Иргэд ч шахаж байна. 318 тэрбум төгрөг бол улсын төсөв дээр тавигдсан мөнгө. Хоёрдугаарт, эрх шилжүүлж орж ирсэн асуудал. Гуравдугаарт, шуурхай зохион байгуул гэсэн үүрэг, даалгавартай.
Тендерийн хуулиар явбал гомдол, маргаан үүснэ. Тийм учраас нууцад авахаас өөр арга надад байхгүй. Тендерийн тухай хуульд өөрчлөлт оруулахгүй бол “Сэлбэ сэргэлт”-ийн асуудал ч дахиад яригдана.
Иргэдийн хүсч байгаа зүйл дээр бид худалдан авалт хийж л таарна. Тэгэхээр нууцад авахаас өөр арга байхгүй” гэж хэлжээ.
Эндээс үзвэл ТЕГ ч бус хотын даргын санаачлагаар хуулийн баг нь нууцад оруулсан аж. Түүнээ гадна нийслэлийн бонд гарган хэрэгжүүлэх гэж байгаа “Сэлбэ сэргэлт” төслийн ажлыг ч нууцад оруулахаас өөр аргагүй гэж хотын дарга тайлбарласан аж. Төсвийн хөрөнгөөр нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр шийдэж байгаа ажлуудыг нууцад оруулдаг шалтгаан нь шууд сонгон шалгаруулалт хийж, ямар өртөгөөр хэн хийхийг нь олон нийт мэдэх боломжгүй болгодог. Харин албан тушаалтнууд өөрсдийгөө хаацайлан хурдан, шуурхай асуудлыг шийдвэрлэх үүднээс гэх тайлбарыг хэлдэг юм.
Ногоон автобусны хэрэг шийдэгдээгүй байхад ийнхүү дараагийн том бүтээн байгуулалтыг нууцад авахын тулд байгалийн гамшигт үзэгдэл, үе усны аюулаар айлган “хулгай” хийхээр зэхээд буй бололтой.
Л.Халиу
Холбоотой мэдээ