Хамгийн олон сайдтай МАН-ын Засгийн газар доторх фракциуд нь хүчээ зузаатгаж, намрын чуулгантай зэрэгцэн эхнээсээ огцорч эхлэв. Хэн хаанаас "захиалж" байгааг нь хөөгөөд үзвэл тохой нийлүүлэн суугаа нөхдөөс нь эхлэлтэй болоод хувирчих Засгийн газрын фракциуд дунд юу өрнөж байна вэ.
ЗАСГИЙН ГАЗАР ДАХЬ 3 ФРАКЦ
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланг ам.доллар төлж, “нүүрсний мафийн толгойлогч” гэж гаднын цахим хуудаст бичүүлсэн хүн нэг танхимд тохой нийлүүлэн суугаа гэдэг ойлгомжтой. Ер нь бол МАН-ын далд зөрчил эцэстээ тулахад ойрхон байгаа. Халиар, топооруудын үлгэрээр нэг шүдэнз зурахад дүрэлзэхэд ойрхон байгааг “Д.Амарбаясгалангийн зөвлөлт маягийн авлига, нүүрсний хэрэг” материалын захиалагч ил болгосон.
Хятадын тусгай албадаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өгсөн гэх нүүрсчдийн жагсаалтын тэргүүнд МАН-ын нарийн бичгийн дарга нарын нэрс байсан гэх. Тэр мэдээлэл нь Ерөнхий сайд болон хуулийн сайд нарын фракцынханд байгаа. Энэ мэдээллийг атгасан хүн УИХ дээр нүүрсний сонсголыг удирдах дүр зураг гарна.
Тэгвэл тэдний эсрэг талд намын нарийн бичгийн даргаас эхлээд том хүчин бий. Тэдэнд санхүүгийн баримт хангалттай бий. Гурав дахь нь Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар тэргүүтэй хууччуулын фракц Засгийн газар дахь эдийн засгийг атгаж байгаа. Түүхэнд байгаагүй олон сайдтай Засгийн газарт ийм 3 фракц бий болоод удаж буй бөгөөд гүйцэтгэх засаглал дотроосоо хөдлөх магадлал өндөр.
Давхар дээлтэй сайд нарын УИХ дахь нөлөө өндөр болон санхүүгийн бяр их. Тиймээс МАН-ын хамгийн их мөнгөтэй гэдэг хотын намын хорооны даргын суудлаар далд зөрчлөө наймаалцаж намжаах хувилбар яригдаж байгаа.
Д.АМАРБАЯСГАЛАНГ ГЕНСЕКИЙН СУУДЛААС НЬ ШАХАЖ ЭХЭЛЖЭЭ
Нүүрс, Хөгжлийн банк, төмөр зам гэх мэт олон арван их наяд төгрөгийн хулгайгаар нэг нь нөгөөгөө барьцаалсан МАН-ынхны дотоод зодоон нийслэлийн намын хорооны даргын тохироогоор шийдэгдэх хүлээлт үүсгэсэн.
МАН-ын удирдах зөвлөл болон УИХ дахь лидерүүдийн зүгээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланг намын ерөнхий нарийн бичгийн даргын суудлаа өгөхийг шахаад удаж байгаа.
Түүнийг ерөнхий нарийн бичгийн дарга өөр ажил, албан тушаал давхар хашихгүй байх намын дүрмээ мөрдөж ажиллахыг сануулах болсон. МАН-ын үндсэн дүрмийн 29.2-т “Ерөнхий нарийн бичгийн дарга орон тооны байх бөгөөд өөр ажил, албан тушаал эрхлэхийг хориглоно” хэмээн заасан байдаг. Улмаар МАН-ын лидерүүдийн зүгээс Д.Амарбаясгаланд нэр хүнд нь унаад буй хотын дарга Д.Сумъяабазарын нийслэлийн намын хорооны даргын суудлыг санал болгосон аж. Учир нь 2020 онд хотын даргын ажлаа авсан цагаасаа хойш ажлаа хангалтгүй хийж, нийслэлийн намын хорооны нэр хүндийг унагаасан гэж үзсэн байна.
Д.Амарбаясгалан энэ саналыг эхний байдлаар хүлээж авсан бөгөөд өөрийнхөө төлөөнд нийслэлийн намын хорооны даргын суудлыг УИХ-ын гишүүн, шадар сайд С.Амарсайханд өгөх болзол тавьсан гэдгийг ойрын эх сурвалж мэдээлэв.
Гэвч Д.Сумъяабазар удаан хугацааны турш нийслэлийн намын хороон дээр сөргөлдөөнтэй байсан С.Амарсайханд суудлаа тавьж өгөхгүй хэмээн гөжих болсон. Тэгвэл сүүлийн хэд хоногт Улаанбаатар хот, тэр дундаа хотын намын хороонд түймэр тавиад байгаа “Ногоон” автобусны хэрэг МАН-ын сандал суудлын наймааг бүр ч хурдлуулах шинжтэй.