Засгийн газрын сайд Ж.Сүхбаатар өнөөдөр /2023.10.02/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд огцрох хүсэлтээ өгчээ. Сайд Ж.Сүхбаатарын хувьд түгжрэлийг бууруулах ажлын хариуцаж, түгжрэл бууруулахын тулд хуулийн төсөл боловсруулж, намрын чуулганаар батлуулахаар бэлтгэж байсан юм. Мөн түгжрэл бууруулахаар нийтийн тээврийн парк шинэчлэлийг эхлүүлсэн ч үйлдвэрийн алдаатай үйлдвэрлэгдсэн автобус оруулж ирсэн нь шүүмжлэл дагуулсан билээ. Тиймээс улс төрйин хариуцлага хүлээж, огцрох хүсэлтээ өгсөн байна.
2022 онд Засгийн газар сайд нарын тоог нэмж, яамгүй хоёр сайд томилсны нэг нь Ж.Сүхбаатар байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар томилсон билээ.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬ:
- 22.1.Биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос албан тушаалаас чөлөөлж өгөх тухай хүсэлтээ Ерөнхий сайд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн нь Ерөнхий сайдад тус тус өргөн мэдүүлж болно.
- 22. 3.Засгийн газрын гишүүн өөрийн эрхэлсэн асуудлын хүрээний бодлогын асуудлаар Ерөнхий сайдтай, эсхүл гишүүдийн олонхитой санал зөрсөн зэргээс бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон, түүнчлэн хуульд заасан бусад үндэслэл байна гэж үзвэл албан тушаалаасаа огцрох хүсэлтээ Ерөнхий сайдад хэдийд ч гаргаж болно. Харин энэ тухай эцсийн шийдвэр гартал үүрэгт ажлаа гүйцэтгэж, хариуцлагыг хүлээнэ.
- 21.4.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас чөлөөлөгдсөн, огцорсон, түүнчлэн нас нөгчсөн тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно. Ерөнхий сайд чөлөөлөгдсөн, огцорсон, нас нөгчсөн тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно.
- 21.5.Засгийн газрын гишүүний орон гарсан тохиолдолд Ерөнхий сайд түүнийг энэ хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасан журмын дагуу 14 хоногийн дотор нөхөн томилно. Нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа тухайн Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна.
- 21.6.Ерөнхий сайдын бүрэн эрх биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсны улмаас чөлөөлөгдсөн, нас нөгчсөн үндэслэлээр хугацаанаасаа өмнө дуусгавар болсон тохиолдолд Ерөнхий сайдыг шинээр томилох хүртэл түүний үүргийг Шадар сайд гүйцэтгэнэ.
- 21.7.Засгийн газрын орон гарсан гишүүнийг нөхөн томилох хүртэл Ерөнхий сайд Засгийн газрын нэг гишүүнд түүний үүргийг хуваарилан хариуцуулж болно.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ