Британи сургагч багш нар Украинд байрлаж, цэргийн сургалт орж магадгүй гэж өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Тэгвэл "Украины нутаг дэвсгэрт украин цэргүүдэд сургалт орсон британи цэргүүд Оросын армийн овоо хараанд орно" гэж ОХУ-ын ерөнхийлөгч асан Дмитрий Медведев хэллээ.
ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн дэд дарга Медведев сүүлийн үед барууныхны эсрэг хурц мэдэгдүүд хийх болсон. Телеграмд мэдэгдэл хийхдээ тэр Их Британийн Батлан хамгаалахын сайд Грант Шаппс руу юун түрүүнд дайрчээ. Британи цэргүүдийг Украинд байрлуулах тухай Грант Шаппс анх мэдэгдсэн. "Энэ шийдвэр нь тэдний сургагч багш нарыг манай зэвсэгт хүчний хууль ёсны бай болгох болно. Тэднийг хайр найргүй устгана гэдгийг сайн ойлгох хэрэгтэй" гэж Медведев бичжээ.
Түүнчлэн Украинд нийлүүлж буй Таурус пуужинг үйлдвэрлэдэг Германы үйлдвэрүүд ч Оросын овоо хараанд өртөж байгааг Медведев анхааруулав. "Тэд үүнийгээ олон улсын хууль тогтоомжийн дагуу гэж хэлж байна. Тийм бол эдгээр пуужинг үйлдвэрлэдэг Германы үйлдвэрүүдэд цохилт өгөх нь ч олон улсын хууль тогтоомжид бүрэн нийцнэ. Энэ тэнэгүүд биднийг дэлхийн гуравдугаар дайн руу идэвхтэй түлхэж байна" гэжээ.
Гэвч Их Британийн ерөнхий сайд Риши Сунак өчигдөр /2023.10.01/ Шаппсын мэдэгдлийг үгүйсгэсэн байна. Тэрбээр сургагч багш нарыг Украинд байрлуулах төлөвлөгөө байхгүй гэжээ. "Батлан хамгаалахын сайдын хэлсэн зүйл ирээдүйд хэзээ нэг өдөр боломжтой болох байх. Гэхдээ энэ нь яг одоо биш илүү урт хугацааны асуудал. Яг одоогоор мөргөлдөөн рүү илгээсэн нэг ч британи цэрэг байхгүй" гэж Манчестерт болсон Консерватив намын бага хурлын үеэр Сунак хэллээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ