НЭМЭЛТ:18:00
МАН-ын бүлгийн хурал үргэлжиж шийдвэр гаргасан талаар тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.
Иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагын зүгээс манай нам, Засгийн газарт тавьж байгаа гол шаардлага бол хариуцлага алдсан хүмүүст хариуцлага тооцохыг л шаардаж байна. Энэ асуудалд Ерөнхий сайд хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Үдээс хойш Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазартай уулзалт хийсэн. МАН-ын бүлгийн хурал дээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар огцрох хүсэлтээ албан ёсоор гаргалаа.Тийм учраас нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбоотой асуудал дээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж, энэ ажлыг хариуцсан Засгийн газрын гишүүн, Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар албан ёсоор ажил, албан тушаалаасаа огцрох хүсэлтээ Ерөнхий сайдад гаргаж байна. Засгийн газар болоод Ерөнхий сайд өнөөдөр нийгэмд үүсэн асуудлаас болж хариуцлага ярьж байна. Түгжрэлийг бууруулах зорилгоор өнгөрсөн оны улсын төсөв дээр тавьсан 300 гаруй тэрбум төгрөгөөр хийгдсэн худалдан авалтын асуудал нийгэмд шуугиан тарьлаа. Худалдан авалтад асуудал үүссэн учраас тус ажлыг зохион байгуулсан хоёр хүнтэй хариуцлага тооцох тухай асуудлыг ярьж байна. Бусад хүмүүстэй үе шаттай хариуцлага тооцно. Парк шинэчлэлтэй холбоотой асуудал Засгийн газартай холбоогүй. Нийслэлийн хариуцсан ажил. Худалдан авалтыг нь зохион байгуулсан, гэрээг нь хийсэн гэх мэт бүх ажиллагаа нийслэлтэй холбоотой. Тийм учраас дээрх хоёр албан тушаалтантай холбогдуулж хариуцлагын асуудал ярьж байна.Цаашид авлига, албан тушаалын гэмт хэрэгт хариуцлага тооцох чиглэлээр Засгийн газраас тодорхой чиглэл баримтлаад явж байна. Тодорхой үр дүн гарна. Ерөнхий сайд ажлаа хийж чадахгүй хүмүүстээ хариуцлага тооцож чадаж байна. Ерөнхий сайд өөрөө санаачилаад Эрүүгийн цагдаагийн газар, АТГ-ын холбогдох хүмүүсийн хуралд суусан.Нийслэлийн парк шинэчлэлтэй холбоотой асуудлыг шалгаж шийдвэрлэх тагнуул, цагдаагийн хамтарсан ажлын хэсэг гараад ажиллаж байгаа юм билээ.Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралд танилцуулах байх. Цаашид ч нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажил үргэлжилнэ. Үнэнийг хэлэхэд ногоон автобуснуудыг хүлээж авах боломжгүй гэж үзэж байгаа. Тиймээс гэрээг цуцлах асуудал яригдана. Эрүүгийн цагдаагийн алба болоод АТГ-аас ажлын хэсэг ажиллаж байна. Шалгалтын үед УИХ-ын гишүүний бүрэн эрх саад болж байна гэж үзвэл холбогдох хуулийн дагуу асуудлыг шийдээд явна" гэв
НЭМЭЛТ:14:30
МАН-ын бүлэг завсарлалаа.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ХАТИГИЙГ УУТААР НЬ ШАХНА
НЭМЭЛТ: 12.40 цаг
МАН-ын бүлгийн хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд Хотын дарга Д.Сумъяабазар, сайд Ж.Сүхбаатар нарын мэдээллийг сонсч байгаа юм. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын бүлгийн хуралдаандаа оролцож, хөдөө орон нутагт ажилласан тайлангаа танилцуулж, үг хэлжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраас нийслэлд онцгой анхаарч, бие даасан төсөв бүрдүүлж, хоёр жил дарааллан 420 тэрбум төгрөгийг Улаанбаатарт төсөвлөсөн ч зөв зарцуулж чадаагүй. Сэлбэ сэргэлт, холбоос зам, LRT, дагуул хот зэрэг бүтээн байгуулалтын асуудалд бүхий л түвшинд дэмжлэг үзүүлсэн. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийслэл хэзээ ч УИХ, Засгийн газраас ингэж дэмжүүлж байгаагүй. АТГ одоо төсвийн зарцуулалтын гүйлгээг шалгаж байна. Авлигын асуудал гарвал өөрсдөдөө гомдоорой. Та нарын арчаагүй, хайнга үйлдлээс болж, нийслэлчүүд хохирч болохгүй. Нийтийн тээвэр гэдэг газар олголтын адил бас л том авлигын сүлжээ гэдэг нь харагдаж байна. Их хөрөнгө зарсан ч олон жил нийтийн тээврийн чанар сайжраагүй нь ч үүнтэй холбоотой. 2009 оноос хойш нийтийн тээврийн шинэчлэл огт хийгдээгүй байна. Есдүгээр сарын 3-29-нд 28 хоногийн хугацаанд 16 аймгийн 7300 орчим иргэдтэй 100 гаруй цагийн уулзалт хийсэн. Одоо нийслэлд онцгой анхаарал хандуулна. Хатигийг уутаар нь шахна, өвдөлт өгөх нь мэдээж” гэжээ.
МАН-ЫН БҮЛЭГ: ЕРӨНХИЙ САЙД МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ БАЙНА
НЭМЭЛТ: 11.20 цаг
МАН-ын бүлгийн хуралдаан эхэлсэн бөгөөд сайд Ж. Сүхбаатар, Нийслэлийн засаг дарга бөгөөд хотын захирагч Д. Сумьяабазарын мэдээллийг сонсч байгаа бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож байна.
МАН: Ж.СҮХБААТАР, Д.СУМЪЯАБАЗАР НАРЫН МЭДЭЭЛЭЛ СОНСОНО
Тухайлбал, УИХ дахь МАН-ын бүлэг 13.00 цагт товлогдож, 2024 оны төсөв хэлэлцэнэ. Тодруулбал, 2024 оны төсөв УИХ-д өргөн барьсан бөгөөд Сангийн сайд Б. Жавхлан төсвөө гишүүдэд танилцуулж, мэдээлэл өгөх юм. Мөн бүлгийн хуралдаанаар нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэл, худалдан авалтанд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Засгийн газрын гишүүн, сайд Ж. Сүхбаатар, Нийслэлийн засаг дарга бөгөөд хотын захирагч Д. Сумьяабазар нарын мэдээлэл тус тус сонсоно.
Ардчилсан намын бүлэг мөн өнөөдөр 13.00 цагт хуралдахаар товложээ. Тус намын бүлийн хуралдаанаар Монголбанкнаас өргөн барьсан 2024 онд төрөөс баримтлах мөнгөний бодлогын талаар мэдээлэл сонсоно. Мөн нийслэлийн нийтийн тээврийг сайжруулах зорилгоор нийтийн тээврийн шинэчлэл хийж, шинэ ногоон автобус нийлүүлсэн ч тэдгээр нь хуучин автобус болж, асуудал үүсээд буй. Үүнтэй холбоотой мэдээллийг сонсох юм байна.
Холбоотой мэдээ