Өнгөрсөн долоо хоногоос эхлэн нийгмийн сүлжээнд нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд “Daewoo” компаниас нийлүүлэгдэж байгаа автобуснуудтай холбоотой олон асуудал нийгэмд эргэлзээ төрүүлээд байгаа юм. Тэгвэл, нийтийн тээвэртэй холбоотой асуудалд АТГ-аас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, техникийн шинжээч томилон шуурхай шалгах ажлын хэсэг байгуулагдсан юм. Шалгалтын хүрээнд "Тэнүүн огоо" ХХК-ийн ерөнхий захирал Аюушийн Ганхуягийн гэр, албан өрөөнд өнгөрсөн шөнө нэгжлэг хийсэн. Улмаар хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулахаар болсон байна. А.Ганхуягтай хамт тус компанийн гүйцэтгэх захирал, Монгол Улсын зөвлөх инженер Жамсрангийн Эрдэнэбат, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар (НХААГ)-ын Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Б.Түмэнжаргал, НХААГ-ын төлөвлөлт, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ш.Баярсүх зэрэг хүмүүсийг саатуулсан байна.
Эргэн сануулахад "Тэнүүн огоо" ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг хэвлэлийн хурал хийх үедээ "Хэтэрхий улс төрийн тоглолт хийгээд байна. Энэ төслийг унагаая гэдэг зүйл явдаг юм байгаа биз. Миний бодлоор нийтийн тээврийн салбар улстөржих асуудал биш.Бид Хятадаас чанарыг нь мэдэхгүй автобус авч байхаар чанарыг нь мэддэг автобус аваад эргээд, төлбөрийг нь төлье гэж байгаа юм. Харамсалтай нь яаравчилснаас процедурын алдаа гарлаа. Би Монгол Улсын зөвлөх инженер хүн. Тиймээс дахиад 10 жил зовлон байхгүй иргэдээ явуулахыг зорьсон. Сэтгүүлч та бүхэн үзэх хэрэгтэй. Оруулж ирсэн чанарыг та бүхэн үз л дээ. Би брэндийн автобус оруулж ирснээрээ буруутан болоод сууж байна.АТГ, Цагдаагийн байгууллагад манай дансаар орж ирсэн мөнгө хаашаа орсныг шалгуулна. Хэрвээ, энэ тендерт илүү мөнгө авсан байх юм бол хариуцлага хүлээнэ" хэмээн мэдэгдэж байсан юм.