Ц.Уянга: Миний тулаан одоо л эхэлж байна

Хуучирсан мэдээ: 2023.10.02-нд нийтлэгдсэн

Ц.Уянга: Миний тулаан одоо л эхэлж байна

Ц.Уянга: Миний тулаан одоо л эхэлж байна

АН-ын гишүүн Ц.Уянгатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульд та шинэ, содон үзэгдэл байлаа. Нэрээ дэвшүүлэхээс эхлээд нэрээ татах хүртэл олон нийтийн сүлжээнд, сунгааны гол дүр байж чадсан. Нөгөө талаар таны энэхүү "үйлдэл" улс төрийн нэг тохиролцооны хүрээнд өрнөсөн гэсэн хардлага ч байсан. Таны тайлбарыг бол уншсан. Гэхдээ манай уншигчдад өөрийн амаараа тайлбарласан нь дээр байх?

-Б.Жаргаланг дэмжихийн тулд нэрээ татсан биш. Ер нь сонгуульд нэрээ дэвшүүлэх болсон нөхцөл байдлын талаар яръя. Одоогийн явж ирсэн тогтолцоо мандатын эрхийг багцалж авч лоббиддог зарчмаар явдаг юм байна. Улс төрийн лобби гэдэг зүйл байлгүй яах вэ. Тэр нь ямарваа нэг сонгуульд очоод, өөрийгөө таниулаад, тайлбарлаад, ямар зорилгоор дэвшиж байгаа юм бол, юу хийх үү гэхчлэн өөрийгөө сонгох хүмүүст бололцоог олгодог. Хамгийн тохирсон нэр дэвшигч мөн гэдгээ нотлохын тулд лобби хийж болно. Гэтэл лобби нь өнөөдрийг хүртэл хуйвалдааны зарчмаар, мөнгө тараалт эсвэл тухайн эрхэлж байсан албан тушаалын давуу байдлаа ашиглаж, илүү мэдээллийг өгч өөрийгөө таниулдаг, бусдын бололцоог хаадаг байдалтай явсаар байгаад ерөнхий гажуудсан систем рүү орчхож. Нөгөө талдаа бүлгэрхэх үзэгдэл байна. Манай бүлгээс ийм хүн гарахын тулд юугаа ч хамаагүй тавьж байгаад гарна гэдэг зорилготой. Эцсийн бүлэгтээ гаргаж ирсэн лидер нь буруу замаар яваад ирэхээр тэр чигээрээ бүлгийнх нь нэр хүнд нь унадаг. Эсвэл дотоод асуудлаа гадагшаа гаргахгүй дарсаар байгаад бугшдаг. Нөгөө бидний эрх чөлөөт, хувь хүний үнэ цэнийн тухай ярьж тунхаглаж явдаг намын үзэл биш, эрх ашгийн хуваагдлын нам болж, эцэстээ зөрчил үүсээд нам алга болохоо шахлаа. Энэ ганцхан АН-ын асуудал биш.

-АН-ын асуудал биш юм бол тэгээд хэний асуудал юм бэ?

-Яагаад гэвэл АН-ыг дагаад манай нийгэм дэх ардчилал маш эмзэг, эрсдэлтэй байдалд хүрсэн.

Тиймээс би ардчиллыг ямар нэгэн байдлаар нухчин даруулахаас өмнө өөрийн чадлаар хувь нэмрээ оруулахаар орж ирсэн.

Нэгэнт бий болсон бугшмал бүтцийг хараад биеэр мэдрээд үзье гээд АН-д орсон. Эцсээ хүртэл тэмцэлдээд яваад байсны учир ерөөсөө энэ юмыг нь эвдэх гээд байгаа шүү дээ. Яагаад гэвэл энэ асуудал ганцхан энэ удаагийн эмэгтэйчүүдийн сонгуулийн асуудал биш. Цаашдаа намын дотоод сонгуулийнхаа системээр өөрийн удирдлага бүтцээр манлайлагчдыг тавина. Тэгэхээр ийм хуйвалдааны байдлаар манай, танай хүн гээд хүмүүсийнхээ зодоон болгоод тавих хэрэггүй. Миний гол зорилго, эцсээ хүртэл өрсөлдөнө гэдэг нь эмэгтэйчүүдийн даргын суудал дээр биш энэ сонгуулийн тогтолцоог задалж гаргахын тулд өрсөлдөнө. Учир нь намайг нийгэм хүлээж байсан. Би өөрөө нийгэм дээр шилэн тунгалаг байж хаалттай хаалганы цаана олон жил бугшмал явсан зүйлийг гаргаж ирж нийгмээр шахуулж байж АН нийгмийн захиалгыг үүрэг даалгавар болгоод гүйцэтгэх ёстой. Ийм үүднээс сонгуульд орсон. Ерөнхийдөө хатуу сонгуулийн ажиллагаа буюу зам зуураа дэлгүүрээс талх авч байгаа мэтээр хийнэ гэдэг бол манай намын хувьд ичгэвтэр. Бид өөрсдийн бурууг хүлээн зөвшөөрөөд ард түмнээсээ уучлал гуйгаад тусламж хэрэгтэй байгаа бол гадна дотнын мэдлэгтэй, чадвартай хүмүүсээс тогтолцооны, реформын чанартай тусламжийг авах ёстой.

"НАМЫГ БИД НАР ЯЛУУЛДАГ ЮМ БИШ, НАМЫГ НИЙГЭМ ЯЛУУЛНА"

Реформын чанартай тусламж гэж та юуг хэлж байна вэ. Хэнээ тэр тусламжийг гуйж байгаа юм бэ, тэгвэл?

-Явцын дунд нөхцөл байдал мэдрэгддэг юм байна. Энэ эмэгтэйчүүдийн байгууллагын манай намын ерөнхийлөгчийн сонгууль биш фракц хоорондын сонгууль болсон л доо. Нэг талдаа жигүүр нь МоАХ, нөгөө талдаа АЭХ-г удирдаж байсан хуучин удирдлагууд өв залгамжлуулах гэж үзсэн том аппарат явсан. Сохор хүмүүс гэж байхгүй шүү дээ. Хэдийгээр эрх ашиг нь нэгдээд урваж чадахгүй ч гэсэн өөрчлөх гэсэн хүсэлтэй хүмүүс зөндөө байгаа. Тиймээс би уриалга хэлсэн. Нөгөө талдаа илэрхий Женкогийн групп буюу нуугаад яах вэ вэ А.Адъяасүрэн гарчих гээд байсан. А.Адъяасүрэн гишүүн манай клубийн гишүүн. Манай клуб дээр санал хураалт явагдаагүй, энэ талын мэдээлэл явагдаагүй. Зүгээр л А.Адъяасүрэн гишүүнийг гаргахаар шийдвэрлэсэн байгаа, дэмжих ёстой гэдгээс эхлээд анхны маргаан эхэлсэн.

Дараа нь “би өөрөөсөө урвахгүйн тулд та нартай тэрсэлдэхээр шийдлээ” гээд нэрээ дэвшүүлсэн. А.Адъяасүрэн гэдэг хувь хүнтэй ямар ч асуудал байхгүй.

Гэхдээ зарчмын хувьд нам хоёр хуваагдчихсан, үзэл санааны хувьд төөрсөн, МАН-аас ялгаагүй, эрх ашгийн зодоон болоод нийгэмд аль ч байсан ялгаагүй гэдэг имижтэй байхад бид үлдсэн найман сарын хугацаанд яг энэ чигээрээ, хуучин сэтгэлгээгээр явбал уучлаарай бид ялалт байтугай ардчиллыг ч хамгаалж чадахгүй. Хурал дээр нэр дэвшигчид намаа ялуулахын төлөө гэж маш их ярьж байна лээ. Намыг бид нар ялуулдаг юм биш. Намыг нийгэм ялуулна. Манай намд ямар итгэл хүлээлгэх вэ гэдэгт бид ажиллах ёстой. Энэ бол бидний гэрийн даалгавар. Бид байнга Женко Х.Баттулгын фракцтай тохиролцоод явах уу эсвэл манлайллаар гараад цэвэр ардчиллын зарчмаар, эрх ашиг, бүлэглэлийн сонирхолгүйгээр энэ хугацаанд бүхнээ дайчлах хүнээ томилж чадах уу, үгүй юу гэдэг асуудал ярьж байна. Удахгүй ҮБХ, АЗХ сонгогдоход энэ удаагийн бидний хийж буй алхам хамгийн чухал. Дараагийн удаа бүлэглээд, фракцлаад ч юм уу хуйвалдаанаар явах юм бол цэвэр нэг гараанаас хэн ч харсан хүлээн зөвшөөрөх хүнийг гаргаад ирэх юм бол нийгэм маш хүчтэй алга ташиж хүлээж аваад маргааш нь манай намын хаалгыг өөрсдөө хүрч ирж нээнэ. Би үүнд итгэлтэй байна.

-Цаашдаа АН шинэчлэгдэж чадах уу. Та юу гэж харж байна вэ?

-Нэгдүгээрт, би өөрөө шинэ. Хоёрдугаарт, дотооддоо нэр нөлөө, итгэлээ олж авах нь чухал. Гишүүдтэйгээ ажиллана, суралцах хугацаа байна. Гуравдугаарт, би АН-ыг хараагаад гарч ирсэн. Босоод ирэхэд нь амьхандаа амьсгаа даран хүлээж байгаа тэр нийгмийн талд, АН-ыг энэ олон жилийн дарагдсан засахад маш хэцүү, мөнгө, эрх мэдэл корпорацуудын хооронд дамнасан эрх ашиг сүлжилдсэн, энэ байдлаас гарч чадахгүй хэцүү байдалд орчихсон, хүчтэй тэмцэх гэхээр намаа унагаачих гээд байдаг ийм байдлын дунд би гүүр нь болж байгаа. АН асуудлаа дотроо шийдчихээд дараа нь та нартаа хэлнэ биш болж буй асуудлыг ил тод ичиж зовохгүйгээр нээгээд бид чадна, мундаг МАН-тай үзэлцсэн сөрөг хүчин байна гэхээс илүү нийгэмд үнэнээ хэлээд тусламж гуйгаач ээ гэж хүсмээр байна. Тусламж гуйх нь ичгэвтэртэй зүйл биш.

"МИНИЙ ЗОРИЛГО ЭНЭ ӨРСӨЛДӨӨНӨӨР ДУУСАХГҮЙ"

-Сонгууль хаяанд ирлээ. Гэхдээ танай нам ялалт байгуулна гэдэгт олон нийт эргэлзэж байна. Та ирэх сонгуулийг хэрхэн харж байна. АН үнэхээр дотооддоо эвлэрч чадсан уу. Энэ байдлаараа явбал ирэх сонгуульд ялалт байгуулж чадах уу?

-Би хэлсэн л дээ. Намайг энэ удаагийн сонгуульд оруулж байгаа нь сайхан хэрэг боловч гадна талд нэлээд орилж байж нийгмийнхээ дэмжлэгээр өөрчлүүллээ. Дараагийн удаад дүр эсгэсэн, бид нарыг хөшигний урд бүжиглүүлсэн хүмүүс болгох гэж битгий яваасай. Ямар байхыг би мэдэхгүй. Бүтцийнхээ хувьд яг зарчмаа ойлгоогүй, яг би тэдэн жил явчихсан байхад манай бүлэг юу ч үгүй хоцорсон гээд гомдлын асуудал гардаг. Бие биедээ гомдохгүйн тулд өрсөлдөөнийг нэг зарчим дээр тавь гэдэг асуудлыг тавьж байгаа юм. Би хэтэрхий романтик юм яриад байж магадгүй. Энэ хаалганы цаана гараад өөрийнхөө намынхандаа ямар ч дайралт үзүүлэхийг мэдэхгүй. Сошиал дээр над руу дайрч байгаа нь ихэнхдээ манай намын гэсэн сэтэртэй улсууд явж байгаа юм билээ. Энэ хугацаанд өөрийгөө олно гэдэг шиг АН бойжилтынхоо тодорхой хугацаанд явж ирсэн. Гэхдээ би өөрийнхөө байр сууринаас ухраагүй. Мөнгө авсан барьсан гээд байгаа юм байна.

Эхнээсээ мөнгөө авсан бол Б.Жаргаланг дэмжээрэй гэх байсан байх. Б.Жаргаланг битгий дэмжээрэй гээд нэрээ татаад тайзнаас гарсан хүн шүү дээ.

Өрсөлдөөнд орж байгаа бол эрсдэлээ хүлээж таараа. Дандаа гоншигноно гэж юу байх вэ. Би цэвэр тунгалаг, ямар нэгэн байдлаар гаргасан мөнгөндөө барьцаалагдаад явахгүйн тулд хандиваар тал мөнгөө босгосон. Яах вэ бусад зардлаа өөртөө эрсдэл гаргах хэмжээний санхүүгийн бие даасан аж ахуй эрхлээд явж байна. 60 сая дотор наймаа хийнэ гэдэг инээдтэй л асуудал. Миний зорилго энэ өрсөлдөөнөөр дуусахгүй. Нэлээд том зорилго бий. Зорилгодоо хүрэхийн тулд өнөөдрийн энэ алхмыг хийж байна. Хүмүүс чамайг танихгүй, чи дотооддоо танигдаагүй гэдэгт няцаалт хийхэд намынхандаа нийгэмдээ ч өөрийгөө харууллаа. Хүлээж авахгүй гээд дайрах юм уу. Эсвэл цаашдаа бүрэлдэхүүнийхээ нэг хэсэг болгоод, реформ хийлгэх бололцоо олгох юм уу гэдгийг одоо л үзнэ дээ. Одоо л миний тулаан эхэлж байна.

-Тэгэхээр ирэх сонгуульд хүч үзнэ гэж ойлголоо?

-Би орно гэж шийдэхгүй. Ордог бүтцэд оруулахыг дарга нар шийднэ дээ. Одоо би хүлээн зөвшөөгдөж байна уу дарга нараа гэдгийг л ярих гээд байна. Хараад суугаад байвал хэн ч өөрчлөхгүй юм байна. “Давай” бүгдээрээ ороод ир. Ингэж бидний дуу хоолой хүрч байж шахалтад орох юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж