Нийслэлийнхний хувьд цахилгаан станцууд нь нүүрстэй, дулааны шугам нь найдвартай байж хөлдөхгүй өвөлжинө. Иймд биднийг дулаан өвөлжүүлэх бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгаа талаарх мэдээллийг нэгтгэн хүргэе.
НАМ ДАРАЛТЫН ЗУУХТАЙ ААН-ҮҮД ЮУ ТҮЛЭХ ЭСЭХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА
Улаанбаатар хотын агаарын чанарын хяналтын бүсэд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай Засгийн газрын 62 дугаар тогтоолд тусгасан. Энэ тогтоол өнөөдөр ч хүчин төгөлдөр хэвээрээ. Уг тогтоолд 2022 оны долдугаар сард нэмэлт өөрчлөлт оруулж, 223 дугаар тогтоол нэмж гарсан. Нэмэлт тогтоолоор Налайх дүүргийн иргэдийг түүхий нүүрс түлэхийг хориглосонтой холбоотойгоор нийслэлд байгаа нам даралтын зуухууд түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, баяжуулсан нүүрс хэрэглэхээр болсон. Тэгвэл нам даралтын зуухтай аж ахуйн нэгжүүд ирэх өвөл юу түлэх эсэх нь тодорхойгүй байна. Үүнд хариулт өгөх мэргэжилтэн ч олдохгүй байгаа юм.
Засгийн газрын шийдвэрийн дагуу ТЭЦ-II, ТЭЦ-III, ТЭЦ-IV дулааны цахилгаан станц, Амгалан, Сэлбэ, Налайх дулааны станцыг түүхий нүүрс хэрэглэхийг зөвшөөрсөн. Энэ хүрээндээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бол бусад нам даралтын зуухтай аж ахуйн нэгж, гэр хорооллын айл өрхүүд түүхий нүүрс хэрэглэхгүй.
Өнгөрсөн 2022 оны гуравдугаар сараас хойш нийслэлийн Захирагчийн ажлын албанаас тусгай зөвшөөрлөө авдаг 70 объектын 20 аж ахуй нэгжийн 182 нам даралтын зуухны үйл ажиллагааг шалгасан. Эдгээр аж ахуйн нэгжүүдэд яндандаа утаа шүүгч тавих, угаарын хийн мэдрэгч байршуул, баяжуулсан нүүрсээ хадгалах битүү агуулах барих, үнсээ хадгалах битүү савтай байх шаардлагыг тавьсан. Харамсалтай нь энэ шаардлагын нэгийг ч биелүүлээгүй байна. Тэгсэн мөртлөө түүхий нүүрс түлэх шаардлагаа тавьж байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд дулаан үйлдвэрлэдэг 20 аж ахуйн нэгжийн 182 зуух шаардлагыг огт биелүүлээгүй гэдгийг Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албаны дарга асан Б.Алтанзул мэдээлж байв.
ЯМАР НЭГЭН ГЭМТЭЛ СААТАЛ ГАРВАЛ НӨХӨЖ ОРЛУУЛАХ НӨӨЦГҮЙ АЖИЛЛАЖ БАЙНА
Жилээс жилд эрчим хүчний салбарын санхүүгийн алдагдал нэмэгдэж байгааг салбар яамнаас мэдээлсэн. Энэ оны байдлаар 240 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах тооцоо гарчээ. Энэ алдагдлын цаана хийж чадаагүй засвар, бүтээн байгуулалтын ажил, хөрөнгө оруулалтын ажил, төлж чадаагүй бэлтгэн нийлүүлэгчдийн өглөг авлага байгааг Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх ярьсан. Тэрбээр "Ер нь өнөөдрийн байдлаар санхүүгийн алдагдлын гол шалтгаан нь хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ өртгөөс нь дор үнээр нийлүүлж байгаатай холбоотой. Бид дор хаяж өртөгт нь хүргэх шаардлагатай байна. Үнэ тарифын асуудлыг хариуцсан бие даасан Эрчим хүчний зохицуулах хороо гэж байгууллага бий. Бид өнөөдөр аж ахуй нэгж, яамнаас эрх бүхий байгууллагад саналаа байнга тавьж байгаа. Энэ асуудлыг удахгүй шийдэх байх.
Эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, эдийн засаг өсч тэлж байгаа ч бид дотоодын эх үүсвэрээ барьж чадаагүйгээс болоод хэрэглээний өсөлтийг импортын эрчим хүчээр хангаж байна.
Энэ тийм муу зүйл биш. Олон улсад байдаг систем. Гэхдээ импортын эрчим хүч зохистой харьцаанд байх ёстой. Засгийн газрын төлөвлөгөөнд дотоодын хэрэглээгээ эх үүсвэрээс бүрэн хангахаар 11 станц барихаар ажиллаж байна. Шинэ эх үүсвэрүүд дор хаяж 3-5 жилийн дараа ашиглалтад орох учраас өнөөгийн нөхцөл байдал тулгамдсан асуудал болоод байна.
Өвлийн бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу бүрэн хэрэгжүүлсэн. Бүх хэрэглэгчдэд цахилгаан, дулаанаар хангаж байна.
Дотоодын эх үүсвэрүүд ямар нэгэн нөөц тоноглолгүйгээр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Ямар нэгэн гэмтэл саатал гарвал гэмтэл гарсан тоноглолын хэмжээгээр хэрэглээг хязгаарлах эрсдэлтэй нөхцөл байдалд ажиллаж байна. Олон улсын жишгээр 20 орчим хувийн нөөцтэй байх ёстой. Нөхөж, орлуулж ажиллуулах ёстой. Гэтэл ийм нөөцгүй байгаа" гэв.
ЦАС МӨС, ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 400-500 ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БЭЛЭН
Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа "Өвлийн бэлтгэл ажил дуусах шатандаа орж байна. Зам талбайн цэвэрлэгээний үйлчилгээ үзүүлдэг 17 хувийн хэвшилтэй хамтран ажилладаг. Маргааш цас орлоо гэхэд компаниудын 256 тоног төхөөрөмж ажиллахад бэлэн байна. Дээрээс нь 185 тоног, төхөөрөмж шинээр авах шаардлагатай. Хотын харьяа байгууллагуудыг нийслэлийн төсвөөс хөрөнгө гаргаж, тоног төхөөрөмжөөр хангах үүрэгтэй. Харин хувийн хэвшлийг гадаад хамтын ажиллагааны хүрээнд дэмжих зарчим барьж байгаа.
Монголын арилжааны банкийг Хятадын банктай холбож, өгөөд хямд санхүүгийн хямд эх үүсвэр бүрдүүлэх цэвэр хувийн хэвшил хоорондын түншлэлийг бий болгох юм. Бидний зүгээс урьдчилгаа төлбөр нь 30 хувь байдаг бол 15 болгож өгөөч, хүүг 8-9 хувь байхаар гурван жилийн хугацаатай зээлийн хүсэлт тавьсан.
Үүнтэй холбоотойгоор хувийн хэвшлийн тоног төхөөрөмж сайжирна. Одоогоор хувийн хэвшлээс 35 тоног төхөөрөмж нэмж захиалаад байна. Цас мөс, цэвэрлэгээ үйлчилгээг нэгтгэвэл, 400-500 тоног төхөөрөмж байгаа. Зөвхөн цас мөс гэвэл 256 тоног төхөөрөмж бэлэн байна. Өнгөрсөн хоёр жилтэй харьцуулахад, 50 гаруй тоног төхөөрөмжөөр нэмэгдсэн" гэв.
ЭНЭ ЖИЛ 3600 ТОНН ДАВС, 6056 ТОНН БОДИС НӨӨЦӨЛНӨ
Энэ жил 3600 тонн давс, 6056 тонн бодис нөөцлөхөөр ажиллаж байгааг албаныхан мэдээлсэн. Энэ бол өнгөрсөн оныхоос 30-40 хувиар өндөр дүн. Үүнээс гадна зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ хийдэг 17 хувийн хэвшлийн компани, дүүрэг тус бүр нөөцөө бүрдүүлээд явж байгаа гэв.
Мөн шинээр нэмж авах гэж байгаа техникүүд юниверсал буюу цасаа түрнэ, ардаа давсаа цацдаг байдлаар тоноглогдсон байх гэнэ.
Давс нийлүүлж байгаа компаниуд өөрсдөө шилжилгээ хийгээд хүргэдэг. Нийслэлийн зүгээс ШУА-ийн Химийн хүрээлэнтэй Улаанбаатар хотод хэрэглэх хими, биологийн бүтээгдэхүүнийг магадлуулах гэрээ байгуулсан. Хэрвээ шаардлага хангахгүй давс, бодис орж ирвэл буцаана гэсэн үг.
ИРЭХ ӨВӨЛД 118 МЯНГАН ТОНН САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШ НӨӨЦӨЛЖЭЭ
Нийслэлчүүд жилд дунджаар 600 гаруй мянган тонн шахмал түлш хэрэглэдэг тооцоо бий. 2023-2024 оны өвлийн их ачааллыг давахын тулд одоогийн байдлаар 118 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцөлсөн байна. Энэ нь Улаанбаатар хотын 45 хоногийн хэрэглээний нөөц гэсэн үг.
Ийм хэмжээний нөөц бүрдүүлсэн байхад шахмал түлшний хомсдол үүсэхгүй гэдгийг Эрчим хүчний Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавихбэх мэдэгдэв.
Түүнчлэн өнгөрсөн жилүүдэд ийм хэмжээний нөөцтэй байхад өвлийг эрсдэлгүй давсан гэв. Мөн сайжруулсан шахмал түлшний чанар стандартын хувьд Монгол Улсын стандартад бүрэн нийцсэн гэдгийг тодотгосон юм.
Сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэх процесст өдөр бүр мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тавьж байдаг. Одоогоор Монгол Улсын стандартын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн тохиолдол гараагүй байна. Тийм бүтээгдэхүүн гарвал шууд үйлдвэрлэлийг зогсоож, залруулдаг учраас түлшинд ямар нэгэн асуудал байхгүй гэдгийг итгэлтэй хэлье гэсэн юм.