Украин болон түүний холбоотон орнуудын цэргийн сургуулилалт сүүлийн үед эрчимжиж байна. Энэ хүрээнд Их Британи анх удаа цэргүүдээ Украинд байрлуулж магадгүй болжээ. Их Британийн Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Грант Шаппс хэвлэлд ярилцлага өгөхдөө энэ талаар мэдэгдсэн.
"Цэргийн сургалтыг Украинд ойртуулах талаар ярилцсан. Ялангуяа Украины баруун хэсэгт дэвшил гаргах боломж бий гэж бодож байна. Сургалтаас гадна "BAE Systems" зэрэг Британийн батлан хамгаалахын компаниуд тус улсад үйлдвэрлэлээ шилжүүлж байна. Би Британийн бусад компаниуд ч мөн адил зүйлийг хийж, өөрсдийн үүргээ биелүүлээсэй гэж хүсч байна" гэж тэр ярьжээ.
Мөн Их Британийн Тэнгисийн цэргийн хүчин Украинд Хар тэнгист тусалж болох юм гэсэн санааг Шаппс дэвшүүлэв. "Бид сүүлийн нэг сарын хугацаанд Хар тэнгис болон Крымд 2014 оноос хойш анх удаа болж буй үйл явдлуудыг харлаа. Их Британи бол тэнгисийн цэргийн улс. Тиймээс бид тусалж, зөвлөгөө өгч чадна. Ялангуяа Хар тэнгис бол олон улсын ус. Энэ бүс нутагт ямар нэг байдлаар олон улсын тээвэрлэлт хийхийг зөвшөөрөхгүй гэсэн нөхцөл байдал үүсэхийг бид зөвшөөрөхгүй байх нь чухал. Тиймээс Британийн зүгээс зөвлөгөө өгөх зүйл олон байгаа гэж бодож байна" гэж Шаппс хэлэв.
Дайн 19 дэх сардаа үргэлжлэн сунжирч буй тул Украин олон улсын холбоотнуудын зүгээс ирэх тусламжид найдаж буй. Гэвч мөргөлдөөнийг хурцатгах вий гэсэн болгоомжлолоос үүдэн улс орнууд Украинд цэргээ оруулахаас татгалзаж байна. Харин дээрх төлөвлөгөө нь Их Британи болон бусад холбоотнууд Оростой шууд мөргөлдөөн гарахаас зайлсхийхийн тулд бүс нутагт цэргийн оролцоогоо нэмэгдүүлэхээс зайлсхийж байсан нь эрс өөрчлөгдсөнийг харууллаа.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ