Оросын хувийн цэргийн "Вагнер групп" компанийн тэргүүн агсан Евгений Пригожиний туслахыг Украин дахь хөлсний цэргүүдийг удирдуулахаар томилсон Кремль мэдээллээ. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины зарлигаар Пригожины туслах асан Андрей Трошевыг ийнхүү Вагнерын тэргүүн болгов.
Путин Трошевт хандан хэлэхдээ, түүний ажил бол цэргийн тусгай ажиллагааны бүсэд төрөл бүрийн байлдааны даалгавруудыг гүйцэтгэж чадах сайн дурын ангиудыг бүрдүүлэх асуудал гэжээ.
Хурандаа асан Трошев өмнө нь Афганистан, Чечень, Сирид Оросын армид алба хааж байжээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэвлэлд хэлэхдээ, Трошев одоогоор Батлан хамгаалах яаманд ажилладаг гэсэн байна.
Түүний томилгоо нь Оросын цэргийн албан тушаалтнууд Украин дахь дайны үйл ажиллагаандаа Вагнерыг нэгтгэхээр ажиллаж байгааг харуулж байна.
Өнгөрсөн сард Оросын агаарын орон зайд зорчиж яваад учир битүүлгээр онгоцны дэлбэрэлтэд өртөн амиа алдсан Пригожин гурван сарын өмнө Кремлийн эсрэг зэвсэгт бослого гаргаад бүтэлгүйтсэн юм. Тэрбээр 25 мянга орчим хөлсний цэргээ удирдан Кремлийн зүг хөдөлсөн нь ОХУ-ын эрх баригчдыг багагүй сандаргаж байв.
Вагнерын өлсний цэргүүд Оросын армитай хамтран ажиллаж байхдаа зэвсэгт бослого гаргасныхаа дараа Кремлийн холбоотон Беларусь руу цөлөгдөж, тэнд цэргийн сургалтад хамрагдаж байгаа.
ЭХ ССУРВАЛЖ: THE ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ