"Хэрэв Украин дайнд ялагдвал ОХУ-аас Гүрж эсвэл Балтын орнууд руу дайрна" гэж Гүржийн ерөнхийлөгч Саломе Зурабичвили Литва улсын "LRT" телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.
Зурабичвили хэлэхдээ, "Европ бүхэлдээ, ардчилал болон түүний ирээдүй эрсдэлд байна. Одоо Украинд болж байгаа тулалдаан бол хамгийн чухал. Энэ тулаанд Украин ялна. Учир нь дэлхийн бусад хүмүүст боломжгүй мэт санагдаж байсан ч Киев маш удаан эсэргүүцсэн" гэж дүгнэсэн байна.
"Хэрэв Украин ялагдвал" гэх сэтгүүлчийн асуултад хариулахдаа, тэрбээр "Хэний ээлж ирэх бол? Манайх уу, танайх [Балтийн орнууд – ред.]. Орос улс Украинд зогсохгүй бол бид дараагийнх болно гэж та аль хэдийн хэлсэн. Манай улсад эзлэгдсэн нутаг дэвсгэрт Оросын цэргийн баазууд байдаг" гэжээ.
"ОХУ-ын удирдагч Владимир Путин дайны эхний шатанд аль хэдийн ялагдсан бөгөөд одоо Украин ялах шаардлагатай байна. Энэ нь хүн бүрийг ялалтад хүргэж, энх тайван, тогтвортой байдлыг хангахад тусална" гэж Гүржийн ерөнхийлөгчийн үзэж байна.
"Украин болон түүний ерөнхийлөгчийн үзүүлсэн тэсвэр хатуужил, эр зориг нь Оросын цэргийн хүчийг сөрөн зогсох, ОХУ-ын армитай сөргөлдөх, Кремлийг доог тохуу болгох чадвартай гэдгээ дэлхий нийтэд харуулж байна. Учир нь болж буй бүх зүйл, тодруулбал, цэргийн командлагчдын халаа сэлгээ, цэргийн стратегийн байнгын өөрчлөлт, Пригожинийн хэрэг зэргээс дүгнэвэл Оросын ерөнхийлөгч өөрийн зорилгоо биелүүлж чадаагүйг гэрчилж байна" гэж Зурабичвили онцолжээ.
Өмнө нь Зурабичвили Гүржийн засгийн газар зөвшөөрөөгүй ч Европт дахин айлчлал хийхээр явсан гэж мэдээлсэн. Тодруулбал, Гүржийн засгийн газар өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр Ерөнхийлөгчийн дараагийн саруудад хийхээр төлөвлөсөн 10 орчим айлчлалыг зөвшөөрөөгүй нь тодорхой болсон.
Гэсэн ч Зурабичвили наймдугаар сарын 31-нд Европын холбоо руу нисч, Гүржийн тус холбоонд нэр дэвшигчийн статусыг сурталчлах айлчлал эхэлснийг зарлажээ.
Дараа нь эрх баригч “Гүржийн мөрөөдөл” нам түүнийг үндсэн хууль зөрчсөн хэмээн буруутгаж, импичмент зарлана гэж сүрдүүлсэн ч удалгүй парламентад хангалттай санал аваагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Хариуд нь Зурабичвили засгийн газраас түүнд зөвшөөрөл өгөөгүй, импичментийн ажиллагаа явуулна гэж сүрдүүлсэн ч гадаад айлчлалаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
ЭХ СУРВАЛЖ: UKRAYINSKA PRAVDA
Холбоотой мэдээ