Шведийн Ерөнхий сайд өчигдөр Зэвсэгт хүчний дарга, Цагдаагийн комиссар нартай уулзаж, энэ сард дор хаяж 11 хүний аминд хүрсэн халдлагын дараа гэмт бүлэглэлийн хүчирхийллийг таслан зогсоох арга замын талаар ярилцахаа мэдэгдлээ. Ерөнхий сайд Ульф Кристерссон Баасан гаригт Зэвсэгт хүчний дээд командлагч, үндэсний цагдаагийн комиссартай уулзаж, "зэвсэгт хүчнийхэн гэмт бүлэглэлийн эсрэг үйл ажиллагаанд нь цагдаа нарт хэрхэн тусалж болох талаар" судлах болно гэж мэдэгдэв.
Кристерссон Пүрэв гаригт телевизээр ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ "Шведэд өмнө нь ийм зүйлийг хэзээ ч харж байгаагүй. Европын бусад орнуудад ч ийм зүйл болж байсангүй. Энэ бол Шведийн хувьд хүнд цаг үе. Бид зэвсэгт бүлэглэлүүдийг хайж олоод дарах болно" гэжээ.
Стокгольм хотод Лхагва гаригт буудалцаан болж, хоёр хүн амиа алдсан бол Пүрэв гаригийн үүрээр Уппсала дахь байшинд тэсрэх бөмбөг дэлбэрсний улмаас 20 гаруй насны эмэгтэй амиа алдсан юм.
Шведийн гэмт бүлэглэлийн асуудлыг шийдвэрлэхэд цэрэг арми ямар байдлаар оролцох нь тодорхойгүй байгаа ч өмнөх саналууд нь гэмт хэрэгтэй тэмцэхэд илүү их нөөцийг бий болгохын тулд цагдаа нараас хамгаалах үүргээ цэргүүдэд шилжүүлэхэд чиглэж байсан.
Цэргийнхнийг гэмт хэрэгтэй тэмцэхэд татан оролцуулах нь Шведийн хувьд хачирхалтай алхам байсан ч энэ сарын байдлаар улс даяар өсвөр насныхан болон гэм зэмгүй хүмүүсийг оролцуулан бараг арван хүний амь насыг хохироосон нь бүлэглэлийн хүчирхийлэл ноцтой байгааг харуулж байна.
Шведэд 30,000 орчим хүн гэмт бүлэглэлийн гэмт хэрэгт шууд буюу дам холбоотой байдаг гэж цагдаагийн газрын тооцоолсон байна. Энэ нь томоохон хот суурин газраас өмнө нь хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг ховор байсан жижиг хотуудад ч тархжээ.
Үндэсний цагдаагийн комиссар Андерс Торнберг мэдэгдэлдээ "Швед дэх гэмт хэргийн мөргөлдөөн нь тус улсын аюулгүй байдал, тогтвортой байдалд ноцтой аюул учруулж байна" гэв.
Өнгөрсөн жил Шведэд болсон буудалцаанаар 60 гаруй хүн амиа алдсан нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт юм. Энэ жил ч мөн адил эсвэл нөхцөл байдал бүр дордох хандлагатай байна. Шведийн хэвлэлүүд хүчирхийллийн сүүлийн үеийн өсөлтийг Фокстротын сүлжээ гэгддэг гэмт хэргийн бүлэглэлийн өрсөлдөгч фракцуудын хоорондын сөргөлдөөнтэй холбон тайлбарлаж байна.
ЭХ СУРВАЛЖ: AL-JAZEERA
Холбоотой мэдээ