Хичээлийн шинэ жил эхлээд даруй сарын хугацаа өнгөрч байгаа ч зориулалтын анги танхимгүй сурагчдын эрх зөрчигдсөн хэвээр. Салбарын сайд нь харьяа нэгжүүддээ үүрэг чиглэл өгсөн ч өнөөг хүртэл асуудал шийдэгдсэн зүйл алга. Улсын хэмжээнд нийт 68 сургууль гурван ээлжээр хичээллэх урьдчилсан тооцоололтой байгаа, хичээлийн шинэ жилээс өмнө сургуулиудын багтаамж, түрээсийн байр руу шилжих эсэхийг яаралтай шийднэ гэдгийг Боловсрол шинжлэх ухааны яамнаас наймдугаар сард мэдээлж байв. Гэвч энэ амлалт нь хоосон сайрхал байсан гэдгийг одоо байгаа нөхцөл байдал харуулж байна.
Бид өнгөрсөн сарын 5-нд БШУЯ-наас тайлбар авч, гурван ээлжээр хичээллэж байгаа болон зориулалтын байргүй 10 сургуулийн асуудлыг есдүгээр сардаа багтааж шийднэ гэдгийг мэдээлсэн.
Харамсалтай нь шинэ сар эхэлсэн ч тус сургуулиудын байрны асуудал шийдэгдээгүй байна. Зориулалтын байргүйгээс сурагчдын эрх зөрчигдөж байгаа сургуулиудын тухайд:
- Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургууль,
- Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль,
- Хан-Уул дүүргийн 32 дугаар сургууль,
- Сүхбаатар дүүргийн 71 дүгээр сургууль,
- Баянзүрх дүүргийн 157 дугаар сургууль,
- Хан-Уул дүүргийн 161 дүгээр сургууль зэрэг байгаа.
Тус сургуулиудын удирдлагын зүгээс салбарын яам, боловсролын газартаа удаа дараа хүсэлт өгч, байрны асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн. Тиймдээ ч дээрх 10 сургуулийн тухайд засварын ажил, шинэ анги танхимын ажил нь хоёроос дээш жил болж буй юм. Ганцхан жишээ авахад 12 дугаар сургууль. Сонгинохайрхан дүүргийн тус сургуулийн барилгын ажлыг эрчимжүүлэх, хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулж, хэсэгчлэн хүлээж авах ажлыг зохион байгуулж байгаа. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас баталсан тогтоолд барилгын ажил эрчимтэй явж байгаа барилгуудад төсвийн зохицуулалт хийх асуудлыг шийдсэн. Тухайн сургуулийн хувьд анги танхимтай блокыг 2023 оны арваннэгдүгээр сарын 1-н гэхэд хэсэгчилж хүлээн авахаар төлөвлөсөн.
12 дугаар сургуулийн барилгын энэ оны санхүүжилт 1.3 тэрбум төгрөг. Гэтэл барилгын батлагдсан төсөв 18 тэрбум төгрөг, магадлагдсан төсөв 22 тэрбум төгрөг.
Ийм байдлаар 12 дугаар сургуулийг 2-3 жил барих ёстой байсан. Тийм учраас Засгийн газраас гурван ээлжээр хичээллэх асуудлыг шийдвэрлэх цогц арга хэмжээний хүрээнд барилгын гүйцэтгэгч дээр төсвийн зохицуулалт хийж, хугацаанаас нь өмнө хэсэгчилж хүлээн авахаар болоод буй.
Үүнтэй адил санхүүжилтээс шалтгаалж зориулалтын бус түрээсийн байранд хичээллэж байгаа сурагчид хэдэн мянга байна.
Нийслэлийн боловсролын газраас хичээлийн байргүй сурагчдын асуудлыг 21 хоногт шийдвэрлэхээ мэдэгдсэн. Гэвч албан томилолт, ажил хэрэг нь давхцаж амалсан хугацаанаасаа хожимдож, сургуулиудын байрны асуудлыг шийдвэрлэх болж. Ямартай ч 10 сургуулийн заримтай нь комисс очиж танилцсан бөгөөд цахим хэлбэрээр хичээл нь орж байгаа сурагчдын асуудлыг аль болох яаралтай шийдвэрлэхээр Боловсрол шинжлэх ухааны яамныхан ажиллаж байгаа гэлээ.
Энэ сургуулиудтай холбоотой ажлын явцыг өнөөдөр Нийслэлийн боловсролын газраас мэдээлнэ гэв.
Харин сургуулиудын захиргаа, сурагчид, тэдний эцэг, эхчүүдийн зүгээс хичээл эхлэхтэй зэрэгцэж, ажлаа эхлүүлж, цаг алдаж, хүйт оруулж байгаад гомдолтой байгаа юм. Учир нь тус сургуулиудын байрны асуудал сүүлийн 3-6 сард яригдаагүй, багадаа гурваас дээш жил хөндөгдөж буй. Тиймдээ ч хариуцлагыг хариуцагч эздээс нь нэхэж, эрх нь зөрчигдөж байгаа сурагчдын асуудлыг ойрын хугацаанд цэгцэлж өгөхийг шаарджээ.
Холбоотой мэдээ