М.Баяраа: Хотын ажил нутгархаж, бүлэглэж болдоггүй онцлогтой

Хуучирсан мэдээ: 2023.09.30-нд нийтлэгдсэн

М.Баяраа: Хотын ажил нутгархаж, бүлэглэж болдоггүй онцлогтой

Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудыг тоймлон хүргэж байна.


Б.ЛХАГВАЖАВ: МАН ИРЭХ СОНГУУЛИАР 100 СУУДАЛ АВАХ БАЙХ

Эдийн засагч Б.Лхагважавтай ярилцлаа.


-2016 оноос нэг нам үнэмлэхүй олонхоороо засаглаж байна. Тэр хэрээр чөлөөт эдийн засаг хумигдах болсон. Ирэх сонгуулиар энэ байдал өөрчлөгдөх болов уу. Танд ямар нэгэн таамаглал байна уу. Учир нь Монголын улс төрийн орчноос эдийн засаг, нийгмийн асуудлууд шууд хамаардаг шүү дээ?

-МАН сүүлийн найман жил засаглаж байна. Цаашид ч засаглах хугацаагаа сунгах процессоо Үндсэн хуулийн өөрчлөлт маягийн зүйлээр нэгэнт хийчихлээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр олон зүйл заалтад өөрчлөлт оруулах байсан. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар зөвшилцөх санал нэрийн дор, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг иргэд олон нийтээс асуусан нэр зүүж ганцхан өөрчлөлт оруулж баталлаа. Угтаа УИХ-ын гишүүдийн тоог л нэмж өөрчиллөө. Гишүүдийн тоог нэмэхээс ч илүү улс орны нийгэм, эдийн засагт чухал нөлөө үзүүлэх олон өөрчлөлт оруулах байсан ч чадсангүй. Энэ бол харамсалтай асуудал.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтөөр эрх баригчид өөрсдийнхөө насыг 10-15 жилээр сунгачихлаа. Миний таамаглаж байгаагаар 126 суудлаас 100 суудлыг нь авах байх аа.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


М.БАЯРАА: ХОТЫН АЖИЛ НУТГАРХАЖ, БҮЛЭГЛЭЖ БОЛДОГГҮЙ ОНЦЛОГТОЙ

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраатай ярилцлаа.


-Нийслэлийн зам талбай цас мөсөөр хучигдсан өнгөрсөн нэгдүгээр сард М.Баяраа гэдэг шинэ менежер томилогдсон. Та ажлаа авсан даруйдаа "Улаанбаатар хот хоёрхон цас цэвэрлэх машинтай. Тэр хоёр машин нь дугуйгүй гэж мэдэгдсэн. Тэр үеэс хойш байдал дээрдэв үү. Өвөл өнөө маргаашгүй ирлээ. Асуудлыг шийдвэрлэсэн үү? 

-Ажил авуутаа Хот тохижилтын газар нь машин, техник яагаад явахгүй байгааг газар дээр нь очиж шалгах үед дугуйгүй гэдэг тайлбар өгсөн. Олон нийт ч энэ асуудалд шүүмжлэлтэй хандсан. Байдал ч тийм байсан. Зам талбайн үйлчлэгч нар яагаад маск, бээлийгүй ажиллаж байгаа юм гэдэг шиг энэ бол бидний өдөр тутмын асуудал. Тэр асуудлыг хөндсөнөөс хойш маш хурдан дугуйтай болсон. Өвлийн бэлтгэл ажил дуусах шатандаа орж байна. Бид зам талбайн цэвэрлэгээний үйлчилгээ үзүүлдэг 17 хувийн хэвшилтэй хамтран ажилладаг. Маргааш цас орлоо гэхэд компаниудын 256 тоног төхөөрөмж ажиллахад бэлэн байна.

-Энэ хэмжээний техник хүрэлцээтэй юу?

-Дээрээс нь 185 тоног, төхөөрөмж шинээр авах шаардлагатай. Хотын харьяа байгууллагуудыг нийслэлийн төсвөөс хөрөнгө гаргаж, тоног төхөөрөмжөөр хангах үүрэгтэй. Харин хувийн хэвшлийг гадаад хамтын ажиллагааны хүрээнд дэмжих зарчим барьж байгаа.

Улаанбаатар хот гадаадын олон хоттой ах дүү хамтын ажиллагаатай. Бээжин, Тяньжин, Сөүл, Токио гэх мэт гадаад түншүүдтэй бодит эдийн засгийн хамтын ажиллагааг бий болгоё гэдэг зарчим.

Зүгээр нэг хоорондоо аялаад, дарга нар айлчлаад байх биш. Ажил хэрэгч байдлаар хандая гэж байгаа юм.

БНХАУ-ын Чунчинь хотын худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчидтэй Монголын компаниудад хүү багатай эх үүсвэр бий болгож өгөх хэлэлцээ хийсэн. Манай аж ахуйн нэгжүүд 15-20 жилийн урт хугацааны гэрээтэй хамтран ажилладаг учраас баталгаатай гэдгийг ойлгуулсан.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


"ЦУС ӨТГӨН, СТРЕСС ИХ БАЙХ НЬ ЗҮРХНИЙ ШИГДЭЭС ҮҮСЭХ ЭРСДЭЛ БОЛДОГ"

Сонгдо эмнэлгийн Зүрх судас, цээжний хөндийн мэс засалч Б.Хашчулуунтай ярилцлаа. 


-Сүүлийн үед "унтаад сэрсэнгүй" гэх харамсалтай тохиолдол гарах боллоо. Ялангуяа залуу, идэр насныханд цөөнгүй тохиолдож байна. Зарим эмч нарын зүгээс covid-19-ийн өвчлөлөөс болж байгааг сануулах болсон. Та энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Статистик тоон мэдээлэлд тулгуурлаж харьцуулж байж тийм эсэхийг хэлэх боломжтой. Амьсгал, зүрх судасны систем хоорондоо салшгүй холбоотой. Covid-19 бол амьсгалын замын халдварт өвчин. Үүнээс шалтгаалж энэ өвчнөөр өвдсөн тохиолдолд амьсгал дутагдаж, тухайн хүний зүрхний үйл ажиллагаа доголдох эрсдэл үүсдэг. Хам шинжид мэдээж суурь өвчлөл нөлөөлдөг. Одоогоор өвдөнө гэх зовиур байхгүй ч далд хүчин зүйлс нөлөөлдөг гэсэн үг.

Цус өтгөн, өөх тосны хэмжээ өндөр, таргалалттай байх, стресс их, даралт өндөр байх зэрэг нь шигдээс үүсэх эрсдэл болдог.

Өөрөөр хэлбэл дээрх шинж тэмдэг нас хамаарахгүй зүрх судасны нарийсал үүсгэж аажимдаа нэг өдөр зүрх зогсоход хүргэдэг.

-Цус өтгөрөлтийг яаж мэдэх вэ. Иргэд цус өтгөн байна гэж дур зоргоороо эм авч уудаг. Энэ нь хэр эрсдэлтэй вэ?

-Эмчид үзүүлэхгүйгээр дур мэдэн өөрийгөө оношилж, эмчилгээ хийнэ гэдэг боломжгүй зүйл. Заавал нарийн мэргэжлийн эмчид үзүүлж байж онош тодорхой болж, үүний дараагаар ямар эм, тариа хэрэглэх, хэрхэн эмчлэх арга зүй тодорхой болно.

Хүмүүс харвалт ихэсч байгааг цар тахалтай шууд холбож ойлгох нь ихэссэн. Мэдээж Covid-19 зүрхний өвчлөлд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн үү гэвэл тийм. Хамгийн гол зүйл нь цус өтгөрөлттэй холбоотой.

Цус шингэн байх ёстой. Covid-19-өөр өвдсөн хүмүүс заавал дархлаагаа дэмжиж, вирусын эсрэг эмчилгээ хийлгэсэн байх ёстой. Дээрээс нь одоо хүйтний улирал эхэлж байна. Энэ үед заавал халуун шингэн  тогтмол ууж, дулаан хувцаслаж, маск зүүх хэрэгтэй. Ингэснээр амьсгалын замын халдварт өвчнөөр өвдөхгүй бөгөөд зүрхний аливаа өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлж байгаа хэлбэр юм.

үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж