Нийслэлд нэн яаралтай худалдан авах шаардлагатай нийтийн тээврийг үндэсний аюулгүй байдалтай хамааралтай асуудал гэж үзэж төр орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах хуулиас гадуур авсан шинэ, хуучин нь ойлгогдохгүй байгаа тус бүр нь 400 шахам саяын үнэтэй, нийт 318 тэрбумын автобуснуудтай иргэд танилцаж цахим орчинд шуугиан дэгдээд байна.
Үүнтэй холбоотойгоор цаг үеийн асуудлаар НИТХ төлөөлөгч М.Тулгат:
НИТХ-д АН-г төлөөлөн ажиллаж байгаа миний бие болон АН-ын төлөөлөгчид өнгөрсөн 7 жилийн хугацаанд Улаанбаатар хотын эрх баригчдыг шахаж шаардаж шүүмжилж, өөрсдийн санаа бодлоо ойлгуулах гэж их хичээн чармайж ажилласан хэдий ч бидний үгийг нохой хуцсаны чинээ ч үл тоож байна.
100 жилийн гоё түүхтэй гэж өөрсдийгөө магтан сурталчилдаг МАН-ын улс төрийн соёл нь НИТХ-д суугаа цөөнхийн хэдхэн төлөөлөгчдийг үг хэлэхээр өөдөөс нь салаавч гаргаж, толгой түрүүгүй загнах явдал бололтой юм.
Эрх мэдэл, мөнгө санхүү, аппарат удирдлага бүх юм нь байсаар байтал нийслэлийн МАН, нийслэлийн удирдлага бүхэл бүтэн 7 жилийг урсгалаар нь өнгөрүүллээ. Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн 3 жил олоигтой юм хийсэнүй ээ. Үүний томоохон жишээ нь өнгөрсөн зуны их үер, замын бөглөө таглаа, утаа униар, хог шороо, авилгал.
Хамгийн сүүлийнх нь ногоон автобус. Үүнд өгөх хариулт Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар танд байна уу.
Нийслэлийн Засаг дарга, нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар та гоёж чимсэн хээнцэр, сүржин үгээр хөөцөлдөх, өнгөрснөөс шалтаг хайж гоншигнож суухаасаа илүүтэй нийслэлийн тулгамдсан асуудлын нөхцөл байдлаа бодитой үнэлж, алдаа оноогоо дэнслэх нь зүйд илүү нийцнэ гэж үзэж байна.
Улс төрийн нам нь улс орны хөгжлийн төлөөх бодлогоо танилцуулж, сонгогчдодоо итгүүлж үнэмшүүлэн, засгийн эрхийг авсныхаа дараа эргэлзэж тээнэгэлзэлгүйгээр түүнийгээ хэрэгжүүлж байх ёстой, уг нь.Гэтэл Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар таны ажил үүнд нийцэхгүй байна. Иймд таныг албан тушаалаасаа огцорч илүү сайн ажиллах хүнд суудлаа тавьж өгнө үү гэж шаардаж байна.
Нийслэлийг тойрсон олон хүнд асуудлууд шийдлээ олохгүй ужгирч овоорсоор, нэг жил ч гэсэн танаар удирдуулж гамшгийг нэмэгдүүлмээргүй байгааг иргэд олон нийт ихээр хүсч байгаад эргэлзэх хэрэггүй.
Холбоотой мэдээ