Украин дахь дайнтай холбоотойгоор Польш, Беларусийн хооронд хурцадмал байдал үүссэн. Тэгвэл Польшийн нисдэг тэрэг Беларусийн агаарын орон зайг зөрчсөн талаар Минскийн Батлан хамгаалах яам өчигдөр /2023.09.28/ мэдэгдлээ.
Нисдэг тэрэг орон нутгийн цагаар Пүрэв гаригийн 15:20 минут орчимд Беларусийн хилээр нэвтэрч, 1.5 км хүртэл гүнд ниссэн. Улмаар 16:22 минутад дахин хил зөрчиж, 300 метрийн гүнд хүртэл нисчээ. ОХУ-ын ойрын холбоотон Беларусь хариуд нь цэргийн нисэх онгоцоо илгээсэн байна.
Польшийн тал Беларусийн мэдэгдлийг хүлээн зөвшөөрөөгүй. "Нислэгийн удирдлагын станцууд болон радарын станцуудын бүртгэлүүд ийм үйл явдал болоогүй гэдгийг баталж байна. Польшийн арми хилийн халдашгүй дархан байдлын талаарх бүх заалт, дүрмийг хүндэтгэн, дагаж мөрддөг" гэж армиас мэдэгджээ.
Беларусийн тал агаарын орон зай зөрчсөн гэх хэрэгт Польшийг удаа дараа буруутгаж байв. Беларусийн Гадаад хэргийн яам Польшийн Хэргийг түр хамаарагч Марчин Войцеховскийг дуудаж, эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Мөн хэрэг явдлыг бодитой шалгаж, цаашид ийм хэрэг гаргахгүй байх тал дээр анхаарал хандуулахыг хүсчээ. ОХУ болон Беларусь улсууд өнгөрсөн долоо хоногт Польшийг түрэмгий орон гэж зарлаад, анхааралтай ажиглаж байгаа гэж мэдэгдсэн.
Эх сурвалж: AL JAZEERA