Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны төв, хангайн бүсийн чуулган Дархан-Уул аймагт болж байна. Бүсийн чуулганд МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, СДМЭХ-ны ерөнхийлөгч Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн, СДМЭХ-ны дэд ерөнхийлөгч Д.Өнөрболор, УИХ-ын гишүүн, СДМЭХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Б.Баярсайхан, МАН-ын ЕНБД-ын зөвлөх, СДМЭХ-ны Хяналтын хорооны дарга Ц.Оюундарь нар оролцож байна. СДМЭХ-ны аймгуудын салбар холбоодын бүсийн чуулганыг нээж, СДМЭХ-ны ерөнхийлөгч Х.Булгантуяа үг хэллээ.
Мөн МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэндчилгээг уламжиллаа. Чуулганд салбар бүрийн төлөөлөл болсон Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Дархан-Уул аймгийн СДМЭХ-ны салбар зөвлөлийн 400 орчим гишүүд оролцож байна. Тэд хоёр өдрийн турш чуулах бөгөөд улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, нийгэм, эрүүл мэнд, боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар зөвлөлдөж, эмэгтэйчүүд бүс нутгийн хөгжил, Шинэ сэргэлтийн бодлогод туссан зургаан бодлогыг хэрэгжүүлэхэд эмэгтэйчүүд хэрхэн оролцох талаар санал солилцож байгаагаараа онцлог юм.
Энэ жилийн бүсийн чуулган Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа -2050”, уг бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг олны хүртээл болгох, түгээн дэлгэрүүлэх, 2024 оны УИХ болон орон нутгийн сонгуулийг угтсан бэлтгэл ажлын хүрээнд харилцан туршлага судлах, тогтвортой хөгжлийг дэмжих санал, санаачилгыг ажил хэрэг болгоход чиглэж байна. Чуулганы үеэр СДМЭХ-ны Ерөнхийлөгч Х.Булгантуяа чуулганаас гаргасан саналуудыг нэгтгэн, аймаг, орон нутгийн мөрийн хөтөлбөрт тусгах, Засгийн газрын хөгжлийн бодлогод оруулахад анхаарч ажиллахаа мэдэгдлээ.
Холбоотой мэдээ